Эдийн засагШинэ мэдээ

Л.Туул: Оношлогооны тоног төхөөрөмжүүд энэ сарын сүүлээр ажиллаж эхэлнэ

Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсад Медипас эмнэлэгт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр хамрагддаг. Энэ жилийн хувьд уурхайчид 16 багцаас сонгон, үзлэг оношилгоо хийлгэж байна. Харин сүүлийн үед тус эмнэлгийн оношилгооны зарим тоног төхөөрөмж ажиллахгүй байгаа нь нэг өдөр ажлаасаа чөлөөлөгдөн үзлэг оношилгоонд хамрагдаж буй баялаг бүтээгчдийг чамгүй бухимдуулах болов. Эвдэрсэн оношилгооны аппаратууд хэзээ ажилд орох талаар Медипас эмнэлгийн Захиргаа, үйлчилгээ хариуцсан орлогч захирал Л.Туулаас тодруулсан юм.

-Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн явц ямар байна?

     -Бид жилээс жилд хүндээ хүрсэн үйлчилгээ үзүүлэхийн тулд багцуудыг шинээр нэмж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг долдугаар сараас эхэлсэн. Гэрээгээр бол нэгдүгээр сараас эхлэх ёстой боловч Эрдэнэт үйлдвэрийн ажлын ачааллаас болоод жил болгон хоцорч эхэлдэг. Одоо ондоо багтаан дуусгах шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Танай зарим тоног төхөөрөмж ажиллахгүй байгаа талаар гомдол ирж байна. Энэ ямар учир шалтгаантай вэ?

    -Долдугаар сарын 26-нд Эрдэнэт хотын хэмжээгээр цахилгаан хэлбэлзэж тасрахад манай 24 цагийн тасралтгүй ажиллагаатай компьютер томографын генератор шатсан. Шалтгааныг нь асуухад аянга буусан гэсэн. Дараа нь наймдугаар сарын 27- ны өдрийн 12 цагийн үед цахилгаан мөн маш хүчтэй хэлбэлзэхэд манай соронзон резонанс томограф буюу МRI, хөхний рентген аппарат буюу маммограф шатсан. Бид гэмтлийн шалтгааныг тогтоохын тулд Япон руу нийлүүлэгч компанитай олон удаа холбогдож, засвар үйлчилгээний компанийн инженерүүд ч олон дахин ирсэн. Ингээд цахилгаан эрчим хүчний хэлбэлзлээс болж эвдэрсэн гэсэн эцсийн хариу гарсан. Үүнээс болж Медипас эмнэлэгт 500-аад сая төгрөгийн хохирол учраад байна. Ер нь цахилгааны хэлбэлзлийн дараа манай лабораторийн тоног төхөөрөмжүүд ч алдаа зааж хоёр өдөр хэвийн бус болсон. Харин яаралтай арга хэмжээ авсны үр дүнд хэвийн ажиллагаанд орсон. Одоо ажилд оруулж чадаагүй гол оношилгооны гурван тоног төхөөрөмж байна.

-Эвдэрсэн тоног төхөөрөмжүүд хэзээ ажилд орох вэ?

     -Энэ сарын 21-ний өдөр Японоос ирэх тусгай үүргийн онгоцоор манай эвдэрсэн тоног төхөөрөмжийн сэлбэгүүд ирнэ. Гааль дээр гурав хоног байлгаж ариутгадаг гээд тооцохоор энэ сарын сүүлээр тоног төхөөрөмжүүд маань ажилд орчих болов уу. Томограф, МRI, хөхний рентген аппарат маммографтай багц сонгоод үзүүлж чадаагүй хүмүүсийг оношилгооны тоног төхөөрөмжүүд ажилд орохоор дуудаж, чирэгдэлгүй үйлчилнэ.

-Баярлалаа.

М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close