Төлөвлөгөөг 100,6 хувиар биелүүлж, борлуулалтын орлогоо нэмэгдүүлжээ
Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц үйлдвэрийн газрын барилга байгууламж, технологийн дулааны хэрэгцээг хангахын зэрэгцээ Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд томоохон байр суурь эзлэн, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна. Өнгөрсөн онд нэг худалдан авагчид түгээх цахилгаан эрчим хүчний төлөвлөгөөг 100,6 хувиар биелүүлж, борлуулалтын орлогоо нэмэгдүүлжээ.
Мөн уурын ерөнхий шугмын дулаалга, захиргааны 1, 2-р байрны агааржуулалтын нэгдсэн системийг шинэчлэх зэрэг томоохон ажлууд хийгдсэний зэрэгцээ станцын үндсэн тоноглол болох 5-р зууханд их засвар хийгдэв. Ингэснээр, өвлийн их ачааллыг давах, найдвартай ажиллагаа сайжирсан байна. Харин эрдэм шинжилгээ туршилт судалгааны ажлын хүрээнд “Дулааны цахилгаан станц”-ын эрчим хүчний хэрэглээнд аудит хийлгэх”, “Зуух ¹4-д бүрэн туршилт, тохируулга хийж горимын карт боловсруулах” зэрэг ажилд зөвлөх үйлчилгээ авч ажилласнаар эрчим хүч хэмнэх, зохистой хэрэглээнд шилжих, зуухны шаталт горим сайжрах, нүүрсний дутуу шаталт багасаж зуухны ашигт үйлийн коэффициент дээшлэх нөхцөл бүрдлээ.
Дулааны цахилгаан станцын хувьд гаднын 11 байгууллагатай дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай аж ахуйн гэрээ байгуулан ажилладаг. Монгол Улсын Засгийн газраас айл өрх, зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг төрөөс хариуцахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Орхон аймгийн хэмжээнд Эрдэнэт мах маркет, Хаан хүнс Эрдэнэт, Эрдмийт, Таятан фүүдс, Бүтээл зэрэг компаниуд нийт 2044 Гкал буюу 78.5 сая төгрөгийн дулааны төлбөрийн хөнгөлөлт эдлэхээр байна. Дашрамд дурдахад, тус станц одоогийн байдлаар 36 МВт-ын цахилгаан ачаалалтайгаар дөрвөн зуух, таван турбингенераторын горимоор ажиллаж, 40 хоногийн нүүрсний нөөцтэй байна.
М.Одгэрэл
Б.Баттөгс