ЯрилцлагаНийгэмОнцлохШинэ мэдээ

Хийж бүтээсэн ажил арга хэмжээ чинь таны өмнөөс дуугардаг

Монгол Улсын Зэвсэгт хүчинд хэлэх үг, хийсэн ажилтай, аль ч албан тушаалд томилогдсон албан үүргээ мадаггүй биелүүлдэг цэргийн дарга олон. Тэдний нэг бол Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагч, хурандаа Д.Дугаррагчаа бөгөөд түүнийг сониныхоо “АНГИЙН ЗАХИРАГЧ ЯРЬЖ БАЙНА” булангийн зочноор урилаа.

Таны төрсөн нутаг ус, аав, ээж, хүүхэд наснаас тань ярилцлагаа эхэлье …
-Миний бие Онон, Хурх голын бэлчирт орших Хэнтий аймгийн Биндэр сумын төвд буюу Их Монгол Улсын Тулгар төрийн тоонот нутагт төрж, өссөн. Аавыг маань Ө.Дагва гэдэг бөгөөд “Бүтээлч” нэгдлийн токарьчноор насаараа ажилласан, нутаг орондоо хүндлэгдсэн төмрийн дархан хүн бөгөөд чөлөөт цагаараа ном их унших, шатар тоглох, загас барих, ан агнах хоббитой. Хүүхдүүдээ хөдөө дагуулж явахдаа нутаг орныхоо талаар түүх, дурсамжийг ярьж өгдөг өргөн хүрээний мэдлэгтэй хүн байсан. Ээжийг маань Б.Намжимаа гэдэг, насаараа багшилснаас гадна сургуулийнхаа өдөр өнжүүлэх төвийг хөгжүүлж, тухайн үеийн хүүхдүүдийн сурлага, хүмүүжил, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд сэтгэл оюунаа зориулсан хүн байлаа. Би долоон хүүхэдтэй айлын тав дахь хүүхэд. Манайх сумын төвийн гаднаа үхэр, малтай айл байсан тул аав, ээжийнхээ ажилд тусалж, тавдугаар ангиас хойш тухайн насны хүүхдэд тохирсон ямаа самнах, хонь хяргах, чацаргана түүх, мал нядлах зэрэг ажлуудад дайчлагдаж, хөдөлмөрийн үр шимийг нь хүртэж өссөн.

Цэргийн хүн болох өөрийн тань сонголт байсан уу, эсвэл ойр дотнын хүний нөлөө байв уу?
-Хүүхэд насанд Оросын сувгуудаар эх орон, дайны сэдэвтэй кино үзэж, үеийн хөвгүүдтэй байлдаж тоглохын зэрэгцээ цэргээс халагдаад ирж байгаа цол, тэмдгүүд нь гялалзсан сүртэй ах нарыг харж бахархдаг, цэргийн албанд явж л ийм сайхан эр хүн болно доо гэсэн төсөөлөл бидний үеийнхэнд байсан. Харин есдүгээр ангид байхдаа усанд живж байсан хоёр хүний алтан амийг аварч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнуулснаас хойш үеийн нөхөд, эрдэмтэн багш нар, ээжийнхээ зөвлөснөөр төрийн албан хаагч болохоор сэтгэл шулуудаж, элсэлтийн шалгалтад бэлтгэсэн ба Цэргийн их сургуульд элссэн. Би бээр зөв газраа ирж, хийх ёстой ажлаа гүйцэтгэж байна гэж боддог.

Сонсогч насныхаа он жилүүдийн сонин хачнаас сонирхуулахгүй юу?
-Залуу насны, оюутан цагийн хамгийн сайхан мөч маань Цэргийн сургуулийн хашаанд өнгөрсөн. Миний “онжав”-ууд жагсаалын талбайн урд талд байрлах цэргийн улаан байранд командын болон инженерийн хоёр ротод хуваагдан байрлаж, сонсогчийн дүрэмт хувцасны сүүлчийн загвараар гангарч байлаа. Бид Цэргийн Нэгдсэн Дээд Сургуулийн ромботой, дэслэгч цолтнууд “Улаан ном”-д орж байх үед армийн алтан фонд болж, анги, салбаруудад томилогдон очиж байлаа. Зах зээлийн хэцүү цаг үе, нийгмийн давалгаа, ганзагын наймааны үе биднийг тойроогүй дайрч, сайн цэргийн дарга болох залуус энгийн амьдралд шилжсэн. Хэдий тийм ч үлдсэн нөхөд маань Зэвсэгт хүчиндээ хоёргүй сэтгэлээр зүтгэж, БХЯ, ЗХЖШ, нэгтгэл, анги, байгууллагын удирдлагад ажиллаж байна.

