ХАА-н салбарНийтлэлОнцлохШинэ мэдээ

Говийг “ногооруулсан” аварга тариаланч Л.Лувсанпүрэвийн туршлага

Энэ жилийн улсын аварга тариаланчаар шалгарсан Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэн Лувсанжамбаагийн Лувсанпүрэвийн ажил хөдөлмөрийн түүх, тэргүүн туршлагыг хуваалцаж байна. Тэрээр тариалангийн бүс нутагт бус говь хээр талд жимс, ногоо тарьж болдгийг өөрийн тууштай хөдөлмөр зүтгэлээр тодхон харуулж яваа нэгэн юм.

1997 оноос хойш тасралтгүй тариалан эрхэлжээ

Уурхайчин мэргэжилтэй Л.Лувсанпүрэв 1997 онд тэтгэвэртээ гарсныхаа дараа Даланжаргалан суманд жимсний мод чацаргана тариалж байснаас түүний амжилт бүтээлийн түүх эхэлжээ. Анх “үр цацаад л ургадаг” гэдэг ойлголттой байсан түүнд сангийн аж ахуйд ажиллаж байсан ээж нь зөвлөж, анхны мэдэгдэхүүн зааж өгсөн байна. Мөн багаасаа ээжийнхээ ажилд тусалдаг байсан нь түүнд энэ ажилд татагдах, дурлах шалтгаан болсон байж ч мэдэх юм.

Даланжаргалан сум бол Дорноговь аймгийн хойморт, газар нутгийн хувьд тал хээрийн бүсэд оршдог. Л.Лувсанпүрэв өөрөө хангай нутгийн хүн ч говьд ногоо тарьж болдог үгүйг анх туршиж үзэхдээ “цаг агаарын хувьд дулаан байдаг учир болмоор санагдаж, бусдыг нь даваад гарна гарна даа” гэж бодож байжээ. Түүний энэ бодол ч буруу байсангүй.

Түүнээс хойш тэрээр 24 жил тасралтгүй газар тариалан гэх хүнд хүчир талбарт сэтгэл зүрх, хөдөлмөр зүтгэлээ зориулжээ. Өдгөө өргөн хэрэглээний хүнсний ногоо болон тарвас, артишок, өргөст хэмх, улаан лооль, чинжүү, вандуй, буурцаг, цэцэгт брокколи, цэцэгт байцаа зэрэг 23 төрлийн ногоо жимс тарьж, сумынхан, зэргэлдээ аймгийнхан төдийгүй гадаадын хэрэглэгч нартаа “эрүүл, баталгаатай, аюулгүй бүтээгдэхүүн” нийлүүлж байна. Түүний ургацын 80 хувь нь талбай дээрээсээ борлогдож, 20 хувь нь нөөцлөгддөг хэдий ч цагаан сараас өмнө дуусчихдаг ажээ.

Амаргүйг давж байж амжилт ирдэг

Говьд жимс ногоо тарьж ургуулна гэдэг хэний ч санаанд багтамгүй зүйл байлаа. Тэгвэл улсын аварга тариаланч Л.Лувсанпүрэв энэ ойлголтыг эргүүлж, харин ч говьд ургасан жимс ногоо амт шимт сайтай байдгийг өөрөөрөө үлгэрлэн харуулсан бөгөөд энэ хугацаанд олон арван бэрхшээлийг туулжээ. Тухайлбал, салхи элсээр шуурч үрсэлгээг сүйдлэх, хэтэрхий халуун, хөрсний гүн муу /ердөө 15-хан см/ учир халуунд ус чийгээ алдах зэрэг хүндрэлтэй хүчин зүйлд үл шантран, шийдэх арга замыг эрэлхийлсээр байж.

Тиймээс хамгийн эхэнд хөрсөө сайжруулж, боловсруулахад анхаарч, малын бууц ашиглан ялзмагшуулснаар 18-22 см-ийн зузаантай болгосон байна. Үүнийгээ мэргэжлийн байгууллагаар шинжлүүлэхэд “хангайн хөрстэй төстэй юм, яаж боловсруулсан бэ” гэдэг болжээ. Ингэж л өөрийн олж мэдсэн “ноу хау”-аа ашиглан хөрсөө сайжруулсан нь түүний үр ашиг сайтай ургац хураан авах “гол тулах цэг, хөшүүрэг” байдаг хэмээн ярьсан юм. Магадгүй говьд жимс ногоо ургаад зогсохгүй, амт чанар сайтай байдгийн нууц энэ биз ээ.

Талбайгаа өргөжүүлж, өвлийн хүлэмжтэй болох нь дараагийн зорилго
Аварга тариаланч Л.Лувсанпүрэв эрүүл, чанартай ногоог хэрэглэгчдэдээ нийлүүлэхээс гадна тариалалтын болон хөрс боловсруулалтын үед ажиллах хүчээ нэмж арваад хүнийг ажлын байраар хангадаг. Нэгэнт байнгын хэрэглэгч үйлчлүүлэгчидтэй болж, тэднээсээ үргэлж урам зориг авч байдаг учир цаашид талбайгаа өргөжүүлэх, өвлийн хүлэмжтэй болох, нэмж 4-5 хүнийг ажилтай болгох хүсэл, зорилго түүнд бий. Хэдийгээр ургацынхаа үр шимийг хүртэж, олсон ашгаа үйл ажиллагаа өргөжүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд зарцуулаад явж болоод байгаа ч энэ нь цаг хугацаа алдах сул талтай байдгийг тэрээр хэлж байлаа.

Тууштай хөдөлмөр-Тэргүүн туршлага

“2000 оны зуднаар малаа алдсан нэг залуу манайд ажиллахаар ирсэн юм. Нэг өдөр нөгөө залуу маань буруу хараад суучихдаг юм байна. Тэгэхээр нь би юу болов гээд асуутал ногоо тарина гэдэг мал маллахаас долоон дор ажил байдаг юм байна гэж хэлж билээ. Үнэхээр ч газар тариалан бол маш хүнд хүчир ажил. Нэгэнт л энэ салбарт орж ирсэн бол хатуу хөтүүг шантаршгүй, тууштай хөдөлмөрөөр л давах хэрэгтэй. Тэгж байж үр ашгаа хүртдэг. Болж өгвөл битгий шантраарай” хэмээн тэрээр өөрийн амжилтын нууц, тэргүүн туршлагаа хуваалцсан юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close