Уул уурхайЯрилцлагаОнцлохШинэ мэдээ

Ц.Намжилдорж: Бүтээгдэхүүний гарц 3-5 дахин нэмэгдэнэ

Эрдэнэт үйлдвэрийн зүрх гэгдэх Баяжуулах үйлдвэрийн эрчим хүчний үндсэн тоноглолуудын шинэчлэл, томоохон төслүүд хэрхэн хэрэгжиж буй талаар тус цехийн Ерөнхий инженерийн орлогч бөгөөд Эрчим зүйн албаны дарга Ц.Намжилдоржтой ярилцлаа.

-Та эхлээд эрчим хүчний тоноглолын шинэчлэлийг хэрхэн хийж буй талаар ярина уу?

     -Бид техникийн шинэчлэлийг хийхдээ эдэлгээ дууссан тоноглолуудыг эрчим хүчний хэмнэлттэйгээр солих, автоматжуулахыг зорин ажиллаж байна. Үйлдвэр маань ашиглалтад орсоор 42 дахь жилээ үдлээ. Энэ хугацаанд техникийн шинэчлэл үе шаттайгаар хийгдсэн ч удаашралтай явж ирсэн. Сүүлийн жилүүдэд 2-3 удаа тээрмийн кабель,  хөдөлгүүрүүд гэмтсэн. Гэмтсэн кабелийг задлаад үзэхэд тосон тусгаарлагч нь хуурай болоод хатчихсан байх жишээтэй. Хүчний трансформаторууд ч ихээхэн гэмтэх болсон. 30 жил ашиглах хугацаатай тоноглолын нас гүйцсэний гэрч.

Иймээс, цахилгаан хангамжийн систем, дэд станц, үндсэн суурь тоноглолуудыг  шинэчлэх  нь бидний тулгамдсан асуудал болж байна. Энэ тал дээр системтэй арга хэмжээ авахын тулд 2019-2020 онд эрчим хүчний тоноглолууд болон барилга, дулаан хангамж, агаар сэлгэлтийн ажиллагаанд эрчим хүчний аудит хийлгэсэн. Аудитын дүгнэлтийн дагуу шинэчлэлийг эрчимтэй хийж  эхэлсэн.  Ноднин гэхэд үндсэн тээрмийн кабелиудаа сольж амжсан. Шинэ  кабель 30 жил найдвартай ажиллана. 

-Хаанахын ямар бүтээгдэхүүн суурилуулж байна?

     -Ер нь манайх “АВВ”, “Siemens” зэрэг дэлхийн тэргүүлэх бренд бүтээгдэхүүнийг  суурилуулах бодлого барьж байна.  2018 оноос “АВВ” фирмийн нам хүчдэлийн хөдөлгүүрүүдийг авч суурилуулсан. Маш сайн үр дүн өгч байгаа. Манай молибдены секц чийгтэй, халуун орчинтой. Түүнд зориулж хийсэн хөдөлгүүр суурилуулснаар шатах зэрэг эрсдэл гарахгүй байгаа. Дэлхийн алдартай фирмүүдийн тоноглол нь өөрийн эрчим хүчний хэрэглээг хамгийн бага байхаар инновац шингээж үйлдвэрлэдэг.

Ийм тоноглолоор бүгдийг нь шинэчилбэл суурь эрчим хүчний хэрэглээг тав хүртэл хувиар бууруулж, томоохон  дүнтэй хэмнэлт болох юм. Эрчим хүчний хэмнэлттэй тоноглол  нь  зөвхөн нэг удаа биш байнга хэмнэлт өгч, хөрөнгө оруулалтаа богино хугацаанд эргэн төлдөг онцлогтой. Баяжуулах үйлдвэрийн нийт зардлын 33 орчим хувийг эрчим хүчний зардал эзэлдэг. Байнга өсөн нэмэгдэж буй уг зардлыг хэмнэхийн төлөө бид зорьж явна.

-Манай үйлдвэрийн хамгийн том цехийн эрчим хүчний асуудлыг хариуцаж яваагийн хувьд бусад цехийнхэнд хандаж юу хэлэх вэ?

