Засгийн газарНийгэмОнцлохШинэ мэдээ

Н.Тавинбэх: Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэгчдийн хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх сайжруулсан шахмал түлшний үйлдвэрүүдэд ажиллалаа. Үйлдвэрлэлийн явц, нөөцлөлт, түгээлт – борлуулалт, ажилчдын нийгмийн асуудал болон бүх нийтийн бэлэн байдлын үед халдвар, хамгааллын журмыг хэрхэн сахин ажиллаж байгаатай танилцсан юм.

“Тавантолгой түлш” ХХК зүүн болон баруун бүсийн үйлдвэрийн 21 шугамаар хоногт 4000-4700 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, гэрээт борлуулалтын 679 цэгээр дамжуулан хэрэглэгчдэд түгээн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар агуулах болон хангамжийн баазуудад 25.000 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байгаа юм.

Сайд Н.Тавинбэх “Энэ өвөл гадна агаарын температур олон жилийн дунджаас 10 хэмээр хүйтэн байна. Мөн цар тахлын амаргүй нөхцөл байдалд сайжруулсан шахмал түлшний хамт олон 24 цагаар тасралтгүй ажиллаж байгааг та бүхэн ч газар дээр нь харлаа. Үйлдвэрлэл хэвийн явагдаж, нийслэл хотын иргэдийг ямар нэг тасрал, саатал байхгүй түлшээр хангаж байна. Энэ үйлдвэрийн хамт олны ажлыг үнэлэх хэрэгтэй. Сошиал орчинд тараад байгаа шиг савлагаа багассан, чанар муудсан гэх зүйл байхгүй” гэлээ.

Сайжруулсан шахмал түлш тээвэрлэх эрх бүхий 22 аж ахуйн нэгжийн 522 авто машинаар түгээлт хийж байна. Мөн “Сайн” түлшний савлагаанд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Хэрэглэгчдэд 25 кг савлагаатайгаар хүрч байгаа төдийгүй шуудайнд нэмэлт мэдээлэл байршуулсан аж. Тухайлбал, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг байршуулж, иргэдийг болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулжээ. Савлагааны жин, чанарт хяналтын нярав болон чанар шалгагч нар цаг тутамд хяналт тавин ажиллаж байгааг албаныхан хэлж байна.

“Тавантолгой түлш” ХХК-ийн хувьд хийгдэж байгаа нэг бүтээн байгуулалт нь том оврын автомашины засвар үйлчилгээний авто паркын барилга юм. Уг барилга нь нэг дор зургаан автомашин засварлах, угаах хүчин чадалтай юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close