НийгэмFocusШинэ мэдээ

Г.Нэргүй: СХД-ийн 26 дугаар хороо хамгийн их эрсдэлтэй байна

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйгээс тодрууллаа.

-Урин дулааны цаг болж байгаа учраас шар усны үеэр нэмэгдэх хандлагатай байгаа. Нийслэлийн хэмжээнд нөхцөл байдал ямар байна вэ?

-Цаг агаар дулаарч байгаа учраас уул, гуу жалга, гол мөрний цас хайлж, гэр хорооллын зарим газраас хөрсний ус гарч халиа үүсэж, айл өр, гудамж талбай усанд автаж, шар усны үерт өртөх эрсдэл өндөр байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын 2020 оны А27 дугаар захирамжын шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг холбогдох байгууллагад үүрэгдсэн. Сонгинохайрхан дүүргийн 26, 27, 40,  Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт халиа дошин хайлж, айл өрх гудамж талбай усанд автлаа гэсэн дуудлага бүртгэгдсэнээс зургаан айл усанд автсан байсан. Эдгээр айл өрхөөс таван өрхийг нүүлгэн шилжүүллээ. Нэг айл нь нүүхгүй, өөрсдөө аюулгүй байдлаа хангана гэсэн. Зарим айлын хашааны усыг зөөж, зайлуулахаас гадна жалгын мөстсөн талбайд 1500 суваг татаж, мөс ачиж зайлуулах гүүр доорх гарцыг нээх ажлыг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа газруудын 73 алба хаагч, 25 техникийн хэрэгсэлтэй ажиллаж байна. Хамгийн сүүлд өнөөдөр /2021.03.22/ Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 гаруй айлын хашаа руу булгийн халианы ус орохоос сэргийлж,дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Тохижолт нийтийн аж ахуйн хэлтэс, Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв хамтран текник хэрэгслийн хүчээр суваг татаж ажиллаа. 

-Эрсдэлтэй хороодын асуудал хэдийд цэгцрэхээр байна вэ?

 -Хаврын эхэн саруудад хүндрэл үүсдэг ч бусад үед гайгүй байдаг учраас иргэд тоохгүй суурьшдаг. Ер нь жил бүрийн хавар иймэрхүү хүндрэл гардаг. Ер нь үерийн далан болон гуу жалга дагаж буусан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй. Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргээс гадна Чингэлтэй дүүргийн Ногоон нуур орчим, Баянзүрх дүүргийн Нарантуул худалдааны төвийн зүүн талын гэр хорооллын орчимд маш их халиа хайлж, шар усны үерт автдаг. Тэр хэрээр иргэдийн амьдрах орчин, эрүүл мэнд, эд хөрөнгө аюулд өртдөг. Дүүргүүд ч үерийн хамгаалалтын барилга байгууламжийг сайжруулах, эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхийг өөр газар руу нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах хэрэгтэй байна. Мөн үерийн хамгаалалт болон хөрсний ус зайлуулах гамшиг ослын үед ажиллах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Шуудхан хэлэхэд, ард иргэд шар усны үеэр гэхээр онцгой байдлынхан очиж соруулаад болчихно гэж өрөөсгөл ойлгодог нь эрсдэлтэй бүсэд буухад хүргэдэг байх талтай.

-Үерийн бүсэд буусан айл өрх бүгд зөвшөөрөлтэй байна уу. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломж бий юу?

 -Айл өрх оршин суудаг зөвшөөрөлтэй бүсүүд байгаа. Зөвшөөрөлгүй дур зоргоороо буусан айлууд ч байна. Ер нь жил бүр халиа  үүсдэг. Яг энэ эрсдэлтэй хэсэг гэж тооцох боломжгүй. Хаана ч гарч мэднэ. Гэхдээ дээр дурьдсан хороод хамгийн их эрсдэлтэй. Урьдчилан сэргийлэхийн тулд нүүх л хэрэгтэй. Гэвч иргэдийн хувьд байшин, гэр орон, хашаа хороо гээд эд хөрөнгө нь учраас шууд нүүх боломжгүй. Тиймээс дэд бүтцийг нь шийдэх л хамгийн зөв гарц болчихоод байна. Олон удаа шаардах хуудас өгч албадан нүүлгэх асуудал яригдаг ч бодит байдал дээр хэрэгждэггүй. Цагдаагийн байгууллага, Газрын алба,  Мэргэжлийн хяналтын байгууллагаас албадан нүүлгэсэн ч хоёр сарын дараа буцаж ирээд буучихдаг. Шар усны үер, халианы тухайд улирлын шинж чанартай үүсдэг ч тавдугаар сарын 20-ноос хойш гайгүй болдог болохоор иргэд ч тайвширдаг тал бий.

-Хашаа гэр нь усанд автсан айл өрхийн усыг соруулах ажилд хэр их хүч хөрөнгө зарцуулж байна вэ?

-Холбогдох газруудтай хамтраад ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо хамгийн эрсдэлтэй байгаа. Өнөөдрийн байдлаар 73 алба хаагч, 25 техникийн хэрэгсэлтэй өдөр шөнөгүй ус соруулж, элс зөөж асгаж аюулгүй байдлыг хангаж байгаа боловч харамсалтай нь ус нь хальж гарч ирээд асуудлыг шууд шийдвэрлэхэд хүндрэлтэй байна. Онцгой байдлын алба хаагчид өдөр шөнөгүй ажиллаж байгаа боловч хүн хүчний асуудалтай. Дээр нь ковид, ахуйн болон ойн түймэр, эрэн хайх аврах ажиллагааны дуудлага их байдаг. Гэтэл иргэд онцгой байдлын алба хаагчид дуудлага өгөөд ирэхгүй байна гэдэг. Бидний зүгээс мэргэжлийн байгууллагатай хамтарч үндсэн үүргээ гүйцэтгэж байгаа.

-Зарим айл өрхийг нүүлгэж байгаа гэсэн. Хаашаа нүүлгэж байгаа юм бэ?

-Дүүргийн Засаг дарга, хороотой хамтарч тухайн айлтайгаа тохиролцож, нүүлгэж байгаа. Хүчээр нүүлгэх боломжгүй. Ер нь айл өрхүүд суурьшсан газраасаа нүүх сонирхолгүй байдаг юм.

Усанд автсан айлуудын хохирлыг тогтоох боломжтой юу?

 -Эрсдэлийн үнэлгээ хийж болно. Эрсдэлийн үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар хийлгэдэг. Одоогийн байдлаар манай улсад гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийдэг 23 байгууллага бий. Иргэн, аж ахуйн нэгж төлбөрөө төлөөд эрсдэлийн үнэлгээг хийлгэж, хохирлоо тогтоолгож болох ч хохирол хэнээс болж үүссэн, хэрхэн хохирлыг барагдуулах вэ гэдэг асуудал тодорхой бус.

Шар усны үертэй хамт халдварт өвчин гарах эрсдэлтэй ихсэнэ биз?

-Эрсдэл маш өндөр. Айлуудын жорлон усаар дүүрээд хөлдчихсөн байгаа. Дулаараад хайлахаар халдварт өвчин гарах эрсдэл нэмэгддэг. Ямартай ч эрсдэлийг тооцоолж, мэргэжлийн байгууллагууд халдваргүйжилт хийж л байна.

Эх сурвалж: ОБЕГ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close