НийгэмШинэ мэдээ

Цэрэгжлийн спортын шилдэгүүд өрсөлдөж байна

Зэвсэгт хүчний 2020 оны аварга шалгаруулах Хуурай замын цэргийн командлалын нэрэмжит цэргийн 3 төрөлт, цэрэгжлийн буудлага, мэргэн буудагчийн 2 төрөлт, саадын зурвасын тэмцээнүүд Хужирбулан дахь Сургалтын төвд эхэллээ. Энэхүү тэмцээнд Зэвсэгт хүчний 30 гаруй нэгтгэл, анги, байгууллагын 400 гаруй цэргийн алба хаагч хурд, хүч, авхаалж, самбаа, эр зоригоо сорин өрсөлдөж байгаа бөгөөд тэдний дотор цэрэгжлийн спортын мастер, дэд мастер 40 гаруй, цэрэгжлийн спортын зэрэгтэй тамирчид 50 шахам, их спортын олон улсын хэмжээний мастер, спортын мастер, дэд мастерууд 10 гаруй байна.

Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Ш.Гантулга тэргүүтэй ЗХЖШ-ын удирдлагууд, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч, баг тамирчид оролцлоо.

Хошууч генерал Ж.Бадамбазар тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Зэвсэгт хүчний 2019-2020 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний 2020 оны аварга шалгаруулах Хуурай замын цэргийн командлалын нэрэмжит цэргийн 3 төрөлт, цэрэгжлийн буудлага, мэргэн буудагчийн 2 төрөлт, саадын зурвасын тэмцээнүүдэд баг тамирчдаа бэлтгэн оролцуулсан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч болон тамирчдадаа баярлалаа. Энэ жилийн уралдаан тэмцээнүүд өмнөх жилүүдийнхээс өөрийн онцлогоороо ялгарсан тэмцээн болж байна. Дэлхийн нийтийг хамарсан “COVID-19” цар тахлаас шалтгаалан хаврын улиралд явагдах байсан уг тэмцээнүүд хойшлогдож намрын улиралд явагдаж байгаарай онцлог болж байна.

Бид жилийн тэмцээн уралдааны дүнгээ Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалтаар гаргадаг байсан бол энэ жилийн дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин гарсантай холбоотойгоор жилийн эцсээр дүнгээ гаргахаар шийдвэрлээд байна. Өнөөдрийн тэмцээнд цанын спортын олон улсын хэмжээний мастер 3, хөнгөн атлетикийн спортын мастер 5, буудлагын спортын дэд мастер 2, цэрэгжлийн спортын мастер 8, дэд мастер 14, цэрэгжлийн спортын зэрэгтэй 37 тамирчин оролцож байгаа нь энэхүү тэмцээний ач холбогдлыг харуулж байна. Алс хязгаараас тэмцээнийг зориод ирсэн Зэвсэгт хүчний ангиудын удирдлага, алба хаагчдадаа талархснаа илэрхийлье” гээд нийт баг, тамирчдад өндөр амжилт хүслээ.

Энэ удаагийн тэмцээнд алба хаагчдаас гадна цөөнгүй нэгтгэл, ангийн захирагч нар оролцсон нь Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын захирагч, бригадын генерал Л.Гансэлэм, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагч, хурандаа Д.Дугаррагчаа, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн захирагч, хурандаа Г.Чулуунзагд нар байлаа. Тэд цэрэгжлийн буудлагын тэмцээнд оролцож байгаа нь тэмцээний өрсөлдөөнийг улам чанаржуулж байна гэж албаныхан дүгнэж байсан юм.

Нээлтийн үеэр цэрэгжлийн спортын цол, зэргийн болзол хангасан тамирчдад цол, цэргийн үнэмлэхийг ЗХЖШ-ын орлогч дарга, Зэвсэгт хүчний цэрэгжлийн спортын холбооны тэргүүн, хошууч генерал Ж.Бадамбазар, Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Ш.Гантулга нар гардуулан өгч баяр хүргэсэн юм. Цэрэгжлийн спортоор бусдыгаа манлайлсан тэдгээр тамирчдад хурандаа Д.Цог-Эрдэнэ “Спортын мастер гэдэг бол мастер л байдаг юм байна. Бид цэрэгжлийн спортын цолтой алба хаагчдаасаа саяхан бие бялдрын шалгалт авсан. Үнэхээр цолондоо эзэн байж чадаж байна уу гэж.

Тэгэхэд цөмөөрөө өгөгдсөн даалгаврыг богино хугацаанд чанартай гүйцэтгэж байна лээ. Энэ нь юуг харуулж байна гэхээр спортын цол, зэрэгтэй тамирчдын хувьд бэлтгэлээ дасалдаггүй сайн байгааг илэрхийлж байна. Цэрэгжлийн спортоор цол хүртэнэ гэдэг маш том амжилт шүү, хүүхдүүд ээ. Өнөөдөр манай цэргийн алба хаагчдад даян дэлхийд энхийг сахиулах үйлсэд оролцохдоо гаргаж байгаа амжилт нь цэрэгжлийн спортоор идэвхтэй сайн хичээллэсний үр дүн гэж хэлмээр байна. Цэргийн гурван төрөлт тэмцээний нөлөөлөл юм шүү” гээд амжилт хүссэн юм.