Ажлын анхны гараа, анхны томилолтын тухайд …
-Цэргийн Их Сургуулийн сургалтын тогтолцоонд 1996 онд өөрчлөлт орж 2, 3 дугаар курсийн дүү нарын хамт ахлах дэслэгч цолтой “Их говийн гарнизон” хэмээн алдаршсан Зэвсэгт хүчний 126 дугаар дивизийн штабт мэргэжилтнээр томилогдсоноор ажлын анхны гараагаа эхлүүлсэн. Тус дивизийн штабт ажил, мэргэжилдээ эзэн нь болсон, цэргийн хэргийн гүнзгий мэдлэгтэй, уйгагүй хөдөлмөрч, гялалзсан цэргийн дарга нарын дэргэд суралцаж, эрдэмтэн багш нарынхаа зааж сургасан онолын мэдлэгийг амьдрал дээр хэрэгжүүлэн ихээхэн туршлага хуримтлуулсан. Мөн Зэвсэг засварын тасгийн дарга, хошууч Г.Цогбадрах хэмээх цэргийн гурван төрөлтийн спортын мастер багшийн гараар орж, нэгтгэлийн болон Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээнүүдэд өрсөлдөж явснаа дурсахад сайхан байна.

Цэргийн хүний онцлог нь нэг газраа байнга ажиллаад байдаггүй. Энэ хугацаанд ямар ямар албан тушаалд томилогдон ажиллаж байсан бэ?
-Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Төмөрбаатар С.Эрдэнэбаатар, Д.Батболд нарын удирдлагад 1998-2007 онд Хадгалах тасгийн дарга, Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаар ажиллах хугацаандаа үндсэн ажлаас гадна ангийн баг, тамирчдыг дасгалжуулан уралдаан, тэмцээнд оролцуулж байлаа. Зэвсэгт хүчний уралдаан, тэмцээний нэгдсэн дүнгээр 1999-2002 онд гурван удаа эхний гурван байрт шалгарч цэрэгжлийн буудлага, цэргийн гурван төрөлт, зуны таван төрөлт, өвлийн хоёр төрөлтийн шилжин явах цомыг нэг бус удаа авч, “Супер офицер”-ын тэмцээнд оролцож явснаа анги, хамт олон, удирдлагын маань итгэл, дэмжлэг гэж боддог.
Мөн Батлан Хамгаалахын Удирдлагын Академид 2007-2009 онд Зэвсэгт хүчний сор болсон залуустай суралцаж, “Стратеги-тактик, команд штаб”-ын мэргэжил эзэмшсэнээр хурандаа С.Дарьзав захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаар нэг жил гаруй ажилласан ба 2010 оны 11 дүгээр сараас Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагчаар дэвшин томилогдсон. Тухайн үед ангийн удирдлага бид гар нийлэмжтэй ажиллаж, Зэвсэгт хүчний бэлэн байдлын үзлэгт тэргүүлж, сурлага, хөдөлмөртөө чанарын ахиц гарган, “Элит”-ийн залуучуудын эрч хүчээр уралдаан, тэмцээний нэгдсэн дүнгээр түрүүлж, Зэвсэгт хүчнийг сурталчлах олон арга хэмжээнд өргөн хүрээтэй оролцож байсан.
Энэтхэг улсын Батлан хамгаалахын коллежид 2012 онд суралцаж ирээд ЗХЖШ-ын БСТГ-ын Стратегийн төлөвлөлтийн хэлтэст ахлах мэргэжилтнээр томилогдон хурандаа Л.Гантөмөр даргатай нэг жил ажилласны дараа Сургалтын хэлтсийн даргаар томилогдсон.

