Уул уурхайЯрилцлагаОнцлохШинэ мэдээ

О.Отгонбаяр: Бид болзошгүй хүндрэлийг урьдчилан тооцож, ажилласан нь үр дүнгээ өгч байна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/139 тоот тушаалаар тус үйлдвэрийн хэмжээнд шинэ коронавирусын тархалттай холбоотойгоор үүсээд буй хүндрэлийг даван туулж, сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх Төв штаб байгуулагдан ажиллаж байна. Төв штабын даргаар Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, нарийн бичгийн даргаар Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр ажилладаг. Өнгөрсөн хугацаанд Төв штабын хийж хэрэгжүүлсэн ажлын талаар нарийн бичгийн дарга О.Отгонбаяртай ярилцлаа.

-Эрдэнэт үйлдвэр хүндрэлийн үед хэрхэн ажиллах, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх зэрэг бодлого хөтөлбөрийг зангидаж, чиглүүлэх үүрэг бүхий Төв штабын хагас жилийн ажлын тайлан гарсан байна. Энэ хугацаанд шийдэгдсэн асуудал, хэрэгжүүлсэн томоохон ажлуудын талаар мэдээлэл өгнө үү? Өөрөөр хэлбэл, Төв штаб хэрхэн ажиллав?

-Бид Төв штабаас авч хэрэгжүүлэх нэгдсэн хөтөлбөрийг боловсруулан, 3 дугаар сарын 27-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Нэгдсэн хөтөлбөр дотроо “Хүндрэлийг даван туулах арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”, “Үнийн хэлбэлзлийг  тооцсон үйлдвэрлэл, эдийн засгийн арга хэмжээний төлөвлөгөө”, “Хөдөлмөр зохион байгуулалт, цалин хөлсний чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” гэсэн дэд хөтөлбөрүүдтэй.

Нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ чиглэл хариуцсан дөрвөн дэд штабын зохион байгуулалттайгаар долоо хоног тутам биелэлтийг дүгнэж, хяналт тавин ажиллалаа. Эрдэнэт үйлдвэр энэ хүндрэлтэй үеийг  хэрхэн эрсдэлгүй, эдийн засаг үйлдвэрлэлийн үр ашигтай даван туулах боломжтой вэ, үүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг чиглэлээр нийт 136 ажил төлөвлөн хэрэгжүүллээ.

Эдгээрээс 53 ажил бүрэн биелж, 83 нь хэрэгжилтийн шатандаа үргэлжилж, төлөвлөгөөний биелэлт хагас жилийн байдлаар 57.9 хувьтай байна. Төв штабаас чиглэл хариуцсан дэд штабуудад үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, хүндрэлийг даван туулах эдийн засаг, бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын чиглэлээр нийт 74 үүрэг даалгавар өгснөөс 95.9 хувийн биелэлттэй байна.

Үүрэг даалгаврын биелэлтийг штаб бүрээр гаргаж, хянаж ажилласан. Төв штаб ажилласнаар гарч буй томоохон үр дүнгүүдийг тоон дүнгээр илэрхийлбэл, манай хамт олон үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр давуулан биелүүлж, нийт 7.033 тонн зэсийн баяжмал, 399.89 тонн молибдений баяжмал төлөвлөгөөнөөс илүү үйлдвэрлэж, 9.3 тэрбум төгрөгөөр орлогоо нэмэгдүүллээ. Ингэж үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгаврыг биелүүлэх, төлөвлөгөөнөөс илүү үйлдвэрлэж, орлого нэмэгдүүлэхэд үйлдвэрлэлийн чиглэл хариуцсан штаб болон цехүүд, уурхайчид маш сайн санаачилгатай, зөв зохион байгуулалттай ажилласныг хэлэх нь зүйтэй. Өртөг зардлыг бууруулах чиглэлээр үйлдвэрлэл, эдийн засгийн чиглэлийн штабууд сайн ажиллалаа.

Төв штаб долоо хоног тутам нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөний гүйцэтгэлийг эдийн засгийн үр дүнгээр нь тооцож, хянаж ажилласан. Өртөг зардлыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд эхний 6 дугаар сарын байдлаар 42.6 тэрбум төгрөгөөр өртөг зардлаа бууруулж чадлаа. Энэ хүрээнд хямралын эсрэг ажиллах төлөвлөгөө гаргаж, цех бүрт тодорхой даалгавар өгөхийн зэрэгцээ уурхайчин бүрээс хүндрэлийг хэрхэн даван туулах талаар санал бодлыг нь авч, тусгалаа.

Бэрхшээлтэй, тулгамдаж буй асуудлаа  хамтдаа хэлэлцэж, төлөвлөж ажилласны үр дүнд өртөг зардал буурсан гэж хэлж болно. Хөрөнгө оруулалт, худалдан авалтын чиглэлээр 44.8 тэрбум төгрөгийн төсөвт өртгийг хэмнэлээ. Гэрээний нөхцөлийг сайжруулах, үнийн дүнд тодорхой зөв бодлого хэрэгжүүлснээр дээрх үр дүнг бий болголоо. Санхүүгийн чиглэлээр энэ хугацаанд 7.7 тэрбум төгрөгийн санхүүгийн нэмэлт орлого олж, төлөвлөгөөг 37 хувиар давуулан биелүүллээ.

Орлого нэмэгдүүлж, зардал хэмнэх чиглэлээр ажиллахаас гадна Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд үр дүн өгөхүйц том төсөл хөтөлбөрүүдийг Төв штабын хурлаар хэлэлцэж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, үйл явцад нь хяналт тавьж ажиллалаа. Тухайлбал, Засвар механикийн заводын Цутгуурын цехийн Хүйтнээр хатуурах холимгоор хэв бэлтгэх хагас автомат шугамыг 100 хувь ашиглалтад оруулсан.

