ЯрилцлагаЭдийн засагОнцлохШинэ мэдээ

Г.Дөлгөөн: Банкны салбараа хүчирхэгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжиж ажиллана

Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнтэй банкны салбарын үйл ажиллагаатай холбоотой сэдвээр ярилцлаа.

Бидний ярилцлага бодлогын үр нөлөө бодит байдалд хэрхэн бууж үр дүнгээ өгч байгаа тухай эхлэх нь зүйтэй болов уу. Өнгөрсөн дөрвөн жилд Монголбанк банкны салбарт эрх зүйн болоод бүтцийн шинэчлэлтийг хийж эхэлсэн нь тус салбарын тогтвортой байдлыг хангахад тулгамдаж байсан асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн үр нөлөөгөө үзүүлж байна гэж дүгнэх вэ?

Өнгөрсөн жилүүдэд эдийн засагт тулгараад байсан сорилт хүндрэлүүдийг даван туулахад Төв банкны оролцоо чухал байлаа. Банкны салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэл хийж санхүүгийн салбарын тулгуур хуулиуд болох Төв банк, Банкны тухай хуулиудад цаг үед нийцсэн зохицуулалтыг оруулж, шинэчлэн баталснаар Монголбанк болон арилжааны банкны үйл ажиллагаанд мөрдөгддөг дүрэм журам шат дараатай сайжирч, банкны системийн тогтвортой байдлыг илүү бэхжүүлэх эрх зүйн орчин бүрдэж эхэллээ. Бид өнөөдрийн сорилтуудыг амжилттай давахын зэрэгцээ банкны салбарын бүтцийн өөрчлөлттэй холбоотой зөв алхмуудыг хийх хэрэгтэй байна. Энэ зорилтын хүрээнд Монголбанкнаас банкны салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажил эрчтэй үргэлжилж байна.

Та бол залуухан удирдлага ч гэлээ Танд өмнө нь төв банканд ажиллаж байсан туршлага бий. Бодлогын институцээс арилжааны банканд, тэндээс эргээд төв банкандаа гэхээр тод томруунаар асуудлыг харж дүгнэх бүрэн боломж Танд байна гэж харж байна. Та юу хийхийг зорьж байна вэ?

Би ажлын гараагаа Төв банкинд 2008 онд эхлүүлж банк, санхүүгийн салбарт нийтдээ 12 жил ажиллаж байна. Энэ хугацаанд зохицуулагч байгууллагад болон арилжааны банканд аль алинд нь ажиллаж аливаа асуудлыг хоёр талаас харах боломж олдлоо. Цаашид банкны салбарын тогтвортой байдлыг хангах ажлын хүрээнд хяналт, шалгалтын тогтолцоог улам сайжруулахын зэрэгцээ банкны салбарын хөгжлийг бодлогоор дэмжин ажиллахаар төлөвлөж байна.

Тухайлбал, Монголбанкны хувьд банкуудад хийх хяналт шалгалтын үйл ажиллагааг “гүйцэтгэлд суурилсан” зарчмаас “эрсдэлд суурилсан” зарчим руу шилжүүлж эхлээд байгаа. Энэ нь илүү уян хатан, тухайн нөхцөл байдалдаа тохирсон эрсдэлийн үнэлгээ, түүнийг дагасан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх юм. Тодруулбал, эрсдэлийн удирдлага сайтай, эрсдэлээ зөв зохистой түвшинд удирдаж байгаа банкинд хяналт, шалгалтын “хатуу” бодлого баримтлахгүйгээр бизнесийн үйл ажиллагааг нь дэмжиж, харилцан хамтран ажиллаж, банкны салбараа хүчирхэгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтөө дэмжин ажиллах төлөвлөгөөтэй байна.

Манай улсад банкны салбар “том” хэвээрээ л байна. Харин энэ байдлыг банк дангаараа хүчтэй байх сонирхол байна гэж ойлгуулах шүүмж нийгэмд өрнөдөг. Та энэ талаар өөрийн байр сууриа хуваалцаач.

Банкны салбарын нийт санхүүгийн зах зээлд эзлэх хувь өндөр хэвээр байгаа нь нэг талаас иргэд харилцагчдын банкны салбарт итгэх итгэл өндөр байгаатай холбоотой. Нөгөө талаас, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх эрх зүйн орчин хангалттай бүрдээгүй, шаардлагатай дэд бүтэц хөгжөөгүй, хөрөнгийн зах зээлийн талаарх иргэд, компаниудын мэдлэг мэдээлэл хомс байгаа нь энэ төрлийн зах зээлийн хөгжлийг удаашруулж байна гэж харж байна.

