Улсын онцгой комиссоос гаргасан тушаал, шийдвэрт мониторинг хийнэ
Монгол Улсын Шадар сайдын тушаалаар “ Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, УОК-ын дэргэдэх Шуурхай штабаас гаргасан холбогдох хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийх ажлын хэсэг”-ийг байгуулсан.
Бүх холбогдох яамд, агентлагуудын төлөөллөөс бүрдсэн тус ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, хяналт, үнэлгээ хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.
Тус ажлын хэсэгт УОК-ын дэргэдэх Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр Шуурхай штабын үйл ажиллагаа, тулгамдаж байгаа асуудал, цаашдын ажлын төлөвлөгөө, анхаарах асуудлуудаа танилцуулж, Шуурхай штабын холбогдох багуудаас мэдээллийг нээлттэй авч, шаардлагатай бүх газруудад биечлэн очиж үзэн, холбогдох байгууллагатай мэдээлэл солилцоог хэрхэн идэвхжүүлж, хамтран ажиллах талаар нухацтай судалж, дүн шинжилгээ хийж, зөвлөмж гаргаж өгөхийг хүслээ.
Мөн тусгаарлах байруудын олдоц, тусгаарлалтын үнийг дахин авч үзэж, Шуурхай штабаас оруулж байгаа саналыг судалж, цаашид авч хэрэгжүүлж болох эсэх дээр бодиттой дүгнэлт гаргахыг хүссэн юм.
Тэгвэл МУЗН-ийн дарга Н.Болормаа, Аливаа гамшгийн нөхцөл байдлын үед Монголын Улаан Загалмай нийгэмлэг Онцгой байдлын байгууллагатай хамтран байнга хамтран ажилладаг. Шуурхай штабт ажиллаж байгаа хүмүүс ар гэрт нь ажил явдал тохиолдоход оршуулгад нь оролцож амжихгүйгээр ажиллаж байгаа. Тиймээс төр ингэж ажиллаж байгаа хүмүүсээ аливаа эрсдэлээс хамгаалах учиртай. Эрүүл мэндийн яам, Шуурхай штабын уялдаа холбоог сайжруулж, хариуцлагын зөв тогтолцоог гаргаж ирэхийг чухалчилах ёстой. Ажлын хэсэг дотроо хэд хэдэн чиглэлд хуваагдан судалгаа шинжилгээг хийх зөв болов уу” гэсэн юм.
Шадар сайдын Онцгой байдлын асуудал хариуцсан зөвлөх Л.Саянаа, Улсын онцгой комисс, Шуурхай штабаас одоо цаашид асуудал хүндэрч, “КОВИД-19” дотоодод илэрсэн тохиолдолд яаж ажиллах вэ, бэлэн байдлаа яаж хангах вэ гэдэг дээр гол анхаарлаа төвлөрүүлж байгаа. Тиймээс энэ ажлын хэсэг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласнаас хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан тушаал, шийдвэрийн хэрэгжилт дээр хяналт, мониторинг хийнэ. Ажлын дэд хэсгүүдэд хуваагдаж судалгаа шинжилгээ хийх нь зүйтэй” гэлээ.
Тус ажлын хэсэг ирэх аравдугаар сарын 15 гэхэд санал, дүгнэлт, зөвлөмжөө боловсруулж Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Шадар сайдад танилцуулна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.