Б.Одонтунгалаг: Дэлхий нийтээрээ санхүүгийн боловсролд анхаарч байна
Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай санхүүгийн боловсролын Олон Улсын арга хэмжээний талаар ярилцлаа.
Юуны өмнө иргэдийн санхүүгийн боловсролын асуудлаар яриагаа эхлэе. Яагаад санхүүгийн боловсролд анхаарч байгаа болон хөтөлбөрийн талаар мэдээлэл өгнө үү.
Аливаа улс орны санхүү, эдийн засгийн тогтвортой байдалд иргэдийн санхүүгийн боловсрол чухал нөлөөтэй байдгийг дэлхий нийтээрээ анхаарч байна. 2000 оны дундаас эхлэн Олон Улсын байгууллагууд манай иргэдийн санхүүгийн мэдлэг, боловсролын түвшинг бусад орныхтой харьцуулсан судалгаанууд хийсэн. Судалгааны үр дүн нь төдий л хангалтай биш гэж дүгнэгдсэн байдаг. Санхүүгийн хямрал нь нэг улсын бус бүс нутгийг хамардаг учраас бодлого боловсруулагчдын хувьд иргэд, олон нийтийн санхүүгийн боловсролд анхаарах шаардлагатай тулгарсан. Тиймээс ч бодлогын баримт бичгүүдэд онцгойлон энэ асуудлыг тусгах болсон. Тухайлбал, Азийн санхүүгийн хямрал дээр ярья. 1990-ээд оны сүүлийн үеийн санхүүгийн хямралуудын дараа 2000 оноос эхлэн Япон, Голланд, Шинэ Зеланд, Сингапур, Их Британи болон АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнууд санхүүгийн боловсролыг дээшлүүлэх асуудлыг бодлогын хэмжээнд авч үзэх болсон. 2011 онд хөгжсөн болон хөгжиж буй 26 орон санхүүгийн мэдлэг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдаг бол 2021 онд 129 орон болж тэлсээр байна. Манай улсын хувьд 2016 оноос “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг Монголбанк, Сангийн яам, БШУЯ, СЗХ-той хамтран хэрэгжүүлж байна. Санхүү, эдийн засгийн мэдлэгийг олгох чиглэлээр бид төрийн болон төрийн бус байгуллага, олон улсын байгуллагуудтай хамтран хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлуудыг хийхээр зорин ажиллаж байна.
Монголбанк төрийн болон хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай хамтран “Дэлхийн Мөнгөний Долоо хоног 2021” /Global Money Week 2021/ арга хэмжээг зохион байгуулж буйтай холбогдуулан манай уншигчдад мэдээлэл өгнө үү.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Санхүүгийн боловсролын олон улсын сүлжээ (OECD/INFE)-ээс “Дэлхийн Мөнгөний Долоо Хоног” олон улсын хүүхэд, залуучуудын аяныг 2012 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сард зохион байгуулдаг уламжлал нэгэнт тогтож, улс орнууд идэвхтэй оролцдог болсон. Энэ хугацаанд нийт 175 улс орны 40 гаруй сая хүүхэд, залууст энэхүү аянаар дамжуулан мөнгөө оновчтой зарцуулах, хуримтлуулах дадал хэвшилд суралцахад чиглэсэн сургалт, мэдлэг мэдээллийг түгээсэн гэсэн тайлант мэдээ бий. Олон нийтийн санхүүгийн харилцаанд энэ жилийн хувьд цар тахлын хөл хорионы улмаас ердийн үеийнхээс өөр нөхцөл байдал тулгарч байна. Ялангуяа гэнэтийн хэрэгцээ шаардлагатай үед мөнгөн хуримтлалтай байх, зардлаа хэмнэж, хүсэл дагасан бус яг л хэрэгцээндээ шаардлагатай хэрэглээнд мөнгөө зарцуулах шаардлага үүсэж байна. Үүнээс гадна, онлайн хэрэглээнд илүүтэй шилжсэн энэ үед санхүүгийн луйварт өртөх магадлал нэмэгдсэн тул эрсдэлээс хэрхэн өөрийгөө болон бусдыг сэргийлэх, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ зөв сонгох гэх мэтчлэн санхүүгийн мэдлэг боловсрол, төлөвлөлт иргэдэд нэн чухал байна. Ийм үед “Дэлхийн мөнгөний долоо хоног”-аяныг улс орнууд хэрэгжүүлж байгаа нь иргэдийг энэ төрлийн мэдээлэлд илүүтэй анхаарал тавих боломжийг олгож байна.
