2021 оны “ӨСВӨР ҮЕИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН 7 ХОНОГ” нь 4 дүгээр сарын 5 -11-ний өдрүүдэд тохиож байна.
Энэ өдөртэй холбогдуулан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөсөсвөр насныханд тулгамдаж буй эрүүл мэндийн өвөрмөц асуудлуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, анхаарлыг хандуулах, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн болон өсвөр үеийнхний өөрсдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “ӨСВӨР ҮЕИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН 7 ХОНОГ”-ийг арга хэмжээг эхлүүлж байна.
Дэлхий дахинаа хүүхэд, өсвөр насныхны 20 хувь нь сэтгэц, зан үйлийн эмгэгтэй байгаа ба сэтгэцийн ихэнхи эмгэг хүүхэд, өсвөр насанд эхлэн илэрдэг гэсэн ДЭМБ-ын тооцоо судалгаа байдаг.
Манай улсад өсвөр насныхны сэтгэл хөдлөл, зан үйлийн илрэлүүд, тэдгээрийн тархалт, түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлс, эмгэгт өртөх ба өвчлөх эрсдэлт хүчин зүйлс, эмнэлзүйн шинжүүдийг судлах зорилгоор СЭМҮТ-ийн дэд захирал АУ-ны доктор В.Баярмаа 2013-2017 оны хооронд дээрх судалгааг хийсэн. Судалгаанд нийт хот, хөдөөгийн 2250 хүүхэд, 1959 эцэг эх, асран хамгаалагч, 72 анги удирдсан багшийг хамруулан судалжээ.
Судалгааны дүнд хөвгүүдэд анхаарал дутмагшил – хэт хөдөлгөөнтөх ба зан үйлийн өөрчлөлт (компьютер тоглох, худал ярих, хулгай хийх, зодолдох), охидод сэтгэл хөдлөлийн өөрчлөлт (сэтгэлээр унах, гуниглах, сэтгэл түгших), нийтэч зан давамгайлан , мөн түүнчлэн анхаарал тогтворгүй байх 47.5 хувь, нойр хямрах 15 хувь, толгой өвдөх 15 хувь зэрэг бусад шинжүүд түгээмэл илэрч байсан юм.
Хэрэв та судалгааны дэлгэрэнгүй үр дүнтэй танилцахыг хүсвэл СЭМҮТ-ийн номын санд хандаарай.