     -Зарим цехэд хуучирсан төхөөрөмжөө тэр үйлдвэрийнхээр солих хандлага байна.  Хялбарчлах гээд байна л даа. Авчраад суурилуулахад эрэг боолт нь таарна. Тэр нь эрчим хүч хэмнэхгүй. Оросын хуучин тоног төхөөрөмжийн суурилагдсан чадлыг дор хаяж 30 хувийн нөөцтэйгөөр төлөвлөсөн байдаг. Бүх тоноглол нь 30 хувийн запастай тавьсан  гэдгийг  анзаарах хэрэгтэй.

Орчин үеийн тоног төхөөрөмж эрчим хүчний хэмнэлттэй. Хөдөлгүүрийн наана давтамж хувиргагч тавьдаг. Давтамж хувиргагч нь хэрэгцээт эргэлтийг бий болгохоос гадна, зөвхөн шаардлагатай чадлыг өгдөг. Эндээс эрчим хүч хэмнэдэг. Бид 2000 оноос хойш 350 орчим давтамж хувиргагчийг шинээр суурилуулсан. Энэ нь эрчим хүчний зардлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлж байгаа.

     Ер нь үйлдвэрлэлийн бодлогын хүрээнд ISO-50001 эрчим хүчний чанарын менежментийн стандарт нэвтрүүлэх хэрэгтэй. Эрдэнэт үйлдвэрт  цахилгааны зураг төсөл маш олон аргачлал, тэмдэглэгээгээр зурагддаг. Олон янзын программ ашиглаж байна. Үүнийг өөрчилж, үйлдвэрийн хэмжээнд нэг программ хангамж ашиглах хэрэгтэй. Жишээ нь “Eplan” программыг манайх шиг томоохон үйлдвэрүүд нэвтрүүлсэн байдаг. Энэ нь схем зурах аргачлалыг нэгдсэн стандартад шилжүүлэхээс гадна, тухайн үйлдвэрлэлд хэд хэдэн томоохон бодлого хэрэгжүүлэх боломж олгодог.

-Тухайлбал?

     -Эрдэнэт үйлдвэрийн бүх бүтцийн нэгжид ижил төрлийн тоноглол нэвтрүүлэх боломж олгож байгаа юм. Тэгэхдээ үүнийг бодлогын хүрээнд  зарлах ёстой. Ижил төрлийн бүтээгдэхүүнийг  5-10 жилд аажмаар нэвтрүүлээд жигдрүүлэх   боломжтой.  Давуу тал нь нөөцөд байх тоноглолын тоо цөөрдөг. Энэ нь эдийн засгийн утгаараа их ач холбогдолтой. Жишээ нь, 50 амперын автомат салгуур үйлдвэрт 10 гаруй төрлийнх байна. Төрөл бүрээс захиалж, хадгалах нь мөнгөн урсгалыг саатуулж байна. Үйлдвэр даяар нэг төрлийнх байвал Төв агуулахад 10 ширхэг байхад л үйлдвэрийн хэмжээнд тухайн тоноглолын нөөцөд зарцуулах мөнгө хэдэн арав дахин бага байх жишээтэй. Томоохон үйлдвэрүүд нэгдсэн техникийн бодлого зарладаг.

-Дулаан, уур, ус, агааржуулалтын систем танай албаны хариуцах хүрээний ажил. Энэ чиглэлээр хэрхэн ажиллаж байна?

     Яг үнэндээ энэ тал дээр тоноглолыг өөрчлөхгүйгээр зөвхөн хуучирсныг солих зарчмаар явж ирсэн. Дулаан хангамж, агаар сэлгэлтийн систем нь хүний эрүүл мэнд, амьдрах орчинтой холбоотой. Сонгодог утгаараа энд ажилласнаар хүний бие муудах ёсгүй. Баяжуулах үйлдвэрийн удирдлагууд, бид зөвшилцөөд хүнээ хамгаалах чиглэлд үе шаттай, дорвитой ажил хийхээр зорьж байгаа. “Амьсгалж буй агаарыг өөрчилье, таатай орчинд ажилладаг болгоё” гэж. Дулаан, уур, ус, агааржуулалтад хийсэн аудитын дүгнэлтээр ямар систем, тоноглол нэвтрүүлэх тухай тодорхой заасан.

