Монголын тамирчид Бразилд бэлтгэл хангана
Эрүүл мэнд, спортын яамны Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирал П.Бат-Эрдэнэ нар Бразилийн алдарт Fluminense спортын клубэд зочилсон байна.
Уг клуб нь 1902 онд байгуулагдсан Бразилийн хамгийн анхны клуб бөгөөд буудлага, жудо, бокс, усанд сэлэлт, хөл бөмбөгийн тамирчдаараа алдартай аж.
Тухайлбал хөл бөмбөгийн баг нь 4 удаагийн Бразилийн дээд лигийн аварга, нэг удаагийн Клубуудын дэлхийн аваргаар тодорсон байна.
Зочдыг Fluminense клубын гадаад харилцаа хариуцсан захирал Marcio Sa хүлээн авч уулзлаа. Талууд Рио 2016 Зуны олимпийн тоглолт, паралимпийн тоглолтод оролцох Монголын баг тамирчдын урьдчилсан бэлтгэлийг хангуулахаар ярилцжээ.
Мөн мэргэжлийн хөл бөмбөгийн легионер тоглогчид, дасгалжуулагчдыг Монголд урьж ажиллуулах талаар санал солилцож, тус клубын алдрын танхимыг үзэж сонирхолоо.