“Эрүүл мэндийн үзлэг” сэдэвт уулзалт зөвлөгөөн боллоо
2020 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагыг угтаж Нийслэлийн засаг даргын тамгын газрын Цэргийн штабаас цэргийн насны залуучуудын дунд “Эрүүл мэндийн үзлэг” сэдэвт уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Анхбаяр, Нийслэлийн эрүүл мэндийн төвийн дарга Л.Төмөрбаатар болон Цэргийн төв эмнэлэг, Хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн төлөөлөл, Улаанбаатар цэргийн хүрээний ангийн эмч нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Энэхүү зөвлөгөөнөөр Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолоор батлагдсан “Иргэний цэргийн албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийг тодорхойлох”-д нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн талаар мэдээлэл хийж, санал солилцоо.
Тодруулбал, тогтоолын нэмэлт өөрчлөлтөөр эмчлэгдэх боломжтой өвчтэй цэргийн насны залуучуудыг хугацаат цэргийн албанд татах нөхцөл бүрдэж байгаа юм. Нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш зохион байгуулагдах анхны цэрэг татлага, учир цэрэг татлага дээр ажиллах цэргийн штабын алба хаагчид, нарийн мэргэжлийн эмч нар болон цэргийн ангийн эмч нар нэгдсэн ойлголтуудад хүрч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
Үүнээс гадна эрүүл мэндийн шалтгаанаар хасагдсан цэргийн насны залуусыг эрүүлжүүлэх талаар нийслэлийн эрүүл мэндийн төвөөс хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгсөн юм.