ЯрилцлагаWorldОнцлохШинэ мэдээ

Обрушанский Борбала: Унгарын Арпад хааны удам Хүннү гаралтай гэдгийг дахин баталгаажуулсан

Түүхч, доктор, Монголч эрдэмтэн Обрушанский Борбалатай Унгар, Монгол хоёр улс нэг гарал үүсэлтэй гэдгийг нотолсон сонирхолтой мэдээллийн талаар ярилцсанаа хүргэж байна.

Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Унгар, Монгол хүмүүсийн ген ижилхэн гэдгийг Английн эрдэмтэд баталсан тухай мэдээллээр ярилцлагаа эхлэе. Энэ судалгааны талаар илүү тодруулж өгөөч?

2016 онд үед Унгарын Сегед хотын их сургуулийн эрдэмтэн судлаачид Унгарын Карош тосгоны ойролцоогоос олдсон IX-X дугаар зууны үеийн язгууртны булшинд ДНК-ийн шинжилгээ хийсэн. Тэрхүү дээжийг бусад орны дээжтэй харьцуулж үзэхэд Дуурлиг Нарснаас олдсон Хүннүгийн үеийн язгууртны булштай төстэй зүйл олдсон. Тэр үед манай эртний шастирт дурьдсантай ижил “Унгар улс Хүннүгээс гаралтай” гэх үр дүн гаргасан. Энэхүү судалгаагаа тайлагнахад зарим эрдэмтэд огт итгээгүй. Тэрхүү шастираас гадна Аттила болон Арпад хааны өв бичигт ч Унгарчуудыг Азиас гаралтай гэж дурьдсан байдаг.

Дараа нь 2017 онд Унгарын Сегедийн их сургуулийн эрдэмтэн Ендре Непарацки, Төрөк Тибор нар хамтарсан судалгаа хийж, докторын зэрэг хамгаалсан. Тэгтэл саяхан Английн олон улсын эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүн гарсан байна.

Энэ талаар Унгарын “Улсын Мэдээний Төв”өөс ирүүлсэн мэдээлэлд Унгарын Арпад хааны удам Хүннү гаралтай гэдгийг баталгаажуулсан талаар дурьдаж Олон улсын эрдэм шинжилгээний Human Genetics сэтгүүлд гарсан судалгааны нийтлэлд “Азийн Хүннүчүүд болон Арпадын удмынхан тэр дундаа эрчүүдийнх нь ген ижил байсан байж болзошгүй”. Тиймээс Унгарын Судалгааны хүрээлэн болон Улсын Мэдээний Төвөөс энэхүү Англи хэлээр хэвлэгдсэн судалгаа нь манай судлаачдын диссертацийг баталгаажуулж байгааг цохон тэмдэглэе” гэсэн байна.

Кристин Кейсер нарын судлаачдын бичсэн нийтлэлд “Судалгааны багийнхан Архангай аймгийн Өгийнуур суманд байх Тамир Улаан хошуу гэдэг газрын эртний булшнаас нийт 52 ширхэг ясыг авч шинжилж байгаа тухайгаа өмнө нь мэдээлж байсан бөгөөд уг эртний булш нь МЭ үед эсвэл Христийн үеийнх байх боломжтой юм. Генетикчид тэрхүү шинжилгээ, судалгаагаар Азийн Хүннүчүүдийн ураг төрлийн харилцааг тодорхойлохыг зорьсон байна. 

Тэд Генийн мэдээллийн санг үндэслэн эрэгтэй хаплотипийг Азийн Хүннүгийн хоёр дээж, Унгарын III Бела хааны (1172-1196) удамшлын материалаар дүрсэлсэн болно.

Уг судалгаагаар Азийн Хүннүчүүдийн генийн мэдээлэл нь Унгарын Сезекфехервар хотын сүмд хадгалагдаж буй II/54 тоот дээж мөн Унгарын байлдан дагуулалтын үеийн Унгарчуудынхтай төстэй хаплотипийг үзүүлжээ. Эдгээрийг үндэслэн Унгарын Судалгааны Хүрээлэнгээс Арпад хааны удам Хүннү гаралтай гэдгийг баталсан байна” гэж энэхүү нийтлэлд онцолсон байсан.

