ЯрилцлагаЭдийн засагШинэ мэдээ

Д.Ариунаа: Цэвэр мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд хэрэглэгддэг болгохоор зорьж байна

Хаан банкны нэгэн салбарт хуурамч 100 юаниар гүйлгээ хийхийг завдсан хэрэг бүртгэгджээ. Мөн өнгөрсөн долоо хоногт хуурамч мөнгөөр гүйлгээ хийсэн гэх дөрвөн тохиолдол гарсан. Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн хэвлэлийн албаны ахлах мэргэжилтэн Д.Ариунаагаас хуурамч мөнгөн дэвсгэртийг илрүүлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа талаар тодрууллаа.

-Сүүлийн сард хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийхийг завдсан хэд хэдэн хэрэг бүртгэгдлээ. Монголбанкнаас  энэ төрлийн гэмт хэргийг багасгах, урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ямар тодорхой ажил хийсэн бэ?

-Монголбанкнаас хуурамч мөнгөн дэвсгэрт төлбөр тооцоонд хэрэглэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийг соён гэгээрүүлэх, мэдлэг мэдээллээр хангах зэрэг нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулсаар ирсэн. Тухайлбал, 2017 онд “Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ” аяныг хэрэгжүүлсэн бол энэ онд “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяныг өрнүүлсэн. Одоогоор хоёр том аяныг зохион байгуулжээ. Мөнгөн тэмдэгттэй зүй зохистой харьцах нь мөнгөн тэмдэгтийн насжилт, эдэлгээг уртасгах ач холбогдолтойгоос гадна хуурамч мөнгөн тэмдэгт төлбөр тооцоонд эргэлдэх эрсдлийг бууруулахад чухал нөлөөтэй юм. Энэ бүхнийг иргэдэд ойлгуулах үүднээс хуурамч мөнгөн дэвсгэртийг жинхэнэ мөнгөн дэвсгэртээс хэрхэн ялгах талаар танин мэдэхүйн мэдээлэл байнга өгдөг бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг гарах нь сүүлийн жилүүдэд харьцангуй багассан. Цагдаагийн байгууллагаас хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдсэн этгээдүүдийг илрүүлж, эрүүгийн хуулийн дагуу зохих хариуцлагыг хүлээлгэсэн.

-Хуурамч мөнгөөр худалдаа хийхийг завдсан дийлэнх этгээд цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө Би мэдээгүй, хүнээс авсан” гэх тайлбарыг өгдөг. Хамгийн анх гүйлгээнд оруулсан этгээдийг хэрхэн олж тогтоодог вэ?

Гэмт үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх үйл ажиллагааг цагдаагийн байгууллага хариуцдаг. Цагдаа, хууль хяналтын байгууллага дээр шалгагдаж, холбогдох хэргийн нотлох баримтаар хэрэглэж дууссан хураасан хуурамч мөнгөн дэвсгэртийг Төв банк нь хүлээн авч устгалд оруулдаг.

Цаашид Төв банк энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ямар үйл ажиллагаа зохион байгуулах төлөвлөгөөтэй байна вэ?

-Одоогоор бид цэвэр мөнгөн тэмдэгтийн бодлогыг баримтлан, тухайн чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулж байна. Иргэдийн гар дээр бохирдсон, халтартсан мөнгөн тэмдэгтийг гүйлгээнээс татаж, оронд нь шинэ мөнгөн дэвсгэртүүдийг гүйлгээнд гаргах ажлыг байнга хийдэг бөгөөд тус ажлыг улам сайжруулахад чиглэн ажиллана. Энэ нь иргэдийг мөнгөн дэвсгэрттэй зүй зохистой харьцах соёлд хэвшүүлэх зорилготой бөгөөд нөгөө талаасаа хуурамч мөнгөн дэвсгэрт төлбөр тооцоонд хэрэглэгдэх эрсдлээс сэргийлэх арга хэмжээ юм. Учир нь гэмт этгээдүүд хуурамч мөнгийг хэвлэж бэлэн болгоод, хуучирч муудсан мөнгөн тэмдэгттэй төстэй харагдах байдалтай болгож байгаад жинхэнэ мөнгөн дэвсгэрттэй багцалж гүйлгээнд нэвтрүүлдэг. Үүнээс сэргийлэхийн тулд аль болох цэвэр мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд хэрэглэгддэг болгохоор ажиллаж байна.

Хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийсэн этгээдэд хэрхэн хуулийн хариуцлага тооцох бэ?

-Хуурамч мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг бэлтгэсэн, ашигласан тохиолдолд Эрүүгийн хуулийн 18.7 буюу Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах гэсэн зүйлийг дагуу хариуцлага тооцдог.

Мөн үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол 5,400-27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг.

Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, үүнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилсан. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын үүднээс үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 120,000-400,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ гэж тус бүрд нь зааж өгсөн байдаг.

Иймээс иргэд болон бизнес эрхлэгч нарыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, мөнгөн тэмдэгтийг авахдаа шалгаж байгаарай гэж зөвлөе. Мөн хуурамч мөнгөн тэмдэгт байж болзошгүй тохиолдол илэрвэл шууд цагдаагийн байгууллагад хандан шалгуулах хэрэгтэй.

Иргэд хуурамч мөнгөн тэмдэгтийг хэрхэн таньж мэдэх вэ?

-Монгол Улс төдийгүй аливаа улсын мөнгөн тэмдэгт хамгаалалтын таних тэмдэгүүдтэй байдаг. Өндөр түвшний хамгаалалтын таних тэмдэгүүд ч бий. Хуурамч мөнгөн дэвсгэртийг харахаар ихэнх тохиолдолд жинхэнэ мөнгөн дэвсгэртийг хоёр талаас нь сканердаад өнгөтөөр хэвлэсэн, хамгаалалтын элементүүдийг орлуулахын тулд  саа, утас гүйлгэх зэрэг болхи аргаар хийдэг. Ихэнх тохиолдолд гэмт этгээдүүд хуурамч мөнгөн дэвсгэртийг багц мөнгөн дотор хийх, эсвэл шатахуун түгээх станц, ТҮЦ гэх мэтийн бүдэг гэрэлтэй газарт төлбөр тооцоонд ашигладаг. Тэгэхээр мөнгөн тэмдэгтийн хуурамч эсэхийг мэдэхийн тулд иргэд худалдан авалт хийхдээ авч, өгч байгаа мөнгөн дэвсгэртээ сайтар шалгах хэрэгтэй. Өнгө нь хувирсан эсэхийг сайтар харах хэрэгтэй. Иргэд, байгууллага нь хуурамч мөнгөн тэмдэгтийг сайтар ажиглавал бүрэн таньж, илрүүлэх,  хуурамч мөнгөн тэмдэгттэй холбоотой эрсдэлээс бүрэн сэргийлэх боломжтой юм.

Эх сурвалж: unuudur.mn

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close