Сэлэнгэ аймагт 74 настай эмэгтэйгээс COVID19-ийн сэжигтэй тохиолдол илэрлээ
Улсын онцгой комиссын өнөөдөр (2020.11.12)-ийн хуралдаанаар долоон асуудал хэлэлцсэн байна. Маргаашаас эхлэн иргэд хүнс цуглуулах, эмнэлгийн үйлчилгээ авахаас бусдаар сэлгүүцэж буй иргэдэд хатуу арга хэмжээ авахаар боллоо. Мөн нийт 11 цэгт тандалт шинжилгээ хийх ажлыг эхлүүлээд байгаа талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг хэлж байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Тусгаарлах байрны хяналтыг чангатгаж, Цэргийн төв эмнэлэгт 560 ор гаргахаар болсон. Тийр машины жолоочоос хойш таван хүнээс халдвар илрээд байна. Нийт зургаан тохиолдол илэрсэн. Сэлэнгэ аймагт халдварын сэжигтэй тохиолдол илэрлээ. Тус аймгийн 74 настай иргэний хоёр удаагийн шинжилгээний хариу эерэг гарсан. Бататгах шинжилгээг хийхээр ХӨСҮТ рүү шилжүүлэх ажил хийгдэж байна.
Тухайн иргэн нь 2020.11.06-ны өдөр халуурч, 2020.11.08-ны өдөр эмнэлэгт хандсанаар тандалт шинжилгээнүүд хийгдэж, коронавирусын хоёр удаагийн шинжилгээний хариу эерэг гараад байна. Иймд тухайн иргэний нэг, хоёрдугаар зэргийн болон дам хавьтагчдыг тандалтаар илрүүлж Сэлэнгэ аймгийн эмнэлэгт тусгаарлаж шинжилгээнүүдийг авч эхлээд байгаа аж. Мөн Дархан-Уул аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд шинжилгээний хариу нь гараагүй байна. Иймд УОК-ын хуралдаанаас УОК-ын орлогч дарга, БХ-ын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад үүссэн нөхцөл байдалд шуурхай удирдлагаар ханган ажиллуулахаар илгээлээ.
74 настай иргэний зорчих хөдөлгөөн, эрүүл мэндийн илэрсэн шинж тэмдэгээс үзвэл Улаанбаатар хотод ачаа тээврийн жолоочоос илэрсэн коронавирусын халдварын тархалттай холбоогүй байж болзошгүй байна. Холбогдох цагдаа, тагнуул зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагын албан хаагчид хаанаас халдварласныг тогтоохоор тандалт судалгаа хийж байна.
ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан: Засгийн газар, УОК-оос халдвар алдсан тохиолдолд хэрхэн ажиллах талаар төлөвлөгөө гаргасан. УОК-ын шийдвэрийн дагуу хөл хорионы дэглэм сахиулж, зарим аймагт хязгаарлалт хийсэн. Өнөөдөр 23:00 цагаас эхлэн явган болон автомашинтай хөдөлгөөнийг багасгах талаар шаардлага тавина. Гадуур явж буй иргэдийн зорилгыг алба хаагчид судлахад тодорхой зорилгогүй сэлгүүцэх нь их байна.
Иймд иргэддээ гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс хүнсээ цуглуулахыг зөвлөж байна. Маргаашаас эхлэн иргэдэд цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлын алба хаагчид хөл хорионы дэглэм сахиулах шаардлага тавьж, хатуу дэглэмийг чангатгана. Тандалт судалгааны тухайд дам хавьталд орсон иргэдийг тогтоосон, шинжилгээ, тандалт судалгаа ойрын хоёр хоногт дуусна.
ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян: Өнөөдрөөс эхлэн арванэгдүгээр сарын 17-ний 06:00 хүртэл бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг гэдэг нь гэрийн дэглэмд хөл хорио тогтоохыг хэлж байгаа. Өнөөдрийн байдлаар аймаг, орон нутагт шуурхай штабууд байууллаа. Тусгай чиг үүргийн 5,000 гаруй алба хаагчид үүрэг гүйцэтгэж ажиллаж байна. Иргэд тогтоолд заасан хүрээнд хүнсний зах, дэлгүүр, эмийн сангаас хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ худалдан авч байгаа. Үүнтэй холбоотойгоор ШӨХТГ-аас хяналт шалгалт явуулж байна. Үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрснөөс бусад байгууллагад арга хэмжээ авна. 20 гаруй тусгаарлах байранд шалгалт хийж байгаа.