Эндрэ Непарачки ба түүний хамтрагчдын өмнө тодорхойлсон Унгарын эр генетикийн шугамыг байлдан дагуулж буй Хүннү, Аварчууд Азийн Хүннүчүүдийн эртний түүхэнд ажиглагдаж магадгүй юм. Эдгээр нь Европын Хүннү бол Азийн Хүннүчүүдийн удам юм хэмээх 18-р зуунаас хойшхи  ойлголтыг баталгаажуулж байгаа бөгөөд нөгөө талдаа Аварууд болон Арпад хааны өвөг дээдсийн тухай судалгаа юм гэж хэлж болохоор байна.

Азийн Хүннүгийн ДНК-ийн шинжилгээг манай Арпад хааны удмын дөрвөн дээжтэй харьцуулж үзээд бас л төстэй зүйл олсон. Ялангуяа бүтнээрээ үлдсэн нэгэн хааны араг яснаас дээж авахад яах аргагүй Хүннү гаралтай гэдгийг баталж байсан.

-Өөр улсын судлаачдын нийтлэл “Хүннүчүүд Унгар улсын уг гарал үүсэл мөн” гэдгийг албан ёсоор батлаад өгсөн байна, тийм үү?

– Байгалийн шинжлэх ухаан аргаар Унгарчууд бол Монголчуудтай ижил төстэй, нэг  уг гаралтай гэдгийг албан ёсоор баталсан. Арпад хаан бол Унгарын хамгийн том,  гарамгай удирдагчдын нэг байсан бөгөөд европ-монгол холимог төрхтэй байжээ. Тэрээр IX дүгээр зууны сүүлээр өөрийн өвөг дээдэс болох Атилла хааны улсыг эргүүлэн авч, Карпатын хонхорт морьт үндэсний ноёрхолыг сэргээхийн тулд аян дайнд мордож байсан түүхтэй. Эрдэмтдийн хувьд урт удаан хугацааны турш үлгэр домог мэт ойлгогддог байсан дээрх түүхэн баримтууд, Унгарын хааны ордонд хадгалагдаж үлдсэн цаг тооллын бичгүүдэд энэ бүхэн тодорхой тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Орчин үеийн угсаатны зүй, генетик, археологи зэрэг шинжлэх ухааны судалгааны үр дүнд эдгээр баримтууд нь үнэн бодитой үйл явдлыг өгүүлсэн гэдэг нь нэгэнт нотлогдож байна. Унгарын “Геста Хунгарум” шастирт Арпад хаан “Бидний өвөг дээдэс бол Атилла хаан учраас энэ манай орон нутаг” гэж  хэлж байсан гэж тэмдэглэсэн байдаг. Тиймээс маш чухал судалгаа болсон. Арпад хааны дараа түүний ээжийн удмын хүмүүс хаанаар сонгогдож байсан  түүхтэй.

-Унгарчууд энэ мэдээллийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Унгар хүмүүс их сайн мэдэж байгаа. Ялангуяа манай Трансилванид оршин суудаг Секей үндэстэн гэж бий. Тэд бол Атилла хааны отгон хүүгийн удам гэдэг яриа бас сурвалж бичиг ч бий. 16 дугаар зууны үед хүмүүс дийлэнх нь бичиг үсэг мэддэгүй байсан. Тийм л цагт Секейчүүд өөрсдийн үнэн түүхээ үр хүүхэддээ үлгэр домог мэт амнаас ам дамжуулан ярьж өгдөг байсанаар тэд өнөө цагт манай өвөг дээдэс Атилла хааны хүү Чаба юм байна гэж мэдэж өссөн байдаг.

-Тиймээс л дэлхий дээр Монгол хүүхэдтэй адил Унгар хүүхэд хөх толботой төрдөг гэж ярьдаг байжээ?

-Тэгэлгүй яахав. Манай Унгар хүүхдүүд хөх толботой төрдөг. Миний хүү ч бас адилхан.

