НийгэмОнцлохШинэ мэдээ

Улсын хэмжээнд хөдөлмөр эрхэлдэггүй 127.7 мянган хүн байна

Үндэсний Статистикийн хороо /ҮСХ/  жил бүр хөдөлмөрийн зах зээлийн хэмжээ, бүтэц, тэдгээрт гарч буй өөрчлөлтийг богино хугацаанд тодорхойлох зорилгоор Ажиллах хүчний судалгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалын дагуу тогтмол явуулж ирсэн байна

Ажиллах хүчний судалгааны үндсэн тайлан 2019” судалгаанд дурдсанаар улсын хэмжээнд хөдөлмөр эрхэлдэггүй, ажил хайсан болон ажил хийхэд бэлэн байгаа 127.7 мянган ажилгүй хүн байгаа аж. Мөн ажиллагч боловч нэмэлт цалин, орлого олох ажил хайж, илүү цагаар ажиллахыг хүсч байгаа цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид 15.1 мянга байна. Цаашилбал, 58.8 мянган хүн ажиллагч болон ажилгүй гэж ангилагдаагүй, ажил хайж байгаа боловч одоогоор ажилд орох боломжгүй байгаа эсвэл ажил хайгаагүй ч ажил хийх боломжтой байгаа “боломжит ажиллах хүч” байна. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд 201.6 мянган хүнд ажлын байр хүртээмжгүй, эсвэл хангалттай ажлын цаг болон цалин, орлого байхгүй байна гэсэн үг.

УДИРДАХ АЛБАН ТУШААЛД АЖИЛЛАГЧДЫН 43 ХУВЬ ЭМЭГТЭЙЧҮҮД

Удирдах албан тушаалд ажиллагчдын 43 хувь эмэгтэйчүүд байна. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин нь тухайн эдийн засаг хэр хэмжээний хөдөлмөр эрхлэлтийг бий болгож байгаа талаарх мэдээллийг өгдөг бол ажиллах хүчний оролцооны түвшин нь хөдөлмөрийн зах зээлд оролцож буй түвшнийг тодорхойлно. Энэ хоёр үзүүлэлтээс харахад эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх боломж эрэгтэйчүүдийнхтэй харьцуулахад хязгаарлагдмал. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт дэх тэгш байдлыг хэмжих нэг үзүүлэлт бол  “Удирдах албан тушаалд ажиллагчдад эмэгтэйчүүдийн эзлэх хувь” шалгуур үзүүлэлт юм.

ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС ИЛҮҮ ЭРЭГТЭЙЧҮҮД ЦАЛИН ӨНДӨР АВДАГ

Улсын хэмжээнд нийт 60.2 мянган ажиллагчид удирдах албан тушаалд ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийн 25.9 мянга (43.0%) нь эмэгтэйчүүд, 34.3 мянга (57.0%) нь эрэгтэйчүүд байна. Өөрөөр хэлбэл, удирдах албан тушаалд ажиллагчдын 43 хувь нь эмэгтэйчүүд байна. Жендэрт суурилсан цалингийн ялгаа 6.7 хувь байна. Эрэгтэй, эмэгтэй ажиллагчдын цалин хөлс адил тэгш байгаа эсэхийг хянах нэг үзүүлэлт бол жендэрт суурилсан цалингийн ялгааг илэрхийлэх үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, цалинтай ажиллагчдын хувьд эрэгтэйчүүдийн цагийн дундаж цалин эмэгтэйчүүдийнхээс ялгаатай байгаа эсэхийг илэрхийлдэг үзүүлэлт юм. Улсын хэмжээнд эрэгтэй ажиллагчдын цагийн дундаж цалин 4.7 мянга, эмэгтэйчүүдийнх 4.5 мянган төгрөг байна.

ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БУЙ ХОЁР ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ХЭТ ИХ ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА

Хөдөлмөр эрхэлж буй хоёр хүн тутмын нэг нь хэт их цагаар ажиллаж байна. Нийт ажиллагчдын 538.7 мянга (47.0%) нь илүү цагаар ажиллаж байгаа бөгөөд (долоо хоногт 48 цагаас илүү) энэ үзүүлэлт нь эрэгтэйчүүдийнх (54.3%) эмэгтэйчүүдийнхээс (38.8%) 15.5 хувиар их байна. Илүү цагаар ажиллах нь ажиллагчдын бие, сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бөгөөд ажил, амьдралын тэнцвэрийг алдагдуулдаг. Цаашлаад, гэр бүл төлөвлөлт, хүүхдийн хүмүүжил болон ажлын бүтээмжид нөлөөлдөг байна.

УЛСЫН ХЭМЖЭЭНД 15-24 НАСНЫ  ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЭГҮЙ 73.6 МЯНГАН ЗАЛУУЧУУД БАЙНА

15-24 насны залуучуудын 19.6 хувь нь хөдөлмөр эрхлээгүй болон боловсрол, сургалтын хөтөлбөрт хамрагдаагүй байна. Залуучуудын ажилгүйдлийн түвшин нь залуучуудын хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлын талаарх зарим мэдээллийг л илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл хөдөлмөр эрхлээгүй болон суралцаагүй байгаа 15-24 насны эдгээр залуучууд нь хөдөлмөрийн зах зээлд үнэлэгдэх ур чадвар эзэмшээгүй байдаг тул энэ нь тэдний цаашид ажилд орох боломжийг бууруулдаг. Урт хугацаанд энэ үзүүлэлт нь их байх нь тогтвортой эдийн засгийн өсөлтийг улам хүндрүүлдэг гэж үздэг. Улсын хэмжээнд тухайн хугацаанд хөдөлмөр эрхлээгүй, боловсрол, сургалтын хөтөлбөрт хамрагдаагүй 15-24 насны 73.6 мянган залуучууд байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close