Засгийн газарГадаад харилцааСурвалжлагаНийгэмОнцлохФото сурвалжлагаШинэ мэдээ

“Эрх чөлөө тусгаар тогтнолын үнэ цэнэ”

75 жилийн тэртээд дайчин эрс эрх чөлөө тусгаар тогтнолоо баталгаажуулахын төлөө залуу халуун насаа үл хайрлан тулалдаж, дэлхийн 2 дугаар дайны төгсгөл болсныг зарлан тунхаглахад гар бие оролцож явсан түүхтэй.

Энэхүү түүхт он жилүүдийг эргэн дурсаж ОХУ-ын “Россоттрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын санаачилгаар Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн болон Тагнуулын ерөнхий газартай хамтран “Дэлхийн II дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд зохион байгууллаа.

Хуралд  Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар тэргүүтэй албаныхан, Монгол болон ОХУ-ын эрдэмтэн, судлаачид оролцлоо.

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хэлэхдээ “Өнөөдөр Дэлхийн 61 улс оролцож 60 гаруй сая хүний амь насыг авч одсон дэлхийн хоёрдугаар дайн дууссан түүхт өдөр юм. Тийм ч учраас Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 75 жилийн ойг олон орон ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Бид ч бас Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг авчирсан Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойг улс орон даяар, дэлхийн дайны хамгийн хүнд хүчрийг үүрч гарсан Оросын ард түмний хамт тэмдэглэж байна. XX зууны Монголын түүхийн хамгийн аугаа гайхамшигт үйл явдал бол Японы түрэмгийлэгчдийн эсрэг Оросын Улаан армитай мөр зэрэгцэн тулалдаж, Чөлөөлөх дайнд ялалт байгуулсан явдал юм. Чухамхүү энэ дайны ялалтын үр дүнгээр Монгол Улс тусгаар тогтнож, бүрэн эрхт байдлаа баталгаажуулсан билээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Чөлөөлөх дайны түүхт ялалтын 75 жилийн ойг өндөр хэмжээнд, өргөн далайцтай тэмдэглэн өнгөрүүлэх боломжгүй байгаа хэдий ч Монгол Улсын Батлан хамгаалах яам бусад байгууллагатай хамтран ахмад дайчдынхаа гавьяа зүтгэлийг мөнхжүүлэн алдаршуулах олон ажлыг санаачлан хийсээр байна” гэв.

Мөн ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов “Зөвлөлт болон Монголын армийн эрэлхэг цэрэг, дайчдын амжилттай давшилтын ачаар дэлхийн хоёрдугаар дайн төгсөх үр дүнд хүрсэн. Дэлхийн хоёрдугаар дайны түүхийг мушгин гуйвуулах оролдлого ихээр гарч эхэлсэн энэ үед ялалт байгуулсан цэргүүдийн арилшгүй гавьяаг мөнхжүүлэх, цаашид сурталчлах нь туйлын ач холбогдолтой” гэдгийг онцлоод хуралд оролцогсдод амжилт хүслээ.

Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү эрдэм шинжилгээний хурлыг Чөлөөлөх дайнд оролцож, түүхэн ялалт байгуулсан ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх, тэдний гавьяат үйлсийг мөнхжүүлэх, ирээдүй хойчдоо сануулах, сурталчлах, хүүхэд, залууст үндэсний бахархалт үзлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулсан билээ. Монгол болон ОХУ-ын 20 гаруй шилдэг эрдэмтэн, судлаач танхимд болон цахим хэлбэрээр илтгэлээ хэлэлцүүлж, хоёр орны цэргийн түүхч, судлаачид энэхүү хурлаар урьд өмнө хэлэлцэгдэж байгаагүй түүхийн олон асуудлыг хөндсөн гэдгийг хуралд оролцогч болон үзэж сонирхсон эрхмүүд онцолж байлаа.

Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн даргадоктор (Ph.D), хошууч Т.Сүхбаатар хэлэхдээ “Ковидын үед Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойд тохиосон ч энэ дайнд оролцож амьд сэрүүн байгаа 90 гаруй ахмад дайчид, тэдний үр хүүхэд харж хүлээж байгааг харгалзан ОХУ-ын Соёл шинэжлэх ухаантай хамтраад онлайн хурал зохиоэ байгууллаа. Монголын тусгаар тогтнолыг Чөлөөлөх дайны ачаар баталгаажуулсан. Учир нь бид хэдийгээр Халх голын дайнд ялалт байгуулсан ч тусгаар улс болж чадаагүй. Харин 1945 оны чөлөөлөх дайнд ялснаар тусгаар улс болох замаа нээсэн. Ялангуяа энэ дайны үр дүнгээр 1945 оны 10 сарын 20 нд бүх нийтийн санал асуулга явагдаж, энэ санал асуулгаар  монголчууд маань өөрсдийн тусгаар тогтнолын төлөө 100 хувь санал өгч, Монгол Улсыг Тусгаар улс гэж хүлээн зөвшөөрсөн. Монгол Улс Чөлөөлөх дайнд оролцсон хэд хэдэн  улс төрийн нөхцөл шалтгаан байсан. Тухайлбал, эртнээс салсан байсан Өвөр Монголыг нэгтгэж нэг улс болгох зорилготой байсан, энэ зорилго биелээгүй боловч тодорхой хэмжээнд амжилтад хүрсэн. Нөгөө талаар дэлхий II дугаар дайныг дуусгасан “Ялагч гүрэн” гэдэг  статусыг олж авснаар НҮБ-д элсэх  боломж нээгдсэн. Яагаад гэвэл нийтийн дайсны эсрэг холбоотнуудтай хамтран оролцож ялалт байгуулсан учраас НҮБ татгалзах зүйлгүй гэж үзсэн. Хамгийн гол нь Монголчууд маань энэхүү чөлөөлөх дайнд оролцсоноор эрх зүйн харилцаанд орох чадвартай тусгаар улс гэдгээ харуулсан маш том алхам болсон. Чөлөөлөх дайнд Монголын 21384 мянган дайчин эрс оролцсон  бөгөөд Ардын өөрийгөө хамгаалах морьт  отряд маань  100 орчим хүнтэй 2 чиглэлээр орж, зүүн хойд Хятадыг чөлөөлсөн. Энэ бол Монголчууд Цагаан хэрэмд тулж очсон хоёр дахь тохиолдол бөгөөд Монголын цэрэг эрс анхны энхийг сахиулах ажиллагааг гүйцэтгэсэн гэж үздэг” хэмээн онцолсон билээ.

Мөн энэ үеэр Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” үзэсгэлэнг нээж архивын ховор баримтууд, эд өлгийн зүйлс, дайчдын хувцас хэрэглэл зэрэг үзмэрийг дэлгэлээ. Тус үзэсгэлэнг 9 дүгээр сарын 01-09-ний өдрүүдэд олон нийтэд нээлттэй үзүүлж байгаа юм.