-Хамгийн анх 1993 онд Монголд ирж байсан гэдэг. Ер нь яагаад Монголыг зорьж ирэхийг хүссэн юм бэ?

-Саяхан би Говь-Алтай аймагт явж байхдаа Цагаан голын Хүннү тамга харсан. Манай Унгарын Зурагт шашдирт ч ийм тамгануудын тухай өгүүлсэн байдаг. Манай Унгарт эртний шаштир түүхийг хүүхдэд зориулан ойлгомжтой болгож, багаас нь уншиж өгдөг. Би ч мөн адил маш их уншдаг байсан. Би “Унгарчууд Хүннү гаралтай” гэж уншиж мэдсэн цагаас л “Монголд очмоор байна” гэдэг байлаа. Гэвч “Монгол гэж яг ямар үндэстэн байдаг вэ” гэдгийг хүүхэд байхад минь хэн ч хэлж өгөөгүй. Тэгээд л би “Монголд ямар нэгэн  юм байх ёстой” гэсэн мэдрэмжиндээ хөтлөгдөн анх 1993 онд ирж байсан. Миний тэр мэдрэмж бага наснаас минь л бий болсон. Мэдээж, анх ирээд л надад их сайхан мэдрэмж төрсөн. Яагаад гэвэл би маш ихээр хүссэн зүйлээ биелүүлсэн.

Дараа нь 1995 онд МУИС-д монгол хэл, түүхийн тэнхимийг сонгон суралцсан. Суралцах хугацаандаа бид ижил төстэй гэдэг мэдрэмжээ баталсан гэж болно. Нэг удаа Хөвсгөл аймагт явж байгаад Балжир удган гэдэг настай эмэгтэйтэй танилцсан минь үнэхээр  сонирхолтой, дурсамжтай цаг мөчийг надад бэлэглэсэн. Бид түүний гэрт ороод ярьж байх зуурт би ядарсан тул амрахаар хэсэг хэвтэж байсан юм. Гэтэл удган шууд над руу хараад “Энэ хүн хэн бэ” гэж асуухад хамт явсан багш нар маань гайхаж “Манай монгол хэлний тэнхимийн гадаад оюутан”  гэж хэлэхэд “Энэ хүн чинь Монголд амьдарч байсан хүн байна” гэж шууд хэлсэн. Би ч бас  маш их гайхсан.

-Монголчууд хүн эргэн төрдөг гэж ярьдаг шүү дээ?

-Тийм шүү. Магадгүй миний мэдрэмж тийм л учраас Монгол руу хөтөлсөн байхыг үгүйсгэхгүй. /инээв/

-Докторын зэрэг хамгаалсан талаараа дэлгэрүүлж яриач?

-Оюутан болоод удалгүй  МУИС-ийн Археологийн тэнхимийн багш нартай танилцсан юм. Тэд нар дандаа надаас “Унгарын Хүннү ямар байдаг вэ” гэж асууна. Би бага зэрэг мэддэг түүх домог зэргийг л хэлнэ. Тэгээд л “За одоо хүмүүс зөндөө их зүйл асуух юм байна. Хариу өгөхгүй байж болохгүй. Сайн мэддэг болох хэрэгтэй гээд л өөрийн орны Хүннүгийн түүхийг судалсан. Аспирантурт суралцаж, 1999 онд Монголын түүхийн ухааны доктор цолтой болсон. Дипломын ажил маань сэдэв “Эртний Унгар, Монголын нийгмийн байгуулалтын төстэй шинж” гэдэг нэртэй. Энэ эрдмийн ажлаараа Унгар, Монгол хоёр улс нэг гарал үүсэлтэй болохыг баталсан.

