Н.Ариунболд: Ариг банкинд хуулинд заасан арга хэмжээ авсан
Ариг банктай холбоотой асуудлаар Монголбанкны Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын захирал Н.Ариунбатаас дараах тодруулгыг авлаа.
Ариг банканд Банкны тухай хуулийн дагуу “Нөхцөлт удирдлагын арга хэмжээ”-г хэрэгжүүлсэн тухай Монголбанкнаас энэ оны 1 дүгээр сард мэдэгдэж байсан. Ямар үндэслэлээр энэ гаргасан бэ?
Монголбанкнаас Банкны тухай хуулийн дагуу банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 2018 оны эцэст 50.0 тэрбум төгрөгт хүргэн нэмэгдүүлэхийг 2015 онд бүх банкинд үүрэг болгосон байдаг. Ариг банкнаас бусад бүх банк үүргийг биелүүлсэн. Гэтэл Ариг банкны банкны хувьцаа эзэмшигч нар Монголбанкнаас тогтоосон банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээнд хүргэж хөрөнгөө нэмэгдүүлээгүй, улмаар хоорондоо маргалдан хувьцаа эзэмшигчдийн хурал болон төлөөлөн удирдах зөвлөл нь хуралдаж чаддаггүй, шийдвэр гаргах эрх зүйн чадамжгүй болж банкны зохистой засаглал нь бүрэн алдагдсан байсан.Тийм учраас Банкны тухай хуульд заасны дагуу Монголбанк харилцагч, хадгаламж эзэмшигч нарын эрх ашгийг хамгаалах үүргийнхээ дагуу арга хэмжээгээ авч хэрэгжүүлсэн.
Хувьцаа эзэмшигч нарын хоорондын маргаан нь Ариг банкны үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх вэ?
Хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл нь аливаа шийдвэр гаргаж чадахгүй байгаагаас тухайн жилийн төсөв нь батлагдахгүй, хөндлөнгийн аудит сонгож чадахгүй байгаа болон бусад олон хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас банкны өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй болж харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг хохирох өндөр эрсдэл үүссэн.
Ариг банкны хувьцаа эзэмшигч “Анд системс” ХХК-д банкны хувьцааг шилжүүлсэн гэх асуудалд тайлбар өгнө үү.
Компанийн тухай хууль, Банкны тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа бусдад худалдах, шилжүүлэх асуудлыг компанийн эрх барих дээд байгууллага болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлэх ёстой байдаг. Иймд холбогдох материалыг хууль, журамд нийцүүлэн Монголбанканд ирүүлэхийг мэдэгдэж байсан.
Монголбанкнаас тус банкны хувьцаа эзэмшигчдийн саналын эрхийг түдгэлзүүлсэн гэсэн. Яагаад ингэж шийдвэрлэсэн бэ?
Ариг банкинд “Нөхцөлт удирдлагын арга хэмжээ”-г хэрэгжүүлж, хувьцаа эзэмшигчдийн хурлыг 4 удаа хуралдуулсан боловч Монголбанк, түүнээс томилсон Бүрэн эрхт төлөөлөгчөөс тавьсан шаардлагын дагуу хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх асуудлаар хувьцаа эзэмшигчид нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй, саналын эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа тул хувьцаа эзэмшигчид (“Дэм санхүүгийн нэгдэл” ХХК, “Улаанбаатар импекс” ХХК)-ийн саналын эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Нөхцөлт удирдлагын арга хэмжээ авч хэрэгжүүлсэнээс хойш харилцах, хадгаламж эзэмшигч нар мөнгөн хөрөнгөө татаж байгаа нь юутай холбоотой вэ?
Хувьцаа эзэмшигч нар хоорондоо маргалдаж, нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй, Банкны удирдлагын зохистой засаглал алдагдсан байгаа үед харилцагч, хадгаламж эзэмшигч нар өөрийн мөнгөн хөрөнгөө татаж авах нь хэвийн үзэгдэл шүү дээ. Ингэлээ гээд Ариг банк харицлагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг тэдний анхны шаардлагаар гарган өгөх үүрэгтэй.
Одоо тус банканд Монголбанкнаас ямар арга хэмжээг хэрэгжүүлж байна вэ?
Банкны тухай хуульд заасны дагуу урьдчилсан сэргийлэх арга хэмжээний хүрээнд “Нөхцөлт удирдлагын арга хэмжээ”-г хэрэгжүүлж, Монголбанкнаас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч холбогдох хуульд заасны дагуу арга хэмжээг аван ажиллаж байна.
Тодруулга өгсөнд баярлалаа.