Энэ чиглэлд Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг 2017 онд баталж, хөтөлбөрийн хүрээнд банкнаас бусад санхүүгийн салбарын өсөлтийг эрчимжүүлж, санхүүгийн зах зээлийн зохистой тэнцвэрийг хангаж, бизнес эрхлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн урт хугацаат, хүү багатай, хөрвөх чадвар бүхий хямд санхүүгийн эх үүсвэр, хэрэгслүүдийг бий болгохоор тодорхой зорилтуудыг тавиад хамтран ажиллаж байна.

Монголбанкны Ерөнхийлөгч хэвлэлд өгсөн ярилцлагандаа Банкны салбарын шинэчлэлтийг үргэлжлүүлнэ гэж хэлсэн. Чухамдаа шинэчлэлтийн хүрээнд дээрхээс гадна өөр ямар асуудлуудад байгаа вэ?

Монголбанкнаас банкны салбарын шинэчлэлтийн хөтөлбөрийг боловсруулж, хэд хэдэн зорилтыг тавин ажиллаж байна. Нэгдүгээрт, Банкны салбарын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгож, банкны үйл ажиллагааны зохистой засаглалыг сайжруулах. Банкны хувь эзэмшлийн төвлөрөл буурснаар хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц төрөлжиж, өөрийн хөрөнгийн хүрэлцээг хангахад шаардлагатай эх үүсвэрийг олон нийтийн оролцоо, хяналттайгаар түргэн хугацаанд төвлөрүүлэх боломжийг бүрдүүлж, банкны зохистой засаглал сайжран харилцагч, хадгаламж эзэмшигч, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын банкинд итгэх итгэл нэмэгдэх сайн талтай.

Дараагийн асуудал бол та бүхний мэдэж байгаачлан Банкны хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг олон улсын жишигт нийцүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэхэд юм. Олон улсын жишигт нийцсэн журам, заавар, банкны зохицуулалт, үр нөлөөтэй албадлагын арга хэмжээ бүхий эрх зүйн орчныг бий болгож, эрсдэлд суурилсан, уян хатан хяналт зохицуулалтын орчныг бүрдүүлнэ.

Дараагийн зорилт бол Банкны үйл ажиллагааны чиглэл, бизнесийн загвар болон бусад онцлог хүчин зүйлд тулгуурлан банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, тавигдах шаардлагыг төрөлжүүлэх. Энэ зорилтын хүрээнд Банкны үйл ажиллагааны төрөл, хөрөнгө, эх үүсвэрийн хэмжээ, харилцагчдын суурь, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ нь техник технологийн дэвшилд түлхүү суурилсан эсэхээс хамааруулж банкны тусгай зөвшөөрлийг төрөлжүүлэн олгож, пропорциональ хяналт шалгалтын зарчмыг нэвтрүүлнэ зэрэг чухал зорилтуудыг дэвшүүлсэн.

Үүнэээс гадна ОУВС-аас хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” -ийг хэрэгжүүлэх хүрээнд Монголбанкнаас арилжааны банканд тавигдах хяналт шалгалтын тогтолцоонд олон улсын сүүлийн үеийн стандартыг нэвтрүүлэх шаардлагатай болсон шүү дээ. Ямар ахиц гарч байна вэ?

Монгол Улс 2017 оны 5 дугаар сараас эхлэн ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монголбанкны санаачилгаар ОУВС-ийн техник туслалцааны дэмжлэгтэйгээр банкны системд томоохон эерэг шинэчлэлүүд хийгдэж байна.

Монгол Улс нь Базелийн хорооны гишүүн биш хэдий ч ОУВС-аас хөгжиж буй орнуудыг зохистой харьцааны журамдаа Базел 2, 3-ын тодорхой хэсгүүдээс мөрдүүлэхийг зөвлөдөг. Энэ хүрээнд ОУВС-аас техник туслалцааны зөвлөхтэй хамтран хяналт, шалгалтын аргачлалдаа Базелын стандартыг хэсэгчилсэн байдлаар нэвтрүүлж байна. Тухайлбал, банкны үйл ажиллагаанд мөрдүүлдэг гол журам болох “Банкны үйл ажиллагаанд тавигдах зохистой харьцааны журмыг олон улсад мөрдөгдөж буй хяналт шалгалтын зарчим, зохицуулалтын арга хэрэгслээр баяжуулан, ОУВС болон банкуудаас санал авч тусган 2019 оны 5 дугаар сард баталж, 2019 оны 7 дугаар сараас үе шаттай мөрдүүлж эхэлсэн. Энэ журамд Базел III хүрээний нэгдүгээр зэрэглэлийн болон нийт өөрийн хөрөнгийн тодорхойлолт, хөшүүргийн харьцаа, банкны эрсдэл даах чадварыг хамгаалах нөөц интервал, эрсдэлийн жингийн оновчтой зохицуулалт зэргийг оруулснаар банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхэд чухал алхам болсон гэж үзэж байна.