Мөн анд бололцох ёс ч байсан. Тиймээс хоёр улсын нийгмийн тогтолцоо ижил гэдгийг харьцуулж харуулсан нь хүмүүст болон багш нарт сонирхолтой байснаас гадна маш их гайхсан. Академич Ж.Болдбаатар багшийн удирдлаган дор энэхүү эрдмийн ажлаа хийсэн. Мөн Академич Далай багш маань ч их тусалсан. Докторын зэрэг хамгаалсанаас хойш Хүннүгийн талаар эрдэм шинжилгээний чиглэлээр бүтээл нийтлэлүүд гаргаж, Европын Хүннүгийн түүхийн талаар ном бичсэн. Нарны тахилга болон анд бололцох ёсны талаар илүү дэлгэрэнгүй судалгаа хийж явна. Судлах тусам Монгол, Унгар хоёр улсын хүмүүс илүү адилхан, үндэс нэгтэй, нэг юмны хоёр тал гэдэг нь ойлгогдох болсон.

-Унгар, Монгол хүмүүсийн адил төстэй талууд юу байгаа бол?

-Юуны өмнө Унгар хүн ч биш, монгол хүн ч биш өөр улсын хүмүүс судалгааны үр дүнг минь баталсан нь үнэхээр сайхан мэдээ. Шинжлэх ухааны түвшинд батлагдчихлаа. Амьдрал дээр Унгар, Монгол хүмүүсийн болон амьдралын ижил төстэй талууд олон байгаа. Тухайлбал, ижил үгнүүд. Ихэр-Икэр, үхэр-үкэр, бяруу-борюу, тэнгэр-тангэр, тагш-табши гэх мэтээр 1500 орчим үг нэг үг шиг л сонсогддог. Шүтлэг бишрэл ч ижил. Өдгөөгийн Унгарчуудын нэлээд хэсэг  одоо ч тэнгэр шүтлэгтэй. Бөө нар ч бий. Тэнгэр шүтлэгийн зан үйлүүд болох овоо тахих зан үйл нь ч, овоо нь тэр чигээрээ байгаа.

Рашаан булгийн эхийг Монголчууд хашиж хамгаалдаг. Галын тахилга буюу галаа дээдэлж тахидаг нүүдэлчдийн амьдралын хэв маягтай холбоотой зан үйл одоо ч байгаа. 14-р зууны үед болон Лаёс хааны удирдлагаар Итали руу дайтахдаа унгар эрчүүд борц аваад явдаг байсан баримт ч бий. Борцыг манайхаар “ПӨРЦ” гэдэг. Транслванид байдаг Секейчүүд одоо ч борц хийдэг болохыг мэдээд би маш их гайхсан. Яах аргагүй нэг гаралтайн баталгаа. Зан аашийн хувьд ч монгол хүмүүстэй их төстэй.

Европын бусад улсын хүмүүстэй харьцуулахад өөр байдаг. Монголтой илүү төстэй, уучламтгай, хүлээцтэй. Юмыг холуур харж, ул суурьтай боддог. Монгол хүний олон сайн чанар нь унгар хүмүүст байдаг. Итгэсэн хүндээ маш сайн итгэл өгдөг. Миний монгол найз Г.Хишигбадам бид хоёр анх 1995 онд МУИС-ийн хичээлийн 2-р байрны гуравдугаар давхарт танилцсан. Бид тэр цагаас хойш 25 жил нөхөрлөж байна. Одоо ч бие биенээ хараад л ойлгодог, бараг л нэг хүн шиг болж дээ, бид хоёр.

-Дэлхийн олон улс үндэстэн дундаас нэг уг гаралтай гэдгээ мэдэх нь хойч ирээдүйд ямар үр өгөөж, ашиг тустай гэж та бодож байна вэ?

– Миний бодлоор үнэхээр хэрэгтэй. Манай Унгарын бараг хот болгонд судлаачид эртний түүх, соёлын талаар лекц уншдаг. Залуучууд маш идэвхитэй оролцдог. Одоо манайд нум сум харваа маш их дэлгэрч байна. Залуучууд эрт дээр үеэс уламжлан ирсэн үндэсний хувцсаа өмсөж,  зохион байгуулж буй арга хэмжээнд идэвхитэй оролцох болсон. Атилла хааны хөшөө баригдлаа. Түүхээ мэдэж, соёл заншлаа хадгалах нь Унгарын залуучуудын ирээдүйд маш чухал.

