ЯрилцлагаНийгэмОнцлохШинэ мэдээ

“Дүрэлзэх галаас биш дотор нь хүн байх вий гэдгээс л айсан”

Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 4 дүгээр гудамжны 60, 61 тоотод /2020.07.23/ гал гарч, тухайн байшинд байсан бага насны 3 хүүхэд, иргэдийн эд хөрөнгийг аварсан Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын I хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч О.Энхтулга, цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч О.Оюутанбаатар нартай цөөн хором ярилцлаа.  

-Болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй яриач?

д/ч О.Энхтулга: Тухайн өдөр хариуцсан нутаг дэвсгэртээ үүрэг гүйцэтгээд эргүүл хийгээд явж байсан. 15 цаг орчим айл шатаж байна гэх дуудлага, мэдээлэл ирээд 2 хүрэхгүй минутын дотор манай цагдаа жолооч бид 2 очсон. Хашааны хаалгаар нь орох төдийд өөдөөс гал төөнөж байсан хэдий ч гэр дотор хүн байх вий гэж бодоод очоод цонхоор нь орсон.

д/а О.Оюутанбаатар: Хэдийгээр тухайн айлд хүн байгаагүй хэдий ч яг залгаа байшин нь бас галд өртсөн байсан. Тэр дотор 10 настай 2, 2 настай 1 нийт 3 хүүхэд байсан. Онцгой байдлаас аврах бүрэлдэхүүн ирэх хүртэл ус, шороо цацаж галын дэгдэлтийг багасгах арга хэмжээ авсан.

-Тухайн өдөр цаг агаарын нөхцөл байдал хэр байв?

д/а О.Оюутанбаатар: Тэр өдөр их салхитай байсан. Тиймээс гал маш хурдацтай тархаж байсан.

-Аврах бүрэлдэхүүн ирэх хүртэл хүртэл ус, шороогоор галын дэгдэлтийг багасгаж байсан уу?

д/а О.Оюутанбаатар: Тиймээ, мөн хөрш айлуудын хүмүүс ус, шороо зөөж өгч туслалцаа үзүүлсэн нь маш сайхан санагдсан.

-Тухайн үед хүүхдүүд ямар байдалтай байсан бэ? Галаас аварсан хүүхдүүдийг эцэг эхэд нь хүлээлгэж өгсөн үү?

д/а О.Оюутанбаатар: Хүүхдүүд маш их айсан, сандарсан байдалтай, зарим нь маш их уйлж байсан.

д/ч О.Энхтулга: Хүүхдүүдийг 2 орчим цагийн дараа аавд нь хүлээлгэж өгсөн. 

-Цагдаагийн байгууллагад хэдэн жил ажиллаж байна вэ?

д/ч О.Энхтулга: Нэг жил ажиллаж байна.

д/а О.Оюутанбаатар: Тав дахь жилдээ ажиллаж байна.

-Хариуцаж байгаа нутаг дэвсгэрт нь нөхцөл байдал хэр байна вэ?

д/ч О.Энхтулга: Бид Сонгинохайрхан дүүргийн 2,3-р хороог хариуцаж эргүүл, хяналт шалгалт хийж, дуудлага мэдээлэл авч ажилладаг. Хоногт дунджаар 25-27 дуудлага, мэдээлэл ирж байна.

д/а О.Оюутанбаатар: Албан үүргээ гүйцэтгээд явж байх үед энэ төрлийн дуудлага, мэдээлэл ирдэг. Дөрвөн сар орчмын өмнө бас галын дуудлагад ажиллаж байсан.

-Иргэдэд сэрэмжлүүлж хэлэхэд?

д/ч О.Энхтулга: Иргэд маань хүүхдүүдээ харгалзах хүнгүй үлдээхдээ гэрийнхээ аюулгүй байдал /тог цахилгаан, халуун ус, ил гал, бусад эрсдэлтэй нөхөцөл/-ыг сайтар хангаж эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.  

д/а О.Оюутанбаатар: Аль болох боломжоороо хүүхдүүдээ асран хамгаалах хүнтэй үлдээх, хөршийн холбоог сайжруулаарай л гэж хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа, ажлын амжилт хүсье.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close