Уул уурхайШинэ мэдээ

2 тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ

Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын хамт олон “Ковид-19” цар тахлын үед өртөг зардлаа бууруулж, нэмэгдэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр 10 ажил төлөвлөн хэрэгжүүлж байна. Тухайлбал, үйлдвэрлэлээс гарч буй ган зоргодсыг жижиглэн, дахин хайлалтад ашиглахаар төлөвлөн, засвар үйлчилгээ хийж эхэлжээ. Ингэснээр, ган зоргодосны хаягдалгүй болно гэсэн үг.

Эднийхэн өмнө нь ширмэн болон өнгөт металлын зоргодсыг дахин хайлуулж ашиглаж эхэлсэн бол ган зоргодсоо ч дахин ашиглах боломж  бүрдэж байна. Эдийн засгийн хямралын эсрэг авах арга хэмжээний хүрээнд нийт 2.5 тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөснөөс оны эхний найман сарын байдлаар 2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. 

Заводын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, бусад төлөвлөгөөт зорилтоо биелүүлэн ажиллаж байна. “Цутгуурын цехэд Хүйтнээр хатуурах холимгоор хэв барих шугамын технологи нэвтрүүлж, үйлдвэрлэл эхлээд гурван сар болж байгаа. Шинэ технологийн үйлдвэрлэлийн үзүүлэлт хэвийн бөгөөд үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангахад онцгой анхаарлаа.

Өөрөөр хэлбэл, аливаа доголдол саатлыг арилгаж, технологи жигдрэлтийг чухалчилж байна. Шинэ технологийн горим, үйл явцад ажилтнууд сэтгэл өндөр байна. Энэ оны сүүлчээр шинэ технологи бүрэн нутагшиж, үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтэд эергээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна” гэж Засвар механикийн заводын дарга Б.Баасансүрэн оны эхний найман сарын ажлаа дүгнэлээ. 

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close