Унгарын хамгийн өндөр Кекештето /Монголоор Хөх хайрхан/ уулын орой дээр байрлах тахилгатай мод болон хамгийн эртний овоонууд
Хамгийн эртний овоо

-Монгол залуучуудын хувьд ч мөн адил Европ тивд адилхан уг гаралтай улс орон байгаа гэдгийг мэдэж, өнгөрсөн үеийнхээ түүхийг марталгүй дараа үедээ өвлүүлэхэд хэрэгтэй тийм үү?

-Тэгэлгүй яахав. Одоо Унгарт болдог олон арга хэмжээнд тэнд амьдарч буй монголчууд оролцож сур харваж, бөх барилддаг. Үнэхээр сайхан. Мөн тэнгэр шүтлэгийн талаар маш их сонирхдог. Галын тахилга, овоо тахилга, булгийн эх хашиж байна. Модны тахилга байдаг. Сэлэнгийн ээж мод шиг яг адилхан Этүгэн гэж нэрлэн дээдэлдэг гэхдээ тэд нарыг манай христосын сахиус болон Мариа болон манай эртний эмэгтэй бурхан болон Болдогассунаар нэрлэдэг. Бид нарын хамгийн их очдог Кекештето гээд уул бий. Унгарын хамгийн өндөр уул. Тэр уулыг тойруулаад орчин цагийн амралтын газар хийсэн. Тэр уулын хамгийн дээд орой дээр нь эрт дээр үеийн овоо байдаг. Сэлэнгийн ээж мод шиг хадаг уячихсан. Унгарт мотоциклийн ослоор маш олон хүн нас бардаг.  Гэрийнхэн нь тэдний зураг хөргийг овооны орчимд байрлуулан даатгаж залбирдаг зан үйлтэй.

Будапешт хот болон хот орчимд рашаан булгийн эхийг ингэж хамгаалдаг

Хамгийн гол нь энэ сүсэг бишрэлд түшиглээд аялал жуулчлал, амралт зугаалгаа хөгжүүлчихсэн. Тэр том уулыг тойруулан засмал замтай, амралтын газрууд бий. Мөн Атилла хааны нэртэй булгийг шүтдэг. Булгийн шүтлэг дээр түшиглээд рашаан уснаас нь шугам хоолойгоор татаж авсан зочид буудлууд үйл ажиллагаа явуулдаг. Рашааны эмчилгээтэй зочид буудлууд Будапешт хотод олон болсон. Энэ бүхэн бол нүүдэлчин монголчуудын амьдралын хэв маяг, зан заншлийн нэг хэлбэр нь орчин үеийн хэв маягт шилжээд явж байгаагийн илрэл юм.  

Рашааныг шугам хоолойгоор дамжуулан авч ашигладаг

Европт рашаан усыг дээдэлдэг улс ер нь байдаг юм уу?

-Европт бага зэрэг л хэрэглэдэг. Унгар шиг ихээр хэрэглэдэггүй. Швейцар болон бусад орнуудад бий. Гэхдээ Унгар шиг хөгжүүлж, ашиг тусыг нь мэдэрдэггүй. Нөгөө талаар Европт хамгийн их рашаантай газар нь Унгар. Хүннүгийн ул мөр Герман, Швейцари зэрэг улсуудад байдаг ч  тэд ердөөсөө судалдаггүй. Их сонин. Хааяа нэг хийгддэг судалгааг тэнд амьдардаг Унгар хүмүүс л хийсэн байдаг. Тиймээс бид ёс заншилаа маш сайн хадгалж чадсан  гэдэг утгаараа 2000 жил болчихсон ч генд нь мэдээлэл байгаа юм. Бидэнд хүннү удмын ёс заншил, соёлын мэдээлэл байгаа учраас Унгар хүмүүс маш их уншдаг, мэдлэг хуримтлуулдаг. Энэ зан чанар нь Европт их ховор. Бид хамгийн их уншдаг ард түмэн. Монголчууд ч мөн адил их уншдаг. Мэдлэгтэй ард түмэн шүү дээ.

-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны цаашдын эрдэм шинжилгээний судалгааны ажилд өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Ярилцсан: П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close