ЗХЖШ-д Сургалтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Зэвсэгт хүчний хэмжээнд сургалтын талаар гаргаж байсан шинэ алхмууд, амжилтуудаа нэрлээч гэвэл …
-Сургалтын хэлтсийн даргаар томилогдон ажиллах хугацаандаа ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Т.Тогмиддүүмий, Ш.Гантулга, А.Эрдэнэбат, мэргэжилтэн, хошууч Ж.Сүх-Очир, Б.Даваа-Очир зэрэг хариуцлагатай, бүтээлч залуустай нэг баг болон ажилласнаараа бахархаж явдаг. Бид ЗХЖШ-аас дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг хангахад голлох үүрэгтэй оролцож, сургуулийн жилийн сургалт бэлтгэлийн заавар, удирдамж, сургалтын нэгдсэн төлөвлөгөө, удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах, бэлтгэл ажлыг нь хангах, цогцолбор болон командлалын шалгалтын удирдамжийг боловсруулан явуулах, биеийн тамир, спортын уралдаан, тэмцээнийг зохион байгуулах зэрэг ажлуудыг амжуулдаг байлаа.
Зэвсэгт хүчний бүтцэд Барилга инженерийн анги, салбарууд байгуулагдсантай холбогдуулан цэргийн сургалтын тогтолцоог шинэчлэх, цаг үеийн шаардлагаар буудлагын хэргийн болон биеийн тамирын заавруудыг шинэчлэн боловсруулах, бусад дүрмүүд гарсантай холбогдуулан цэргийн таних тэмдгийг шинэчлэн боловсруулах ажлуудыг явуулж байсны зэрэгцээ Зэвсэгт хүчний хэмжээнд Штабын тэргүүний ажилтнуудын зөвлөгөөнийг хийж, ахлагчийн болон офицеруудын түвшин тогтоох үзлэгийг зохион байгуулсан нь Зэвсэгт хүчний үндсэн цөм болсон байнгын бүрэлдэхүүнд албан тушаалын шаардлага, шалгуур үзүүлэлтийг заавал хангах үүрэгтэй гэдгийг ойлгуулсан томоохон ажил болсон.

Одоо ажиллаж байгаа Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийнхаа талаар ярих зүйл олон байгаа нь лавтай. Байнга л ачаалалтай, бэлтгэл сургалт явагдаж байдаг олон хөлийн газар гэж хэлж болно. Энэ хэрээр таны ажлын ачаалал, нэг өдрийн цагийн хуваарь их сонирхолтой гарах байх …
-Нийслэл хотынхоо зүүн захаас өглөөдөө хоёр цаг, оройдоо гурван цаг түгжирч 130 километр газрыг туулах замд миний ажлын өдрийн олон үйл явдал өрнөж байдаг.
Ерөнхийдөө ангийн захирагч нарын ажлын ачаалал нь албан тушаалын тодорхойлолт талаасаа ойролцоо боловч тухайн нэгтгэл, ангийн зориулалт, гүйцэтгэж байгаа үүргээсээ шалтгаалаад ялгаатай талууд ажиглагддаг. Манай ангийн хувьд сүүлийн жилүүдэд ангиудын хээрийн гаралт, полигоны дадлага, олон улсын болон хамтарсан сургалт, дадлага, Цэргийн багуудын ажиллагааны өмнөх бэлтгэл, уралдаан, тэмцээний тоо нэмэгдэж жилийн дөрвөн улиралдаа тасралтгүй шахам ачаалалтай болсон. Тиймээс тухайн сард хэдэн сургалт, дадлага, уралдаан, тэмцээн явагдаж байгаагаасаа хамаараад миний ажлын ачааллын зураглал харилцан адилгүй гардаг.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Сургалтын нэгдсэн төвийн удирдлага, хамт олон бид Улаанбаатар цэргийн хүрээний анги, салбарууд, ҮБХИС-ийн сонсогчдын хээрийн гаралт, полигоны дадлага, буудлага, жолоодлого, тактикийн хээрийн сургуулиудыг бэлтгэж, явуулах, Зэвсэгт хүчний аварга шалгаруулах уралдаан, тэмцээнүүд, Олон улсын “Аравт” морин цэргийн уралдааныг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, сургалтын материаллаг баазаа бэхжүүлэхэд онцгой анхаарсан ба 2017 онд Зэвсэгт хүчний тэргүүний ангиар, 2018 онд ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв нь Зэвсэгт хүчний тэргүүний салбараар шалгарсан зэрэг бахдам амжилтын эзэд болсон.
Мөн Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 100 гаруй цэргийн багийн 18 мянга гаруй цэргийн алба хаагчдын ажиллагааны өмнөх бэлтгэлийг хангуулж, “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд оролцсон гадаад, дотоодын олон мянган цэргийн алба хаагчдыг сурган дадлагажуулж, “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” хэмээн үнэлэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Бидний энэхүү ажлын амжилтыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өндрөөр үнэлж, тус ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан бөгөөд өөрийн биеэр хүрэлцэн ирж гардуулж өгсөн нь бидний бахархал болсон.
Энэ жилийн хувьд манай ангийн ачаалал харьцангуй бага байгаа тул засвар, тохижилтын ажлаа амжуулан бие бүрэлдэхүүнийхээ мэргэжлийн дадлага, ур чадварыг дээшлүүлэхэд голчлон анхаарч байна.

