Өнөөдөр Олон улсын Иргэний хамгаалалтын өдөр
Өнөөдөр буюу 03 дугаар сарын 01-нд Олон Улсын Иргэний хамгаалалтын өдөр тохиож байна. Энэ жил Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагаас “Үндэсний эдийн засгийг хадгалахад иргэний хүчтэй хамгаалал” уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байна.
Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллага нь 1931 онд байгуулагдсан. Франц Улсаас гаралтай ба Швейцарийн Холбооны Улсын Женев хотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад нийт 59 жинхэнэ гишүүн, 16 ажиглагч гишүүн, 23 холбоотон орон байдаг ба олон улсад өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй байгууллага юм.
Монгол Улс олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 оны 11 дүгээр сард жинхэнэ гишүүнээр элсэж, зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд идэвхтэйгээр оролцож байна.
Олон Улсын Иргэний хамгаалалтын байгууллагаас өөрийн улс орондоо иргэний хамгаалалт, Онцгой байдлын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан алба хаагчдад “Баатар одон”-хүртээдэг. Энэхүү одонгоор Онцгой байдлын байгууллагаас нийт 30 гаруй алба хаагч шагнагджээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.