Хэдийгээр коронавирусын тархалтын улмаас хил гааль хаагдаж, хамтран ажиллах гадаадын компанийн мэргэжилтнүүд ирэх боломжгүй болсон ч манай инженер техникийн ажилтнууд цахимаар заавар зөвлөгөө авч, өөрсдийн хүчээр угсралт, туршилтаа хийснээр энэ бүтээн байгуулалт цаг хугацаандаа ашиглалтад орсон. Мөн Ил уурхайн хөрсний тээвэрт мөчлөгт урсгалт тээврийн технологийн нэвтрүүлэх төсөл, Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барих ажил, Ус хангамжийн цехийн цэвэр ус дамжуулах III шугам, 820 мм-ийн диаметртэй ган хоолой татах ажил зэрэг томоохон төслүүдийн гэрээ батлагдаж, гүйцэтгэгч компанийн ажлын явцад хяналт тавих ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна.

Энэ мэтчилэн Төв штабаас үйлдвэрлэлийн болон нийгэм соёлын төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулж, ажлын гүйцэтгэлд үнэлэлт дүгнэлт өгч, хэлэлцэж байна. Нийгмийн хариуцлагын чиглэлээр  “Уурхайчин-1” орон сууцны хорооллын барилгын ажил, Соёл, спортын цогцолборын “Эрдэнэт цогцолбор”-ын барилгын ажил, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын Ногоон хөгжлийн төвийн барилгын ажил хуваарийн дагуу хэвийн явагдаж байна. “Уурхайчин-2”, “Уурхайчин-3” хорооллуудын ажлын зураг хийгдэж, барилгын ажлыг гүйцэтгэх компаниудтай тус тус гэрээ байгуулж, хорооллуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг холбогдох төрийн байгууллагуудаар батлуулахаар бэлтгэж байна. Энэ бүх ажилд Төв штаб хяналт тавьж, чиглүүлэн ажиллалаа. 

-Коронавирусын тархалттай холбоотойгоор үүсээд буй хүндрэлийг урьдчилан тооцоолж, эрсдэлгүй даван туулах бодлого хэрэгжүүлснээр үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн ажиллаж байгаа юм байна. Хамгийн түрүүнд онцлох үр дүн юу байна вэ?

-Дэлхий нийтийг эдийн засгийн болон бусад хүндрэлтэй нөхцөл байдалд оруулж буй коронавирусын тархалт манай улсад ч сөрөг үр дагавар авчирч байна. Хувийн хэвшлүүд үүд хаалгаа барьж, ажиллагсад нь ажлын байргүй болох гэх мэт олон асуудал гарч ирсэн. Энэ нөхцөл байдлыг  Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал болон түүний удирдлагын баг маш хурдан олж харж, зөв бодлого, зохион байгуулалтын оновчтой арга хэмжээ авч чадсаны үр дүнд өнөөдөр үйл ажиллагаа хэвийн тогтвортой байна.

Төв штабыг анх байгуулахдаа хэдийгээр хүнд цаг үетэй тулгарч буй ч энд нэг ч уурхайчны ажлын байр хөндөгдөх ёсгүй, тэдний ар гэрийг хамгаалах, түүнчлэн улс орны нийгэм эдийн засагт оруулах хувь нэмрээ тасралтгүй үргэлжлүүлэх том зорилт руу чиглүүлсэн. Тиймээс ч өнгөрсөн хугацаанд эрчимтэй ажиллаж, зорилтоо амжилттай биелүүлсэн төдийгүй ажилчдынхаа цалинг нэмлээ. Улсын онцгой комиссын шийдвэрээр нийгмийн цехүүдийн үйл ажиллагаа хэсэгчлэн зогссон ч бид дотоод зохион байгуулалт хийж, ажилтнуудаа сул зогсоохгүйгээр цалинг нь бууруулахгүй байх арга хэмжээ авч ажиллалаа. Өөрөөр хэлбэл, энэ цаг үед нэг уурхайчин, нэг ажилтан ч хамт олны хэсэг учир эв нэгдэлтэй, зохион байгуулалт сайтай байж үр дүнд хүрнэ гэсэн чиглэл баримталсан нь сайн үр дүнд хүргэлээ.

-Дэлхий нийтэд хэдийнэ цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусын аюул одоо ч түгшүүртэйхэвээр байгаа. Тиймээс Төв штаб цаашид ажиллах байх аа? Үйл ажиллагаа, зорилт төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулах уу?

-Мэдээж, Төв штабын үйл ажиллагаа хэзээ коронавирусын тархалт зогсоно, тэр цаг үе хүртэл үргэлжилнэ. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэх, улс орон нутгийн төсөвт оруулах татвараа цаг тухайд нь төлөх, орлого нэмэгдүүлэх,зардал бууруулах зэрэг зорилтоо хэрэгжүүлээд явна. Чиглэл хариуцсан дэд штабууд төлөвлөгөөндөөнэмэлт өөрчлөлт оруулах саналаа Төв штабын хуралд танилцуулах, тэдгээрийг хэлэлцэж шийдвэрлэх гээд зохион байгуулалтын бүх ажил үргэлжлэн тасралтгүй хийгдэх болно. Мөн үйлдвэрлэлийн явцад гарах асуудлыг Төв штаб хэлэлцэж, хамтын шийдвэр гарган хэрэгжүүлж байна.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close