Шинэ залуу ажилтнуудад зориулсан ажлуудыг хийж байна
Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, ахмадууд гавьяаныхаа амралтад гарснаар тэдний залгамж нэгэн үе ажиллаж эхэлсэн. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрийн ажиллагчдын 60 гаруй хувь нь шинэ залуу ажилтнууд бөгөөд тэдэн рүү чиглэсэн бүтээлч ажлуудыг тус цехийн захиргаа, хүний нөөцийн албанаас санаачлан зохион байгуулж байна.
Өнгөрсөн онд 51 ажилтан шинээр ажилд орсноос 13 нь сонгон шалгаруулалтаар, 17 нь Хамтын гэрээний заалтаар бусад нь онцлох дипломтой, удирдлагын шийдвэрээр болон тусгай шаардлагын дагуу ажилд орсон аж. Шинээр ажилд орсон хүмүүст үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, түүхэн замналыг танилцуулахын зэрэгцээ цуврал теле хичээл цахимаар орж тестээр шалгалт авч байна. Мөн Хамтын гэрээгээр болон өөр цехээс шилжин ирж буй ажилчдыг хамт олны дунд төлөвшүүлэх зорилготой залуу ажилтнуудаар өдрийн тэмдэглэл хөтлүүлж байна.
Баяжуулах үйлдвэрийн Хүний нөөцийн албаны тэргүүлэх мэргэжилтэн Т.Тунгалагтамир:”Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн технологийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажилладаг, таван уурхайчны гэр бүлийг баяжуулах үйлдвэртэй танилцуулсан. 10 гаруй ажилтны ар гэр, ахуй амьдралтай танилцан, зарим шаардлагатай хүсэлтийг нь үйлдвэрийн дээд шатны удирдлагуудад уламжлан дэмжлэг үзүүллээ.
Бид үйлдвэрийн ажилтнууд төдийгүй тэдний гэр бүлийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байна. Энэ ажлын хүрээнд ням гариг бүрийг гэр бүлийн өдөр болгон, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр БОЭТ-д тусгай өрөө тохижуулж “Бүжинлхам” бурхан залсан.
Эрүүл мэнд чийрэгжүүлэлтийн төвд аймгийн Урчуудын эвлэлийн хорооны зураач Нэмэхбаярын “Удам” уран зургийг тавилаа. Өнгөрсөн онд аймгийнхаа иргэд болон ажиллагчдынхаа бүтээлч үйлст 98 сая төгрөгийн тусламж, дэмжлэг үзүүлээд байна. 2021 оныг “Эерэг харилцаа хандлага амжилтын үндэс” уриатай жил болгон зарласан.
Одоогийн байдлаар Баяжуулах үйлдвэрийн даргын тушаалаар төлөвлөгөөт ажлууд хийгдэж байна. Цаашид уурхайчдын залгамж халаа, залуу ажилтнуудыг хүний хөгжлийн сургалтад хамруулж ажиллана” гэв.
Т.БАТЧУЛУУН
ФОТО: Б.БАТТӨГС