Цэргийн дарга, цэргийн хүний баримталдаг зарчмын талаар манай уншигчдад сонирхуулахгүй юу? Таны хувьд ямар зарчмыг албандаа, амьдралдаа мөрдлөг болгодог юм бол …
-Миний мөрдлөг болгодог зарчим бол ямар ч ажлыг хийхдээ их, бага гэж ялгахгүйгээр хариуцлагатай ханддаг. Түүнчлэн үүрэг өгсөн бол заавал биелэлтийг нь шалгаж, биелүүлэх боломжгүй, бэрхшээл хүндрэл гарсан бол эргэж мэдэгдэж байхыг сануулдаг. Мөн ажлыг эхэлсэн л бол дуусгаж байж санаа амардаг. “Таны хийж бүтээсэн ажил, арга хэмжээ таны өмнөөс дуугардаг” гэсэн мэргэн үг байдаг шүү дээ. Ер нь ажиллаж байсан анги, байгууллагаараа ороход хамт олонтойгоо санаа, сэтгэл нийлэн хийж бүтээсэн ажил, арга хэмжээнүүд маань өмнөөс түүх өгүүлэх шиг л сайхан санагддаг юм. Мөн “Хэн, юу тарина, түүнийгээ хураадаг” гэдэг үгийг санаж явахад илүүдэхгүй болов уу.

Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагаасаа хуваалцана уу?
-Сьерра Леон улсад явагдсан НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагаанд хошууч генерал Б.Баярмагнайгийн удирдлагад Ротын захирагчаар үүрэг гүйцэтгэж, цэргийн багийг ажиллагааны газар оронд дэлгэх, алба хаах, амьдрах орчин, нөхцөлөө тохижуулах амаргүй ажлыг хамт олныхоо хүчээр богино хугацаанд амжуулахад голлох үүрэгтэй оролцож, ажиллагааны туршлагыг багагүй хуримтлуулсан.

Түүнээс дөрвөн жилийн дараа Афганистан Улсад явагдаж буй “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд Монгол Улсын хоёрдугаар ээлжийн Цэргийн багийн захирагчаар үүрэг гүйцэтгэж, цэргийн багийн ажиллагааны үеийн сургалт, дадлагыг тогтмолжуулан “Цэргийн багийн туршлага, сургамж” гарын авлагыг гаргаж дараа, дараагийн цэргийн багийн захирагч нарт түгээсэн. Ажиллагааны хугацаанд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүнийг хүлээн авч, тэдний аюулгүй байдлыг ханган, цэргийн багийн үйл ажиллагааг танилцуулсан ба холбогдох албан тушаалтнуудтай уулзуулах амаргүй ажлыг Үндэсний ахлах төлөөлөгч, хурандаа Д.Жавхланбаярын хамт амжилттай зохион байгуулж байсан дурсамж бий.

Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Миний ханийг Эрдэнэбаатарын Болормаа гэдэг. Багш мэргэжилтэй. Өмнөговь аймагт төрсөн. Цэргийн даргын хүүхэд тул Эрдэнэт болон Улаанбаатар хотод өссөн. Бурхан надад сайн хань заяасны хүчинд ар тал руугаа санаа зовохгүй албаа өдий зэрэгтэй хааж явна гэж боддог. Манайх хоёр хүү, хоёр охинтой. Ууган охин маань МУИС-ийг төгссөн, удаах хүү 12 дугаар ангид суралцдаг. Дараагийн охин энэ намар долоодугаар ангид орох ба бага хүү маань таван настай. Сонирхуулахад, бид сүүлийн таван жилийн дотор 21 аймгийнхаа үзэсгэлэнт газруудаар аялж, хүүхдүүддээ газар үзүүлснээр амьдралын ховор агшин болсон зургийн цомгоо баяжуулаад байна.

Сүүлийн асуултыг танд үлдээе …
-Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын үе, үеийн захирагч нартаа болон нийт бие бүрэлдэхүүндээ эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Ярилцсанд баярлалаа.

Хошууч Д.ОЮУНГЭРЭЛ

Таг

Холбоотой мэдээ

Танд таалагдах

Close
Back to top button
Close