Боловсролын шинэчлэлийг ахмад багш нарын оролцоотойгоор хийнэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монголын Ахмад багш нарын холбооны төлөөллийг хүлээн авч уулзан, тэдний санал бодлыг сонслоо.
Ахмад багш нарыг төлөөлж холбооны тэргүүн Д.Амар “Боловсрол, шинжлэх ухааны салбарын 100 жилийн ойг тохиолдуулан сурагчдын дунд номтой нөхөрлөх аян өрнүүлье, шатар, даам тоглуулдаг болох, сайхан бичигтэн бий болгох, бүтээлч багшийг шалгаруулах зэрэг хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгуулах санал бидэнд байна. Л.Энх-Амгалан сайд “Ахмад багш нар бол монголчуудын капитал” гэж хэлсэнтэй санал нэг байгаа. Бид шинэ сайдыг дэмжиж, тусалж ажиллана” гэлээ.
Ахмад багш нарын төлөөлөл сайд Л.Энх-Амгалантай уулзах үеэрээ хүүхэд, залуусын хүмүүжлийн асуудалд ихээхэн санаа зовж байгаагаа уламжилж байв. Иймд сургалт хүмүүжлийг хослуулах нь чухал гэдгийг тэд онцолсон. Багш бүр сурагчдад өгөөжтэй байж, ээлжит хичээл тус бүрийнхээ хөтөлбөрийг гаргах ёстойг орхигдуулж болохгүй, хүүхдэд үглэж бус үлгэрлэж сургах хэрэгтэй, эцэг эх, багш, сурагч гэсэн гурвалсан холбоогоор ажиллах шаардлага бий хэмээж байлаа.
Монгол Улсын Ардын багш Г.Лхаахүү “Багш бэлтгэх сургуулийн багш нарыг сонгон шалгаруулалтаар авдаг байх, тэднийг сайн бэлдэх нь чухал” гэж онцолсон бол Монгол Улсын Ардын багш Л.Гантөмөр “Сайн багшаас сайн сурагч төрдөг. Иймд сайн багш бэлтгэх ажлыг хэрхэвч орхигдуулж болохгүй” хэмээн сануулсан юм. Мөн ахмад багш нарын төлөөлөл Боловсрол, шинжлэх ухааны яамны удирдлагуудтай хамтарч ажиллан, туслахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Монголын боловсролын нэр нүүр болсон ахмад багш нар маань тусалж, дэмжье гээд саналаа хэлж байгаад талархаж байна. Та бүхний туслалцаа бидэнд ус, агаар мэт хэрэгтэй. Ахмад, дунд, залуу үеийн уялдаа холбоо байж ажил урагшилдаг. Иймд бид салбарын 100 жилийн ой болон боловсролын салбарын шинэчлэлийг та бүхний оролцоотойгоор хийнэ. Салбарын багц хуулийн төсөлд ахмад багш нарынхаа саналыг авах болно. Хүрэлцэн ирж, өөрсдийн үнэтэй санал бодлоо илэрхийлсэн багш нартаа эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээв.