Засгийн газарГадаад харилцааОнцлохШинэ мэдээ

БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмед Язалыг хүлээн авч уулзав

Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд БНТУ-ыг гуравдагч хөрш хэмээн заасан бөгөөд хоёр улс нь түүх, соёлын уламжлалаа эрхэмлэн, найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байгаад баяртай байдгаа илэрхийлэв.

Мөн цэргийн санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд манай Зэвсэгт хүчний шинэчлэлийг дэмжин буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлсээр ирсэнд БНТУ-ын Засгийн газар, Үндэсний Батлан хамгаалах яаманд талархал илэрхийллээ. Түүнчлэн, талууд 1999 онд Батлан хамгаалах салбарт албан ёсны харилцаа тогтоосноос хойш цэргийн сургалт боловсрол, энхийг дэмжих ажиллагааны чадавхийг дээшлүүлэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллаж байгааг тэмдэглэн хэлэв.

Элчин сайд Ахмет Язал Г.Сайханбаярыг Монгол Улсын Батлан хамгаалахын сайдаар томилогдсонлд баяр хүргээд, Батлан хамгаалах салбарын бодлого, гадаад харилцаа хамтын ажиллагааны өргөн мэдлэг, арвин туршлагатай мэргэжлийн сайд томилогдсонд баяртай байгаа бөгөөд цаашид хоёр орны батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Турк улсын цэрэг армийн түүх нь Монгол Улсаас эхлэлтэй болохыг онцлоод өнөөгийн зэвсэгт хүчинд хэрэглэгдэж байгаа цолны нэршлүүд нь аравт, зуут, мянгатын дарга гэх мэт эртний Монгол цэргийн аравтын системээс үүсэлтэй тухай нэмж хэлсэн юм.

Уулзалтын төгсгөлд, талууд Монгол Туркийн батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам амжилттай хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close