Түүхт ойн хүрээнд хийгдсэн удаах арга хэмжээ бол Чөлөөлөх дайнд оролцсон Монгол Ардын Хувьсгалт цэргээс 94-103 насны 78 хүн өдгөө энх тунх амьдарч байгаа дайчдын төлөөлөл болгож зарим ахмад дайчдад төрийн одон, медаль гардуулах ёслолын үйл ажиллагааг Офицеруудын ордонд зохилн байгуулсан юм. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гардуулан өгсөн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“…Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн халдашгүй дархан байдлыг амь биеэ үл хайрлан батлан хамгаалж, эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, залуу хойч үеийнхээ өмнө гарамгай гавьяа байгуулсан дараах ахмад дайчдыг төрийн дээд одон медалиар шагнасугай” гэжээ.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ Дэлхийн хоёрдугаар дайныг төгсгөж, Ази тив дэх дайны сүүлчийн голомтыг устгах Алс Дорнодын зэвсэгт ажиллагаа буюу Монголчуудын нэрлэдгээр 1945 оны Чөлөөлөх дайнд Бүгд Найрамдах Монгол Ард Улс оролцох шийдвэр гаргасан нь энхийг тогтоох, Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхэд үнэлж баршгүй том гавьяа байгуулсан түүхэн шийдвэр байлаа. Чөлөөлөх дайнд Монгол ардын хувьсгалт цэргийн морьт механикжуулсан бүлэгт 21000 гаруй монгол цэрэг үүрэг гүйцэтгэж байсан юм. Чөлөөлөх дайны гол ололт нь 1945 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Зөвлөлт Холбоот Улс, Дундад Иргэн Улсын хооронд найрамдлын гэрээ байгуулагдаж, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх тухай ноот бичиг солилцсон явдал юм. Ингэснээр 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Монгол орон даяар бүх нийтийн санал асуулга явагдаж, Монголчууд нэгэн дуугаар тусгаар тогтнолоо бататгасан байдаг юм. Санал асуулгын дүнд үндэслэн Дундад Иргэн Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаагаа 1946 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр бичгээр ирүүлсэн билээ. Ийм аугаа түүхт дайны 75 жилийн ойг та бид бахдал омогшил дүүрэн тэмдэглэж байна. Энэ бол хэзээ ч мартаж, хайхрахгүй орхиж боломгүй түүхийн хуудас, бидний дайчин түүх билээ. Чөлөөлөх дайнд оролцсон нийт ахмад дайчдадаа халуун баяр хүргэе” гэв.

Дараа нь Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг тэргүүтэй Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын бүрэлдэхүүн, ахмад дайчид БНМАУ-ын Гарамгай баатар Л.Дандарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн юм.

Энэ үеэр Ахмад дайчин н.Чимиддамба хэлэхдээ “Би 1944 онд цэрэгт тататгдаж, Завхан аймгаас морин өртөө, үхэр тэргээр дамжин Нийслэл хотод ирж байлаа. Зүүн хязгаарт хуваарилагдан Тамсагийн 1 дүгээр сумангийн 2 дугаар заставт Хязгаарын цэргийн ангид алба хааж байгаад 1945 оны 8 сарын 10 ны өдөр Зөвлөлтийн улаан армийн 6 дугаар дивизтэй хамт Өвөрмонгол Манжуурт очиж тулалдаж байсан. Бидний залуу халуун насаа үл хайрлан эх орон ард түмнийхээ төлөө тулалдаж, эх орныхоо эрх чөлөөг хамгаалж үлдсэнд минь Орос монгол ахан дүүс хамтдаа ийм сайхан арга хэмжээ зохион байгуулж байгаад талархаж байна. Эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө алтан амиа өгсөн олон олон дайчин эрсийн дурсгалыг хүндэтгэж, эх орноо хайрлаж ухаантай амьдраарай хүүхдүүд минь гэж захья даа” хэмээн хэлсэн билээ.

ХХ зуунд Монголын ард түмэн, Зөвлөлтийн улаан армитай мөр зэрэгцэн хоёр удаагийн дайнд мордож, ялалт байгуулсан юм. 1939 оны Халхын голын дайн нь Дэлхийн хоёр дугаар дайны эхлэл байсан бол 1945 оны Чөлөөлөх дайн нь тэрхүү дайны төгсгөл байсан билээ. Тиймээс Чөлөөлөх дайны түүхт ялалт Монгол улсын тусгаар тогтнолыг бэхжүүлж, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бататган хамгаалж, Монгол, Зөвлөлтийн ард түмний найрамдлыг халуун цусаараа мөнхөд гагнасан үнэн түүхийг үеийн үед дурсан санах учиртай. Эрх чөлөө тусгаар тогтнолын үнэ цэнэ тэртээх 75 жилийн өмнө эх орныхоо төлөө эрэлхэгээр тулалдсан дайчин эрсийн амь нас, эр зориг дээр тогтсон гэдгийг мартах учиргүй билээ.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close