Л.Мөнхтүшиг: Ирэх сард БНСУ, НТУ, Япон улсаас 840 орчим иргэнийг татан авна
Ирэх хоёрдугаар сард дөрвөн удаагийн нислэг хийнэ гэж Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээллээ. Тодруулбал
- Хоёрдугаар сарын 3-нд Өмнөд Солонгос
- Хоёрдугаар сарын 10-нд Япон
- Хоёрдугаар сарын 24-нд Турк
- Хоёрдугаар сарын 26-нд Өмнөд Солонгос улс руу тус тус нислэг үйлдэхээр боллоо.
Дөрвөн удаагийн тусгай нислэгээр нийтдээ 840 орчим иргэнийг татан авахаар төлөвлөж байгаа аж. Тусгаарлах байрны нөөц бололцоо, дотоодын халдварын нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэв боломж бол Сөүл, Токиогийн чиглэлд нэмэлт хоёр нислэг үйлдэхээр төлөвлөж байна гэж Л.Мөнхтүшиг хэллээ.
Сөүл рүү үйлдэх тусгай үүргийн нислэгт өмнө нь тусгай үүргийн нислэгт хамрагдахаар бүртгэгдсэн боловч нь нислэг нь цуцлагдсан хүмүүс болон эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг түлхүү авна гэв.
Харин Токиогийн хувьд үндсэн таван шаардлагыг хангасан хүмүүс, Европын орнуудад байгаа иргэд Туркийн Истанбул хотоор дамжин ирэхээр бүртгүүлсэн байгаа гэдгийг хэллээ.
Өнөөдрийн байдлаар 8625 иргэн гадаадаас нутаг буцахаар өргөдлөө өгөөд байгаа юм.