Энэ чиглэлээр хамгийн түрүүн Урвалжийн хэсгийн агааржуулалтыг сайжруулах төсөл боловсруулан ажиллаж байна. Одоо тендер зарлагдаж байгаа. Энэ жилдээ хэрэгжүүлнэ. Хамгийн хүнд нөхцөлтэй хэсгүүдээсээ  эхэлж, төслийн үр дүнг харж байгаад томоохон объект руугаа орно. Агаарыг хурдан сэлгэж, хортой хийн нэгдлүүдийг гадагшлуулахдаа орчны температурыг хэвээр хадгалах ёстой. Системийг тэр чигт нь өөрчилж, иж бүрэн автомат удирдлагатай систем суурилуулахаар төлөвлөж байна.

     Тоосжилт нь ажилчдын эрүүл мэндэд тулгамддаг асуудлыг нэг. Энэ чиглэлд нэлээд судалгаа хийсний үндсэн дээр гуравдугаар конвейер дээр манан үүсгэх төхөөрөмж тавьсан. Энэ нь ихээхэн үр дүнтэй байгаа. Ер нь Дулаан хангамж, агааржуулалтын системийг иж бүрэн  шинэчлэх нь аудитын дүгнэлтээр ч, бидний туршлагаас харсан ч зөв шийдэл гэж гэж үзэж ийм зорилттой ажиллаж байна.  

-Эрчим хүчний чиглэлээр ямар томоохон төслүүд хэрэгжиж байна вэ. Төслүүдийн үр дүнг та хэрхэн харж байна?

     2020 онд далайцтай, томоохон хэд хэдэн ажил хийлээ. Цахилгаан тоноглолыг солихдоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологио давхар сайжруулах бодлого барьж байна. Төв корпусын 9 том тээрмийг зөөлөн асаах зориулалттай давтамжийн секцийг шинэчиллээ. Асаалтын секц гацдаг, тээрэм залгах хугацаа удааширдаг  зэрэг бэрхшээл өнгөрсөн оны  8-р сараас хойш гараагүй.  Дэд станц гурвыг солилоо.  Ер нь сүүлийн үеийн төслүүдээр иж бүрдлээр нь шийдэж байгаагаараа давуу талтай. Жишээ нь ӨНХ-ийн тээрмийн хөдөлгүүр давтамж хувиргагчийг автомат удирдлагын системтэй нь сольж байна. Өмнө нь, тээрмийг зогсоохдоо хурдыг багасгах боломжгүйгээс өндөр хурдтай эргүүлэн зогсоож, хүдрийг сулладаг байсан.  Энэ үед шаар их хагарч, хуяг элэгдэж гэмтдэг.

Төсөл хэрэгжсэнээр хүдэр багасах тусам, тээрмийн хурдыг нь багасгаад аажуухан зөөлөн зогсоох болсон. Ингэснээр  шаар, хуягийн элэгдэл багасна. Мөн хүдрийн хатуулаг, технологийн процессоос  хамааран тээрмийн хурдыг ихэсгэж, багасгах боломжтой болсон. Энэ нь хүдэр нунтаглалтад  сайнаар нөлөөлдөг. Ийнхүү, дэлхийн шилдэг систем нэвтрүүлснээр  бүтээгдэхүүний гарц 3-5 хувь нэмэгдэж, бүтээмж дээшлэн, хэдэн арван сая долларын нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бий болсон. Төв корпусын  тээрмүүдийн давтамж хувиргагчийн угсралтыг өнгөрсөн онд дуусгах байсан ч цар тахлын улмаас гаднын мэргэжилтэн ирж амжилгүй гацсан. Энэ тоног төхөөрөмжийг тавьснаар алдаа дутагдал багасахаас гадна, зөөлөн зогсоох боломжтой болж, мөн л шаар, хуягийн хэмнэлт гарна.

Дэлхийн шилдэг тоног төхөөрөмжийг иж бүрдэл, системээр нь нэвтрүүлэх асуудлыг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд  дэмжиж байгаа.  Ер нь  автоматжуулалтыг өргөн хүрээнд хийснээр томоохон үр дүнд хүрдэг. Манайхтай төстэй, жилд 29 сая тонн хүдэр боловсруулдаг үйлдвэр гэхэд 2 сая датчик, камер суурилуулсан байсан. Тухайн тоног төхөөрөмжийг бүх талаас нь шинжилж, процесс, гэмтэл саатлыг урьдчилан таамагладаг. Мөн иж бүрэн автоматажсан болохоор хүн хүч, материал бага зарцуулдаг юм байна. Энэ чиглэл рүү явах нь өртөг зардлаа бууруулахад хамгийн үр дүнтэй арга гэж үздэг. 

Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close