Чөлөөт цагFocusШинэ мэдээ

Монголын анхны амьтны хүрээлэнг Богд хаан байгуулжээ

VIII Богд Жавзандамба хутагт эх болсон байгаль дэлхийгээ хайрлах тухай олон зарлиг лүндэн буулгаж байсны зэрэгцээ байгалийн шинжлэх ухааныг ихэд сонирхож, өмнө нь болон хожим ч байгуулаагүй тийм амьтны хүрээлэнг Монголд байгуулж байжээ.

Богд гэгээнтэн олон төрлийн сонин хачин зүйлс цуглуулдаг өвөрмөц сонирхолтой нэгэн байв. Үүний баталгаа нь түүний 1901 онд Германы Гамбург хотод захиалан хийлгэж байсан чихмэл амьтдын цуглуулга юм.

Энэ нь Монголд бий болсон анхны байгалийн төрөлжсөн цуглуулга байж болох бөгөөд эл цуглуулгад өмнөд, хойт Америк, Африк, зүүн өмнөд Ази, Антарктид тивийн далайн амьтад, шувууд багтсан 200 гаруй амьтан байдаг аж.

Чихмэл амьтад одоогийн Богд хааны ордон музейн Өвлийн ордонд байгаа бол энэхүү гэрэл зураг дахь анааш нь Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа юм.

Түүний хүрээлэнд Алтайн ирвэс харайж, Гималайн баавгай хүрхрэлдэж, Энэтхэгийн могой мушгиралдан, том жижиг сармагчингууд дүүлж, Шотланд одой морь янцгааж, Африк судалтай тахь уралдаж, Энэтхэгийн заан бүжиглэж, Монголын зээр, аргал, янгир, хар сүүлт, чоно, алтан гургалдай, тайгын нохой, халуун орны барс хүртэл эгэлгүй олон амьтан тааваараа идээшин  байсан тухай домог мэт зүйлс тэмдэглэгдэн үлджээ.

Эх сурвалж: Соёлын яам

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close