НийтлэлОнцлох

Монголын үнэртэй юу бидэнд үлдэв?

Өөрийгөө хар даа, тэгээд дараа нь намайг хар. Шаргын говийн шар хүүхэнд монгол хацар, монгол сэтгэл, монгол зүрхнээс өөр юу үлдэв?

Хааяахан гоёдог хэдэн дээл, харахаас хазахын заяа үгүй монгол ахуй, хаа таарсан газар хантайрч морддог хэний ч юм бэ адуу, хаа холыг туулахдаа бууж морддог хөдөөх эгэл айлууд… халаалттай байранд төрж, халаалттай байранд хоргодож, хавар зундаа хайрхан уулсдаа салхилж, хаяагаа сөхсөн малчны гараас ааруул ээзгий авч, цахилгаан зуухан дээр өрөм хайлж, хайлмаг хутгаж, аарц буцалгаж, ааруул идэж, бууз хуушуур чимхсэнээ Монголоороо оршиж байна хэмээн эндүүрсэн бидний энэ цаг.

Нэг хэсэг нь элит гэж эндүүрээд, энүүхэн хотын төв, хогшил хөрөнгө, уншдаг ч юм уу, үгүй ч юм уу хураасан ном, худал үнэн өргөмжлөлд үе дамжин үрэгдэнэ. Нөгөө хэсэг нь хотын иргэн болох гэж хогон дотор, жалга судагт гэрээ бариад, амьдрах гэж аргаа барж, зохицох гэж зовхио буулгана.

Хэдэн мал, хэдэн зууны нүүдэл, хэдэн үеийн ёс заншлаа үүрч үлдсэн өнөө хэдэн малчинд маань бэлчээр үгүй, ус үгүй, хүндлэл үгүй, нэр үгүй. Эзэн хааны үлдээсэн энэ уудам газар нутаг, унтаад босоход алдчихсан ч байж мэдэх хил хязгаар, дотогшоо хумиад зарчихсан ч байж магад нутгийн дээс, угтаа ухаж сэндийлж ч байж болох алсын алсын тал говиудад эзэн болж, энд Монгол оршиж байна гэдгийг мэдүүлж, мэдэж амьдардаг малчин хүнийг аль ч цаг үед ойлгож хүндлэх сэтгэл бидэнд байх учиртай.

Алдагдаж буй ёс заншлын минь алсарч буй сүүлчийн сэжүүр, сөхөрч буй эх Монголын минь сөгдөж аргадсан сүүлчийн оршихуй гэдгийг хүлээн зөвшөөрч, хүрэлцэж болох бүхнээр дэмжих ёстой. Өвлийн уртаас урт саруудыг арай ядан давж, хаврын урьтай дөнгөж золгоод хачин харамсалтайгаар амь тавьж буй адуу, сөхөрч ойччихоод өндийж чадахгүй байсаар нялх ногооны үнэр аваад л үхэж буй үхэр, шар усны үер, салхи шуурганд сүргээрээ хиарч буй хонь ямаа, элчилгүй говьд ус хайсаар элгээрээ унасан тэмээ… энэ бүхэн өнөөдрийн Монгол юм. Шуурганд уруудсан малтайгаа хамт шороонд булуулан амиа алдсан малчид Монгол минь юм.

Тэд бол Монгол гэдгийг минь батлах, Монгол оршин буйг гэрчлэх сүүлчийн оршихуй. Бага хаадын тулаан, барж идэх гэсэн гаднын дарангуйлагчид талын нэг тараад нүүчихдэг энэ Монголыг цуглуулж зажилж, цувуулж залгих гээд нүүдэлчний ухаан, нүүдлийн зам хоёрт хэдэн зуундаа цуцаж, хэдхэн алхаад ялагдаж ирсэн юм. Өөрийгөө хар даа, тэгээд дараа нь өнөө сүрхий намайг хар.

Хэдэн тэрбумаараа хөлхөж л байдаг, мөлхөж л байдаг зүгээр л нэг ази царай. Байдаг л нэг шавааралдсан байшин, байдаг л нэг давчуу гудамж, байдаг ч нэг бужигнасан будааны хүүхдүүд…хагас соёлжиж, хагас төөрөлдсөн бүхэл бүтэн үе. Усанд орж сурсан, унаган зүсээ гоодож сурсан, хэдэн хувцсаа угааж сурсан, хэдэн гадаад үг хэлхэж сурсан, тэгээд тэнгэрт дүүлсний чинээ санаж, тэртээ дээрээс хэдэн малчнаа мал гэж хардаг болсон, энэ тэгээд дэвшил юм уу, хөгжил гээч нь үү?

Хаяад удсан монгол ахуйн хаана нь хөгжил байсныг, хаахна нь Монголоо авч үлдэх цөлх ухаан, цөм бодлого байсныг бид өөрсдөө ойлгосон бил үү? Хааяахан гоёдог дээл минь монгол гэдгийг нотлох уу, ханандаа өлгөсөн морин хуур батлах уу?

Биднийг Монгол гэдгийг, Монгол оршсоор байгаа гэдгийг амьдралаараа, асуултаараа, амиараа, адармаат энэ нүүдлийн замаар гэрчилж оршдог малчдаа, малаа хайрлах сэтгэл ядаж л бидэнд үлдсэн байгаасай.

Хэчнээн эвдэрсэн ч, хэчнээн хуваагдсан ч Монголыг Монголоор нь үүрч яваа, Монгол хэмээх үнэ цэнэ рүүгээ нулимах эрх надад лав үгүй, танд ч бас үгүй. Энэ үнэ цэнэ хэмээгчийг өнөөдөртөө Эрийн гурван наадам, цагийн хатууг давсны баяр Цагаан сар, эгэл малчны ахуй, энгэр газрын хүн чулууд, эртний хэдэн сүм хийдийн туурь, их хаадын нэр сүр, их түүхийн улбаа, ардын ёс заншлын агуулга хийгээд өнгө, арга билгийн зөн хийгээд зон үүрч яваа юм.

Адуу нулимс унагадаг, тэмээ уйлдаг гэдгийг ухаардаг зүрх өөрөө Монгол юм, гэтэл энэ бүхнээ Эрээний хог, Эмээлтийн шавар тагзаар солиод уджээ. Малчнаа малтай нь авч үлдэх шинэ цагийн шилээвэр бодлого хэрэгтэй байна.

Дахиад л асууя, өөрөөсөө ч асууя, Монголын үнэртэй юу бидэнд үлдсэнийг хэлээд өг дөө!

Эх сурвалж: Р.Эмүжин

Холбоотой мэдээ

Back to top button
Close