Галт тэргэнд ачаа шилжүүлэн тээвэрлэх тохиролцоонд хүрчээ
Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт вирус үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал цахимаар боллоо.
“УБТЗ” ХНН-ийн ажлын хэсгээс танилцуулснаар өчигдрийн байдлаар Төмөр замын ажилтан 15.956 хүнээс 15.928 нь шинжилгээнд хамрагджээ. Хөдөө, орон нутаг руу явсан, эмчлүүлж байгаа, урт хугацааны чөлөөтэй, ээлжийн амралттай, хөл хорионд байгаа зэрэг шалтгаанаар 28 хүн хамрагдаагүй байна.
Төмөр замын хэмжээнд өдөр тутмын 1564 ажлын байр, 58.555 м2 талбай, мэргэжлийн байгууллагын 52 ажлын байр, 6468 м2 талбай, зөөврийн 182 зүтгүүр, ачааны 894 зүтгүүр, сэлгээний 181 зүтгүүр, гэрээт байгууллагаар 184 галт тэрэг, 9285 вагон, чингэлэгт ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ.
Галт тэрэгний хөдөлгөөн саадгүй, ачаа тээвэрлэлт хэвийн байгаа бол өртөө, зангилаадад хүнсний хангалт, нөөц боломжийн байгаа аж.
Тээвэрлэлтийн тусгай горим шаардлагатай ачаанаас бусад ачаа барааг Эрээн өртөөнд вагонд шилжүүлэн ачиж тээвэрлэх чиглэлээр урд хөршийн төмөр замын байгууллагатай яриа хэлэлцээ хийгдэж тохиролцоонд хүрчээ.
Өмнөх шуурхай хурлуудаас сайдын өгсөн 165 үүрэг, даалгаврын 161 нь бүрэн биелсэн, дөрөв нь биелэх шатандаа байна.
Шуурхай бүлгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “УБТЗ” хэд хэдэн зүйл дээр анхаарч ажиллахыг үүрэг болгов.
-Өртөөдөд аюултай хог хаягдалыг устгах асуудлаар аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас зөвлөгөө авч хэрэгжүүлэх,
-Ажлын байр сэлгэн томилогдон ажиллах хөдөлгөөнтэй холбоотой ажилчдад тухайн өртөө, зөрлөгийн техник захирамжийн актыг сайтар танилцуулж байх,
-Төмөр замын бүх аж ахуйн нэгжүүд ариун цэвэр, угаалгын өрөөнүүдэд гар цэвэрлэх саван, ариутгах хэрэгслээр хангах,
-Замын-Үүд зангилаа шаардлагатай үед ажиллах хүний нөөцийн тооцоо гаргаж нөөцөд бэлтгэх,
-МХЕГ-ын шалгалтын бэлтгэл ажлыг зохион байгуулах удирдах ажилтан томилж ажиллуулах,
-Ээлжийн ажилчдын хувийн ариун цэврийг сайтар сахиулах, аяга, тавгаа хооронд нь холихгүй байхаар зохицуулалт хийх,
-Эрээнд ачилт эхлэхтэй холбогдуулан Авто тээврийн байгууллагаар дамжуулан жолооч, ачааны эзэдтэй холбогдож ачааг шилжүүлэн ачих үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх,
-Чингэлгийн галт тэргэнд оновчтой зохион байгуулалт хийх чиглэл өглөө.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