Гадаад харилцааОнцлохШинэ мэдээ

Монгол-Оросын хамтарсан ажлын хэсгийн хуралдлаа

Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Оросын Холбооны Улсын Ерөнхий прокурорын газрын хамтын ажиллагааны хүрээнд  байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл солилцох хуралдааныг /2020.12.22/ цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Хуралдааныг Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат даргалан явуулж, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэгт тавих прокурорын хяналтын үйл ажиллагааны туршлага, мэдээллийг харилцан солилцож, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн байна.    

Энэхүү хуралдаанд Монголын талаас Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Сэлэнгэ аймгийн прокурорын газрын удирдлага, прокурорууд төлөөлөн оролцсон бол Оросын Холбооны Улсын талаас тус улсын Ерөнхий прокурорын газар, Байгалийн бүс нутаг хоорондын Байгаль хамгаалах прокурорын газар болон ОХУ-ын Буриад улсын прокурорын газрын удирдах албан тушаалтнууд тус тус оролцжээ.        

 Оросын Холбооны Улсын Ерөнхий прокурорын газрын төлөөлөгч нараас тус газрын Холбооны хууль тогтоомжийг хэрэгжилтэнд хяналт тавих Удирдах газрын хүрээлэн буй орчныг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтэнд хяналт тавих газрын даргын орлогч Канунцев А.А. “ОХУ-ын Прокурорын байгууллагын Сэлэнгэ мөрний сав газар болон Байгаль нуурын ландшафт, биологийн төрөл, хэлбэрийг хамгаалах үйл ажиллагаа”, ОХУ-ын Байгалийн бүс нутаг хоорондын Байгаль хамгаалах прокурорын газрын дарга Зенков С.Д. “Сэлэнгэ мөрөн-Байгаль нуурын систем дэх хил дамнасан хортой, бохирдуулагч бодисын урсгалын хүрээний гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах прокурорын байгууллагын зорилтууд” зэрэг сэдвээр;

 Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ү.Содномцог “Монгол Улс дахь Байгаль орчин, амьтан ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил түүнд тавих прокурорын хяналт”, Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Ариунболд “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг түүнд тавих прокурорын хяналт” сэдэвт илтгэлүүдийг тус тус хэлэлцүүлэн, цаашид хэрэгжүүлэх ажил, зохион байгуулах арга хэмжээний талаар харилцан санал солилцож, талууд хуралдааныг үр дүнтэй, амжилттай явагдлаа гэж дүгнэсэн байна.  

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд хоёр улсын прокурорын байгууллага, ялангуяа хил залгаа прокурорын газруудын хамтын ажиллагааг улам нягтруулж, харилцан туршлага, мэдээлэл шуурхай солилцох ажиллагаанд дэвшил гарган ажиллах,  хил орчмын бүс нутгийн хүрээлэн буй орчны тухай хууль, эрх зүйн зохицуулалтыг бэхжүүлэхэд цаашид хамтран ажиллахаа талууд харилцан илэрхийллээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close