Асаргаа шаардлагатай 7121 ахмадуудад багц хүргүүлэв
Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхаа, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Сергей Диордаци болон холбогдох албаны хүмүүс Геронтологийн Үндэсний төвд аймаг, дүүргүүдийн эмнэлгүүдтэй онлайн хэлбэрээр зэрэг холбогдож, ахмадуудад үзүүлэх эмнэлгийн мэргэшсэн тусламжийг сайжруулах ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ.
Монгол Улсын хүн амын 4.2 хувийг 65-аас дээш насны ахмадууд эзэлдэг бөгөөд 2050 он гэхэд энэ үзүүлэлт 2 дахин өсөх хандлагатай байна. “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ЭМЯ, ДЭМБ, Геронтологийн Үндэсний Төв хамтран “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа эрүүл мэндийн 4,5 дугаар бүлгийн настанд Коронавируст халдварын үед болон шинэ хэвийн нөхцөлд олон нийтэд суурилсан настны цогц тусламж үйлчилгээг гэрийн эргэлтээр хүргэх замаар нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд ДЭМБ-ын санхүүжилтээр Геронтологийн Үндэсний Төв нь 21 аймаг болон дүүргүүдтэй зэрэг холбогдох хүчин чадал бүхий цахим сургалтын тоног төхөөрөмжтэй болсон.
Мөн зорилтот бүлгийн 6985 настан, улсын асрамжийн газар амьдардаг 136 настанг 4 удаа гэрийн эргэлтэд хамруулж, тэдэнд хүмүүнлэгийн болон эрүүл мэндийн боловсрол олгох багц хүргүүлээд байна. Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа “Манай улсын ахмадуудын дундаж насжилт 73% орчим байгаа бол өндөр хөгжилтэй улсын ахмадуудын насжилт 84%-д хүрээд байна.
Иймээс ахмадуудынхаа насжилтыг уртасгахаар “Эрүүл насжилт, настаны эрүүл мэнд” хөтөлбөрийн хүрээнд” шат дараалалсан арга хэмжээг хэрэгжүүлж байна. Байнгын асаргаа шаардлагатай, өөрөө бие даан гэрээс гарах боломжгүй ахмадуудад халдвараас сэргийлэх, дархлааг нь дэмжих хүмүүнлэгийн багц болон эрсдэлт өвчлөлөөс сэргийлэх агуулга бүхий эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх багцыг хүргүүлсэн. Мөн дээрх зорилтот бүлгийн ахмадуудыг сайн дурын сургагч багш нараас эхлээд эмч, эмнэлгийн ажилтнууд эргэж тойрч байна.
Эдгээр ажлыг дэмжин санхүүжүүлж байгаа ДЭМБ-даа талархаж байгаагаа илэрхийлье. Цаашид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ахмадуудын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ойртуулах, гэрээр нь үзүүлэх тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн боловсролтой, аюулгүй орчинд амьдарч буй ахмадуудын тоог нэмэгдүүлэхэд онцгой анхаар ажиллах болно” гэж хэлэв.
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Сергей Диордаци: Дэлхийн дахинд насжилт улам нэмэгдсээр байна. Дэлхий дээр нийт 674 мянга орчим хүн 65 болон түүнээс дээш настай байгаа бөгөөд Монгол Улсын багтдаг Ази, Номхон далайн баруун бүсэд 240 сая орчим настнууд байна. Энэ тоо 2050 он гэхэд 2 дахин өсөх хандлагатай байгаа юм. Монгол Улсын хувьд насжилтын асуудлаар үндэсний хэмжээнд баримтлах бодлогын баримт бичигтэй. Үүний хүрээнд ДЭМБ-аас уг төслийг хэрэгжүүлсэн. Энэхүү төсөл нь эрүүл насжилтад иргэдийг бэлтгэх зорилготой гэдгээрээ илүү онцлог юм.