Монгол Улс Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Олон Улсын Санхүүгийн боловсролын сүлжээний гишүүн улсын хувьд энэхүү аянд 2013 оноос нэгдэж, дэлхийн нийтийн санхүүгийн боловсролыг түгээх арга барил, стратегийн дагуу иргэдэд санхүүгийн мэдлэг боловсролыг түгээх төрөл бүрийн үйл ажиллагаануудыг зохион байгуулж ирсэн.
Энэ жил “Дэлхийн Мөнгөний Долоо Хоног-2021” аяныг “Суралц, Хуримтлуул, Өсгө” уриан дор дэлхий нийтээр тэмдэглэж байна. Манай улсын хувьд Монголбанк, БШУЯ, Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн Даатгалын Корпораци, Гэр бүл хүүхэд залуучуудын газар, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, Насан Туршийн боловсролын төв болон бусад төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллагууд хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд 7 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ хүрээнд 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 4 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд хүүхэд, залуучуудад болон иргэдэд зориулсан арга хэмжээнүүдийг цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулахаар ажиллаж байна.
Тэгвэл энэ жилийн хувьд “Дэлхийн Мөнгөний Долоо хоног” аянаар дамжуулж хүүхэд залууст санхүүгийн боловсролын хүрээнд ямар мэдлэг мэдээллийг илүүтэй түгээх вэ?
Хүүхэд, залуучуудад бэлэн мөнгөтэй харилцах соёл, хуримтлал болон хэрэглээний шийдвэр гаргалтад туслах мэдлэг мэдээллийг олгоно. Харин насанд хүрэгчдэд сүүлийн жилүүдэд хэрэглээнд нэвтрээд байгаа цахим мөнгө, түүний хэрэглээ болон ялангуяа, блок чейн технологтой холбоотой мэдээлэлд нэлээд тодорхой ойлголтуудыг өгөхөд анхаарч байна. Дашрамд хэлэхэд жил ирэх тусам уг аянд хамтран нэгдэх байгууллагуудын тоо нэмэгдэж, санхүүгийн мэдлэг боловсролыг илүү олон хүнд олгох боломжийг нэмэгдүүлж байна. Ялангуяа, цар тахлын хүнд нөхцөл байдлын үед олон нийтэд шаардлагатай байгаа санхүүгийн мэдлэг боловсролыг олгох сургалт, семинар, мэдээ, мэдээллийг мэргэжлийн байгууллагуудын тал бүрийн оролцоотойгоор зохион байгуулна гэдэг бол аяны ачхолбогдлыг тал бүртээ ойлгож хүлээж авч буйгийн илрэл гэж бодож байна. Бид хамтраад цаг үеийн нөхцөл байдлаас хамааран цахим талбаруудыг өргөн хүрээнд ашиглан ажиллаж байна.
“Дэлхийн Мөнгөний Долоо Хоног-2021” аяны хүрээнд ямар үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?
Цар тахлын өнөөгийн нөхцөл байдлын улмаас олон нийтийг хамарсан үйл ажиллагаануудыг хязгаарлаж байгаа ч бидний зүгээс цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслийг идэвхтэй ашиглаж байна. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Их дээд сургуулийн оюутнуудад мөнгөн хуримтлал үүсгэхийн ач ходбогдол болон мөнгөө зарцуулахдаа юуны өмнө зайлшгүй авах ёстой эд зүйл мөн эсэхээ тунгаан бодож, шийдвэрээ гаргадаг байхад нь туслах зорилгоор “Мөнгөө хэрхэн удирдах вэ”, “Хувь хүний санхүү ба өрхийн төсөв”, “Зардал ба хуримтлал”, “Цахим мөнгө” зэрэг сэдвээр цахим сургалтууд, уралдаан тэмцээнүүд, мэдлэг олгох зөвлөгөө мэдээллүүдийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг дамжуулан олгох болно. Нэгдсэн мэдээллүүдээ бид www.mongolbank.mn, www.sankhuugiinbolovsrol.mn сайт болон “санхүүгийн боловсрол” пэйжээр хуудсаараа олгож байна.
Ярилцсанд баярлалаа.