НийгэмШинэ мэдээ

Хуурай замын цэргийн командлалын үйл ажиллагаатай танилцав

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын бие бүрэлдэхүүн /2020.07.30/ Хуурай замын цэргийн командлалын үйл ажиллагаатай танилцлаа. Хуурай замын цэргийн командлал орон нутагт шилжин байрласнаас хойшхи ололт амжилтыг сонсож, цэргийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлж эхэлснээс хойшхи ажил, арга хэмжээтэй танилцаж, харилцан туршлага солилцсон юм.

Агаарын командлалын бие бүрэлдэхүүнийг Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар хүлээн авч уулзаж “Бидний нэгэн ижил, үйлс нэгт нөхөд маань цаг заваа гарган хүрэлцэн ирсэнд баяртай байна. Анх Төв аймгийн нутаг дэвсгэрт 2018 оны дөрөвдүгээр сард командлалынхаа байрны шавыг тавьж байсан бол өнөөдөр шинэ орчинд хамгийн гол нь алба хаагчдынхаа ажиллаж, амьдрах орчныг нөхцөлийг тодорхой хэмжээнд дээшлүүлж чадсан.

Үүнд БХЯ, ЗХЖШ-ын дэмжлэгээс гадна манай командлалын бие бүрэлдэхүүний идэвх, санаачилга, хүчин чармайлт маш их бий. Өөрсдийн хүчээр гадна, дотно орчноо тохижуулах ажлыг гүйцэтгэж байна” гэв. Энэ үеэр тус бүрэлдэхүүнийг төлөөлж Агаарын цэргийн командлалын Ар талын хэлтсийн дарга, хурандаа Г.Хашчулуун хэлсэн үгэндээ “Орон нутагт шилжин байрласнаас хойш төрийн байгууллагын жишиг болтлоо өргөжиж, хөгжсөн Хуурай замын цэргийн командлалынхаа байртай танилцаж байна.

Хуурай замын цэргийн командлал нь цэргийн захиргааны удирдлагыг цогц байдлаар нь хэрэгжүүлэхийн сацуу алба хаагчдынхаа ажиллах, суралцах, өөрийгөө хөгжүүлэх олон төрлийн боломжийг нээсэн байна” гээд Хуурай замын цэргийн командлалыг бид “Ах командлал” гэж үнэлж, хүндэтгэдэг хэмээн тодорхойлов.

Үүний дараа тус бүрэлдэхүүн алба хаагчдын ажлын өрөө, бялдаржуулах танхим, эмнэлгийн байр, сургалт болон хурлын танхимууд, номын сан, интернет танхим, музей, архив, хүний нөөц болон нууц баримт бичгүүдийн хадгалалт, хамгаалалттай танилцаж, Хуурай замын цэргийн ололт амжилт, сургалт бэлтгэлүүд, сүүлийн үеийн томоохон ажил, арга хэмжээний талаар Хуурай замын цэргийн командлалын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа О.Эрдэнэбаатар танилцуулсан юм.

 Энэ үеэр зарим алба хаагчдын сэтгэгдлийг хуваалцахад дэд хурандаа Ш.Аюурзана “Манай Хуурай замын цэргийн командлалынхан богино хугацаанд тохижиж, офицер, ахлагч, ажилтан албан хаагчдынхаа ажиллах орчин нөхцөлийг нь бүрдүүлсэн байна. Гаднах тохижилтоосоо эхлээд өөрсдийн хүч, хөдөлмөрөөр өнөөдрийн энэхүү өнгө төрхтэй сайхан орчныг бий болгосон юм байна.

Сайхан орчин нөхцөлтэй болжээ” гэсэн бол ахмад Л.Нямцэцэг “Эмч хүний Хуурай замын цэргийн командлалын эмнэлгийн байр, тоног төхөөрөмжтэй нь танилцахыг илүү зорилоо. Эмч нарынхаа орон тоог хүрэлцэхүйц баталж, эмнэлэгт хэрэгцээтэй бүх багаж хэрэгсэл, эм, тариаг татаж, бүрдүүлсэн байна. Өдөр тутамдаа алба хаагчиддаа эмнэлгийн тусламж, үйлчилгээг ч үзүүлж байгаа гэнэ. Хуурай замын командлалынхан маань үнэхээр тохилог орчин нөхцөлд ажилладаг юм байна шүү. Офицер, ахлагч нарынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж, албан тушаалын байраар хангасан нь  мөн таалагдлаа” гэсэн юм.

Арга хэмжээний төгсгөлд Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар Агаарын цэргийн командлалын бүрэлдэхүүнд дурсгалын зүйл гардуулан өгч, ажил, албанд нь өндөр амжилт хүссэн юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close