ЭМЯОнцлохШинэ мэдээ
Дам тамхидалтад өртөх нь коронавирусээр халдварлах эрсдлийг нэмэгдүүлж байна
ЭМЯ-наас дэлхий дахинд хийгдэж байгаа шинэ судалгаа, шинжилгээний ажлуудын үр дүн болон улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө.
Судалгаа, шинжилгээний ажлууд:
- АНУ-ын эрдэмтэд 2021 оны нэгдүгээр сар гэхэд коронавируст халдвараас үүдэлтэй нас баралт тус улсад 410 мянгад хүрнэ гэж тооцоолсон байна. Харин амны хаалтыг зохистой хэрэглэвэл энэ тоог бууруулах боломжтойг онцлон мэдээлжээ.
- Австралийн эрдэмтэд тамхи татах, дам тамхидалтад өртөх, ялангуяа электрон тамхи хэрэглэх нь коронавируст халдвараар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлж байна гэж үзжээ. Судалгааны дүнд гурван ширхэг тамхи татахад халдвар авах эрсдэл хоёр дахин нэмэгдэнэ хэмээн тооцоолсныг мэдээлсэн байна.
- Исланд улсын нийт хүн амын нэг хувь халдвар аваад байгаа бөгөөд халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар дархлаа тогтоцын түвшин 4 сарын хугацаатай үргэлжилж байна гэж үзжээ.
Улс орнуудын авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээнүүд:
- Австралийн Мельбурн хотод халдварын түвшин буурч байгаа. Гэсэн хэдий ч есдүгээр сарын 28 хүртэл хязгаарлалтын дэглэмүүдийг үргэлжлүүлэх юм байна.
- Израйл улсад халдвар эрс нэмэгдэж байгаа учраас эдгэрсэн хүмүүс сайн дурын үндсэн дээр халдвартай хүмүүсийн асаргааны сувилгааны ажилд оролцох болжээ.
- Их Британид эдгэрсэн хүмүүсийн цусны сийвэнг авч эмчилгээнд хэрэглэх болсон байна.
- Франц улсын засаг захиргааны 94 бүсийн 33-г коронавируст халдварын улаан бүс гэсэн ангилалд оруулжээ. Улаан бүсэд амны хаалт заавал зүүж, хүн хоорондын зайг баримтлах бөгөөд цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоожээ.
- Сингапур улс амны хаалт зүүх, хүн хоорондын зайг баримтлах журмыг зөрчсөн үйлчилгээний байгууллагуудад мөнгөн торгууль ногдуулж байна.