Коронавирусийн халдварын эсрэг тэмцэхэд зориулан 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэлээ
Засгийн газраас ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрээ танилцууллаа.
Шадар сайд Я.Содбаатар “Коронавирусийн халдварын эсрэг тэмцэж буйтай холбоотой гурван шийдвэр гаргасан.
Улаанбаатар хотоос бусад аймаг, орон нутагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилэн байдлаар шилжсэн хугацааг 2021 оны 3 дугаар сарын 31-нийг хүртэл сунган шийдвэрлэсэн.
21 аймаг нь эрүүл, халдваргүй бүс болж байгаа. Иймд өндөржүүлсэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хэлбэрээр явах нь зүйтэй гэж үзлээ. Зургаан аймгийн есөн суманд халдвар бүртгэгдсэн. Эдгээрт шинээр халдвар илрээгүй хугацааг авч үзлээ. Тухайлбал, Архангай аймгийн Батцэнгэл суманд 29, Дархан-Уул аймгийн Дархан суманд 26, Дорноговь аймгийн Айраг суманд 34 өдөр шинээр халдвар илрээгүй. Иймд аймгууд дотроо хэвийн горимд шилжих боломжтой байна.
Коронавирусийн халдвар дотоодод бүртгэгдсэнээс хойш Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 179, 196, 198 болон өнөөдрийн тогтоол гээд нийт дөрвөн тогтоолоор 20.2 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргаж, халдварын голомтод ажиллаж буй алба хаагчдад олгон мөнгөн урамшуулал, ариутгал халдваргүйтгэл хийх цар тахлын халдварын эсрэг хариу арга хэмжээнд зарцуулаад байна. Өнөөдрийн хуралдаанаар 1.7 тэрбум төгрөгийг дээрх зориулалтаар зарцуулахаар баталсан” гэв.
Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар холбогдох албаныхан танилцууллаа. Засгийн газар өнөөдөр цар тахлын хариу арга хэмжээнд 1.7 тэрбум төгрөг зарцуулах шийдвэр гаргасан. Дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш нийт 20.2 тэрбум төгрөгийг цар тахлын хариу арга хэмжээнд зарцуулахаар Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргажээ.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “20.2 тэрбум төгрөгийн ихэнх нь халдварын илрүүлэг буюу шинжилгээний урвалж бодис авахад зарцуулагдсан. Мөн эмч, эмнэлгийн ажилчдын цалин урамшуулал, ар гэрийн дэмжлэгт зарцуулсан. Халдвартай хүмүүстэй ажиллаж байгаа 275 хүнд таван сая төгрөгийн урамшуулал олгосон. Мөн ажлаа хийж байхдаа халдвар авсан 65 ажилтны ар гэрт таван сая төгрөг олгосон. Ингээд халдвар авсан эмнэлгийн ажилчдад 10 сая төгрөгийн тэтгэлэг олгосон гэсэн үг.
Харин тусгаарлах байранд ажиллаж байгаа, шинжилгээ авч байгаа зэрэг 1800 хүнд 800 мянган төгрөгийн тэтгэлэг өгсөн. Өнгөрсөн хугацаанд 14000 эмч, эмнэлгийн ажилтнуудад 8.8 тэрбум төгрөгийн илүү цагийн цалин олгосон” гэлээ.