Тэгвэл Энэ чиглэлд цаашид ямар ажлууд хийгдэхээр байна вэ?

Цаашид хөтөлбөрт тусгагдсан бусад ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Гэхдээ коронавирусын тархалттай холбоотойгоор нийтээр мөрдөж буй хязгаарлалт, хорио цээрийн дэглэмээс шалтгаалан эдийн засгийн бодит сектор болон банк, санхүүгийн салбарт үүсэж болзошгүй хүндрэл, хохирлыг тооцоолоход бэрхшээлтэй байна.

Цар тахалтай холбоотой авч хэрэгжүүлсэн урьдчилсан сэргийлэх арга хэмжээнээс шалтгаалан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, аж ахуйн нэгжүүд болон иргэдийн мөнгөн орлого тасалдах, төлбөрийн чадвар муудах, банкнаас олгосон зээлийг гэрээний дагуу эргэн төлөхөд хүндрэл үүсэж байна. Банкны салбарын хувьд 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар давхардсан тоогоор 130 мянга гаруй зээлдэгчийн 5.2 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй зээлийн эргэн төлөлтөд доголдол үүссэн. Үүнээс 60 гаруй хувь нь аж ахуйн нэгжид, 40 орчим хувь нь иргэдэд олгосон зээл байгаа юм.

Банкны салбарын хувьд 2020 онд цар тахал гарснаас хойш зээлийн эргэн төлөлт нэлээд буурсан. Хэрэв энэ хэвээр нөхцөл байдал цаашид үргэлжлэх тохиолдолд зээлдэгчид зээлийн өрийн үйлчилгээг хийж чадахгүйд хүрч, банкинд алдагдал учруулах, өөрийн хөрөнгийн зохистой харьцаанд сөргөөр нөлөөлөх, нэмэлт зээлийг санхүүжүүлэх эх үүсвэрийн дутагдалд орох, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар доройтох зэрэг эрсдэл үүсэхээр байгаа. Тэгэхээр цар тахлаас үүсэх эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулж, банкны салбарын тогтвортой байдлыг хадгалахын тулд зарим нэг зохицуулалт, бодлого журамд оруулах өөрчлөлтийг шаардлагатай тохиолдолд хойшлуулах нь зүйтэй гэж бодож байна.

Үүнээс үргэлжлүүлэхэд, КОВИД-19 цар тахлын үед банкууд дээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд хэр их хэмжээний зээлд бүтцийн өөрчлөлт хийгдсэн бол?

Монголбанкны хувьд Ковид-19 цар тахлын банк, санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөг бууруулахад шаардлагатай боломжит арга хэмжээг бусад улс орнуудын туршлага болон Банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж байна. Эдгээр арга хэмжээнд зөвхөн мөнгөний бодлогын арга хэрэгслээр хязгаарлагдахгүй, макро зохистой бодлого болон хяналт шалгалтын хүрээнд банкуудад мөрдүүлдэг зарим нэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг түр хугацаанд уян хатан байдлаар өөрчлөн тогтоох арга хэмжээг хамааруулсан.

Тухайлбал, зээлдэгчдийн зээлийн эргэн төлөх нөхцөлийг дахин өөрчлөх буюу бүтцийн өөрчлөлт хийх, эргэн төлөлтийн доголдолтой зээлийн ангилал, зээлийн түүхийг түр хугацаанд бууруулахгүй, дордуулахгүй байх асуудлыг бие даан шийдвэрлэх боломжийг банкуудад олгосон. Өөрөөр хэлбэл, Ковид-19 цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоосноор зээлдэгчид зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд тухайн зээлдэгчийн зээлийн ангиллыг хэвээр үлдээж, Зээлийн мэдээллийн санд ангилал бууруулж мэдээлэхгүй байх, хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 сар хүртэлх хугацаагаар 1 удаа сунгаж зээлийн сарын эргэн төлөлтийн хэмжээг бууруулах боломжийг бүрдүүлж байна гэсэн үг.

Энэ хүрээнд арилжааны банкууд Монголбанкнаас гаргасан дээрх шийдвэрийн дагуу холбогдох дотоод журам, дүрэмдээ өөрчлөлт оруулан харилцагчийн хүсэлтээр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлснээр банкууд 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 88,373 иргэний 1.3 их наяд төгрөгийн, 1,095 байгууллагын 3.8 их наяд төгрөгийн зээлийн гэрээнд бүтцийн өөрчлөлт хийсэн.

Ярилцсанд баярлалаа. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close