Уул уурхайШинэ мэдээ

М.Отгон: Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, барилгын ажил эрчимтэй явж байна

Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн барилгын ажил өрнөж байна. Энэхүү ажлын явцын талаар Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгоноос тодрууллаа.

-Барилгын ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү?

-Барилгын газар шорооны болон цутгалтын ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй үргэлжилж байна. Ер нь үйлдвэрийн газрын захиргаанаас барилгын ажлыг шуурхай явуулах бүхий л нөхцөл бололцоогоор ханган ажиллахын зэрэгцээ  дүрэм журмын дагуу хяналтаа ч сайжруулна  гэсэн байр суурьтай  байгаа.  Бид өдөр бүр ажлын явцыг газар дээр нь үзэж, тулгамдсан  асуудлыг шийдээд явж байна. Өнгөрсөн 7 хоногт үндсэн тээрмүүдийн суурийн хэсгийн эхний цутгалтыг хийлээ. Үндсэн нэг тээрмийн суурийн хэсгийн цутгалтын ажлыг өнөө өглөөний /лхагва гараг/ 6 цаг 10 минутад дууслаа.  Энэ ажилд ойролцоогоор 960 орчим метр куб бетон зуурмагийг 24 цаг тасралтгүй цутгасан. Одоогийн байдлаар Төв корпусын газар шорооны ажил 95 хувьтай, нийт  барилгынх 50 гаруй хувьтай явна.

-Өргөтгөлийн газар шорооны ажил хэзээ дуусах вэ?

-Бид 9-р сарын дундуур дуусгахаар шамдаж байна.

-Ажлын хэсгийн энэ удаагийн хурлаас ямар үүрэг даалгавар өгөв?

-Барилгын ажлаа эрчим-жүүл, металл хийцийн үйлдвэрлэлийг яаравчлуул гэсэн. Гүйцэтгэгчийн мэдээл-лээр 9-р сарын сүүлчээр эхний металл хийцүүд бууна гэж байна. Энэ бол боломжийн хугацаа. Хүйтрэхээс өмнө металл хийцүүдээ босгоод авбал өвлийн хүйтэнд бусад ажлуудаа хийх боломж бүрдэнэ.

-Тоног төхөөрөмжүүдийн үйлдвэрлэлийн явц ямар байгаа бол?

Өргөтгөлийн барилгын ажилтай үндсэн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, зураг төслийн зарим ажлууд зэрэгцэн хийгдэж байна.

Бүх тоног төхөөрөмж үйлдвэрлэгдэж байгаа. Үндсэн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 30-60 хувьтай яваа. Эхний тоног төхөөрөмжүүд 12-р сарын сүүлээр буух төлөвтэй байна.  Хамгийн сүүлд буюу ирэх оны 5-р сард цахилгааны тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдэнэ.  Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, барилгын ажил төлөвлөгөөний дагуу сайн явж байна.

-Камер суурилуулах тухай яригдаж байсан. Энэ талаар?

-Бид өдөр тутмын ажлаа зайнаас хянах, ажлын үе шат бүрийг бичиж, электрон хэлбэрээр хадгалан үлдээх зорилгоор барилгын ажлын талбайд камер суурилуулна. Одоогоор үнийн саналаа судалж байгаа. Амжвал ирэх долоо хоногт камержуулалтаа шийднэ. 

-Цемент хаанаас авч байна, бусад материалын хангалт сайн уу?

-“Хөтөл”, “МАК” компаниудаас цемент авч, цутгалт бетоны ажил хийж байна. 30 вагон арматур буусан. Ер нь барилгын ажил материалын дутагдлаас болж саатаж байгаа юм алга.

-Барилгын ажилд хэчнээн хүн хүч ажиллаж байна?

-Барилгын ажлын гүйцэтгэгч “Эрдэнэт лайт”, туслан гүйцэтгэгч “Орхон од” компанийн нийт 80 гаруй хүн  барилгын ажилд оролцож байгаа.

-Өргөтгөл хэзээ ашиглалтад орох вэ?

-2021 оны наймдугаар сард өргөтгөлийг бүрэн дуусгах шахуу төлөвлөгөөтэй. Манай үйлдвэр ирэх онд уг өргөтгөл ашиглалтад орох байдлаар үр ашгаа тооцож, төсвийн өмнө төлөвлөсөн. Иймээс манайхан, гүйцэтгэгч, захиалагч байгууллагууд  өндөр хариуцлагатай ажиллана.

Я.ЭНХТУЯА

ФОТО: Б.БАТТӨГС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close