Эдийн засагОнцлохШинэ мэдээ

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслөө нээлттэй хэлэлцүүлэв

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэлцүүлгийг нээж үг хэлэв.

Монголбанк 09 дүгээр сарын 25-ны өдөр УИХ-д өргөн барьсан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслөө олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ. Төрөөс Мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл нь ирэх онд Төв банкнаас дангаараа болон бусад төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх бодлогын зорилтыг тодорхойлдог үндсэн баримт бичиг юм.  Монголбанк Төв банкны нээлттэй ил тод байдлыг хангах, хариуцлагатай байдлыг хэрэгжүүлэх үүднээс уг хэлэлцүүлгийг  мэргэжлийн хүрээлэл төдийгүй олон нийтэд танилцуулах зорилгоор 2017 оноос хойш 4 дэх жилдээ зохион байгуулж байна.

Энэ жилийн хувьд уг хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус, олон байгууллагын төлөөллүүдийг түлхүү оролцуулан мөнгөний бодлогын ирэх жилд дэвшүүлсэн зорилтуудын талаар илүү нарийвчилсан мэдээллийг өглөө. Мөн оролцогчдын санал  бодлыг тусгах үүднээс  хэлэлцүүлгийнхээ агуулгыг өргөжүүлж, үндсэн хоёр чиглэлд зохион байгуулсан нь өмнөх жилүүдийнхээс онцлог болж  байна.  

УУЛ УУРХАЙН САЛБАР ГУРАВДУГААР УЛИРЛААС СЭРГЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа эдийн засгийн төлөв байдлын талаар илтгэл тавив. “Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл  (ТМБҮБЧ) 2021”-д Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд “Мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлж хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг 2021-2023 онд +/-2 нэгж хувийн интервалтай 6 хувийн орчимд тогтворжуулна” гэж тусгажээ.

Б.Баярдаваа захирал коронавирусэээс шалтгаалсан гутранги байдал дотоод, гадаад эдийн засагт буурч байгааг онцлоод, тодорхой бус байдал үргэлжилж байгааг санууллаа.

Тэрбээр хэлэхдээ “Дэлхийн гүйцэтгэх захирлуудын судалгаагаар эдийн засагт итгэх итгэл нэмэгдэж буй нь цар тахлын үед удирдах арга барилуудаа олж байгааг харуулж байна. Манай улсын уул уурхайн салбар гуравдугаар улирлаас сэргэнэ. Зээлжих зэрэглэл буурах эрсдэл огт байхгүй гэж хэлэхгүй. Манай улс үүссэн нөхцөл байдалд зөв хариу үйлдэл үзүүлэхээс, гадаад орчны нөхцөл байдлаас шалтгаалж үнэлгээний байгууллагууд зээлжих зэрэглэлийн дараа дараагийн шийдвэрүүд гаргана” гэв.

Мөнгөний бодлогын төсөлд 2020 онд гадаад валютын орох, гарах урсгал аль аль нь багасах бөгөөд валютын орох урсгал нь илүү их хэмжээгээр татрах тул төлбөрийн тэнцэл 540 сая орчим ам.долларын алдагдалтай, ГВАН 770 сая ам.доллароор буурч, төгрөгийн ханш сулрах дарамттай байгааг онцолжээ.

Гадаад валютын нийт ороx урсгал 2021 онд өмнөх жилээс 1.1 орчим тэрбум ам.доллароор нэмэгдэж 12.0 тэрбум ам.доллар байх тооцоолол байгаа аж. Ирэх онд эдийн засгийн үйл ажиллагаа сэргэж, хэвийн түвшинд хүрнэ гэсэн таамаглалд тулгуурлан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл зэсийн баяжмал, нүүрс, газрын тосны экспортууд нэмэгдэнэ гэж үзжээ. Иймд нийт барааны экспортын орлого 900 тэрбум орчим ам.доллараар нэмэгдэж, 7.3 тэрбум ам.долларт хүрэх, нийт үйлчилгээний орлого 2019 оны орчимд буюу 1.1 тэрбум ам.доллар байх, ГШХО-ын хэмжээ өмнөх оноос нэмэгдэж 1.9 тэрбум24 ам.долларт хүрэхээр төсөөлсөн байна.

Засгийн газрын гадаад зээлийн ашиглалт буурах нөлөөгөөр өмнөх оноос буурч, 1.5 тэрбум орчим ам.доллар байх аж. Гадаад валютын нийт гарах урсгал 2021 онд өмнөх жилээс 200 сая ам.доллароор тэлж, 11.6 тэрбум ам.долларт хүрэх төсөөлөлтэй байна. Үүнд гадаад бонд, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр буурах төлөвтэй ч эдийн засгийн үйл ажиллагаа сэргэх, гадаад худалдааны эргэлт нэмэгдэх таамаглалын нөлөөгөөр бараа, үйлчилгээний импортын төлбөр нийт 500 сая ам.доллараар тэлж буй нь нөлөөлж байгаа ажээ.

Илтгэгч Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалай: “Уул уурхай ба Урт хугацааны тогтвортой өсөлт”

Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг  Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б. Баярдаваа танилцуулж, эдийн засгийн төлөв байдал, ирэх сорилтуудыг даван туулахад төв банкнаас хэрэгжүүлэх бодлогын зорилтуудын талаар мэдээлэл өглөө. Хэлэлцүүлгийн удаах илтгэл Дэлхийн банкны эдийн засагч Б. Даваадалайн “Уул уурхай ба Урт хугацааны тогтвортой өсөлт” байв. Энэхүү илтгэлийг Дэлхийн банкнаас манай улсад хийсэн эдийн засгийн хөгжлийн загварын тойм судалгааны хүрээнд танилцуулсан юм.  

Нэгдүгээр хэлэлцүүлэг: Эдийн засгийн төлөв ба Мөнгөний бодлого

Хоёрдугаар хэлэлцүүлэг: Банк, санхүүгийн салбарын шинэчлэл ба зохицуулалтын орчин

Арга хэмжээний хоёрдугаар хэсэг “Эдийн засгийн төлөв ба Мөнгөний бодлого”, “Банк, санхүүгийн салбарын шинэчлэл ба зохицуулалтын орчин” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Үүнд санхүүгийн нарийн мэргэжлийн судлаачид, Монголбанкны бодлогын газрын захирлууд оролцлоо. Тэд дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэж оны эхний хагаст 9.7 хувиар буураад байгаа дотоодын эдийн засгийг тогтворжуулах, цаашид баримтлах бодлогын гол чиглэлүүд зэрэг сэдвээр дэлгэрэнгүй ярилцав. Тухайлбал “Зээлийн хүү бууруулах стратеги”-ийн хэрэгжилтийг хангах, банк санхүүгийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэхэд холбогдох эрх зүйн зохистой орчныг бүрдүүлэх ажлуудыг төр, хувийн хэвшил хамтран үр дүнтэйгээр хийх шаардлага тулгарч буйг хөндлөө.

Хэлэлцүүлгийг хааж, Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн үг хэлэв.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой зорилтууд ирэх оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд тусгагдаад байгаа юм.


Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close