Энэ үеэр Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, цэрэгжлийн спортын цол хүртсэн алба хаагчид болон алс хязгаараас ирж оролцож буй тамирчдаас сэтгэгдлийг нь хуваалцсан юм.

КОМАНДЛАЛЫН НЭРЭМЖИТ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГААД БАЯРЛАЛАА

Бригадын генерал Л.Онцгойбаяр:

-Юуны өмнө цэрэг хүний тэсвэр хатуужил, ур чадвар, бэлтгэл сургуулилт, эр зориг шаардсан энэ тэмцээнийг Хуурай замын цэргийн командлалын нэрэмжит болгон зохион байгуулж байгаа явдалд Хуурай замын цэргийн бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс ЗХЖШ тэр дундаа Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын хамт олонд талархаж буйгаа илэрхийлье. Цэргийн гурван төрөлт тэмцээний ач холбогдол, нөлөөлөл асар их.

Хамгийн ойрын жишээ нь алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилт дээшилж, үүрэг гүйцэтгэх чадвар нэмэгдэж байна. Сая тэмцээнийг зохион байгуулагчид баг тамирчдын чадвар жилээс жилд ахижн дэвшиж байгаа тухай хэлж байна. Маш сайн байна. Тухайлбал, гранат шидэлтийн мэргэнүүд, мэргэн буудагчид гэхэд өмнөх өдрийн уралдаанаар олноор төрсөн тухай сонсоход урамтай сайхан байлаа.

МАРШ ТАКТИКИЙН ТЭМЦЭЭНЭЭС 5 АЛТ, 3 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭН

Ахмад Д.Жаргалсайхан (Зэвсэгт хүчний 336 дугаар анги):

-Цэрэгжлийн спортын мастер цол хүртсэндээ маш их баяртай байна. ҮБХИС-д 2004 онд сонсогч болж орсон цаг үеэс хойш Зэвсэгт хүчний Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээнд тасралтгүй оролцсон. Нэг жил ч алгасаж үзээгүй. Өнөөдөр бас өөрийн хүч хөдөлмөрөө зориулсан энэ л төрлөөрөө цэрэгжлийн спортын мастер цол хүртсэндээ баярлаж байна. 2004 оноос Зэвсэгт хүчний болон Ерөнхийлөгчийн нэрэмжит Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 5 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн байдаг.

Зэвсэгт хүчний 336 дугаар ангидаа бол 2014 оноос хойш оролцож байгаа. Манай ангийн удирдлагууд баг тамирчдаа сайн дэмждэг нь бидний амжилтын эхлэл байдаг юм. Цэрэгжлийн спорт гэдэг цэрэг хүний заавал гүйцэтгэж биелүүлэх даалгавар. Энэ спортоор хичээллэсэн цэргийн хүн ямар ч үүргийг мадаггүй сайн гүйцэтгэж чаддаг юм шүү.

ЦЭРЭГЖЛИЙН СПОРТЫН МАСТЕР БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА

Ахлах ахлагч Б.Жүгдэрхүү (Зэвсэгт хүчний 330 дугаар анги):

-Цэрэгжлийн спортоор долоо дахь жилдээ хичээллэж байна. Энэ дундаа Зэвсэгт хүчний Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээнд тасралтгүй оролцож, үзүүлсэн амжилтад маань цэрэгжлийн спортын мастер цол олгосонд маш их баяртай байна. Миний хувьд 2014 онд ҮБХИС-ийг төгсөөд Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсоноос хойш 2015, 2017, 2019 онуудад нь алтан медаль хүртсэн амжилттай. Цаашдаа илүү их амжилт үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Эх орноо батлан хамгаалах нэг л зорилготой мөрдэс нэгт нөхдөдөө спортын өндөр амжилт хүсье.

ЦЭРЭГЖЛИЙН СПОРТ МИНИЙ ХАМГИЙН ДУРТАЙ СПОРТ

Ахлах дэслэгч Д.Отгонтуяа (Зэвсэгт хүчний 331 дүгээр анги):

-Цэргийн гурван төрөлтөд оролцохоор хамгийн холоос ирсэн нь манай ангийн хамт олон. Бид багагүй хугацаанд бэлтгэлээ хангасан. Гэхдээ бусад баг тамирчид их хүчтэй байгаа нь харагдаж байна. Цэрэгжлийн спорт гэдэг миний хамгийн дуртай спорт. Тэр дундаа Марш тактикийн тэмцээнд оролцохдоо дуртай. 2011 оноос л хойш энэ төрөлд тасралтгүй оролцож, багагүй амжилт үзүүлж, цэрэгжлийн спортын мастер цол хүртсэн дээ. Зэвсэгт хүчний тэмцээн уралдаан жилээс жилд өргөжиж, зохион байгуулалт, шүүлтийн ил тод байдал чанаржиж, сүүлийн жилүүдэд эмэгтэй цэргийн алба хаагчдын төрлийг нэмэж оруулснаараа онцлог болж байна гэлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close