ЭМЯСурвалжлагаОнцлохШинэ мэдээ

300 ортой төрөх эмнэлэг эмнэлэг ашиглалтад орлоо

Нийслэлийн эх, хүүхдийн эмнэлэг өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нарын холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Жилд 120 гаруй мянган эх, хүүхдэд үйлчлэх эмнэлэг ашиглалтад орлоо

Нийслэлийн хэмжээнд эх, хүүхдийн төрөлжсөн тусламж үйлчилгээг үзүүлэх хүчин чадалтай энэхүү эмнэлэг нь эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний 160 ор, хүүхдийн тусламж үйлчилгээний 140 ор бүхий үндсэн долоон блок, найман давхартай юм. Мөн жилд 10-12 гаруй мянган эхийг амаржуулж, 5-6 мянган хүүхдийг хэвтүүлэн эмчлэх, 120 гаруй мянган хүүхэд, эх, эмэгтэйчүүдэд амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Нийт 681 эм, эмнэлгийн ажилтан бүхий 12 алба, 22 тасагтайгаар иргэд, олон нийтэд үйлчлэх аж. Тус эмнэлэгт дэлхийн банкны санхүүжилтээр 205 нэр төрлийн нийт 17 тэрбум орчим төгрөгийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх юм.  

10 гаруй жил зогсонги байдалтай байсан 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг 2018 онд эхлүүлснээс хойш хоёр жилийн хугацаанд ийнхүү барьж ашиглалтад оруулж байна.  

Нээлтийн үйл ажиллагааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газар 2018 онд шийдвэр гаргаад санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж, Нийслэлийн эх, хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулахаар зорьж ажилласан. 30 гаруй жилийн дараа хоёр дахь том эмнэлгээ ийнхүү хүлээн авч байна. Нийт 39 тэрбумын хөрөнгө оруулалтаар эмнэлгийн энэхүү барилга баригдлаа. Мөн эмнэлгийн тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэж байна. Монголын эрүүл мэндийн салбар болон нийслэл хотод хийсэн томоохон бүтээн байгуулалтын ажил боллоо” гэсэн юм.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эрүүл мэндийн салбарын түвшинг эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтээр авч үздэг. Иймдээ ч бид өнгөрсөн хугацаанд эх, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр онцгойлон анхаарч ажиллаж байна. Засгийн газар хоёр дахь эх, хүүхдийн эмнэлгийг хоёрхон жилийн хугацаанд ашиглалтад оруулж чадлаа” гэдгийг онцоллоо.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Хотын даргаар ажиллаж байхдаа Нийслэлийн эх, хүүхдийн эмнэлгийг стандартын шаардлагад нийцүүлэн ашиглалтад оруулах асуудалд ихээхэн анхаарч ажилласан. Өнөөдөр энэхүү эмнэлэг маань нээлтээ хийж байгаад баяртай байна. Засгийн газар, Эрүүл мэндийн яам, нийслэлийн удирдлагууд гар нийлж хамтарч ажилласны үр дүнд эх, хүүхдэд зориулсан эмнэлгийг ашиглалтад орууллаа. Цаашид арчилгаа, ашиглалт үйлчилгээ, шаардлагатай боловсон хүчнээр хангах гээд олон асуудал байгаа учир яам, нийслэлийн Эрүүл мэндийн газар анхаарч ажиллах ёстой” хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Иргэдийн эрүүл, аюулгүй амьдралыг цогцлоохын тулд хамгийн чухал зүйл бол эрүүл мэндийн салбарын хүчин чадлын асуудлыг шийдвэрлэх юм. Эх, хүүхдийн эмнэлэг 10 гаруй жилийн хугацаанд царцсан байсан. Засгийн газрын шийдвэрийн дагуу энэхүү эмнэлгийг өнөөдөр ашиглалтад оруулж байгаад нийслэлчүүдийнхээ өмнөөс баяртай байна” гэлээ.

Нийслэлийн эх, хүүхдийн эмнэлэг нь улс орон, ялангуяа нийслэлийн хүн амын эрүүл мэндэд аюул занал учруулахуйц онцгой нөхцөл байдал үүссэн үед зайлшгүй тусламж үйлчилгээнд шилжин ажиллахаар нөөц бололцоог бүрэн дүүрэн хангахуйц эмнэлэг юм. Үүнд:

  • Нийслэлийн хүн амын нягтарлын бүсээс зайтай, орц гарц саадгүй, замын түгжрэлгүй, хотын утаагүй бүс, цэвэр агаартай бүсэд байрлаж байгаа зэрэг давуу талтай;
  • Чингис хаан нисэх онгоцны буудлын зүүн урд байршилтай, нисэх онгоцны шинээр ашиглалтанд орж буй буудал руу чиглэсэн хурдны замтай шууд холбогдсноороо  халдварын эрсдлээс сэргийлэх үйл ажиллагааг стандартын дагуу урсгал, хөдөлгөөнийг зохицуулах боломжоор бүрэн хангагдсан;
  • Эмнэлгийн нэн яаралтай тусламж үйлчилгээ болох мэс засал, эрчимт эмчилгээ, хүчилтөрөгчийн тусламж үйлчилгээ шаардлагатай эмнэлгийн бүхий л ажлын эрэлтийг бүрэн хангасан хүчилтөрөгчийн ханын нэгдсэн систем, мөн цагт 10м.куб хүчилтөрөгч үйлдвэрлэх хүчин чадал бүхий бие даасан үйлдвэртэй нь халдварыг хязгаарлах боломжтой;
  • Эрчим хүчний 3 эх үүсгэвэрийн хоёр нь төвийн шугамд холбогдсон, нэг нь эрсдэл, гамшгийн үед ашиглах зориулалт бүхий;
  • Эмнэлгийн барилга 34,200м.кв талбай 8 давхар 7 блокоос бүрдсэн. Блок тус бүр орц, гарцын зохион байгуулалттай баригдсан нь халдварын тархалтаас бүрэн сэргийлэх боломжийг бүрдүүлсэн;
  • Эмнэлгийн барилга нь 2.4 га бүхий эдэлбэр газартай;
  •  Эмнэлгийн барилгын өрөөнүүдийн дотор заслыг олон улсын жишигт нийцсэн материалаар доторлож, халдваргүйжүүлэх, ариутгал хийх зориулалттай, эрүүл ахуй халдвар хамгаалалтын шаардлага хангасан ариутгалын бодист тэсвэртэй материалуудыг ашиглаж хийсэн;
  • Эмнэлгийн дотоод орчны агаар сэлгэлт нь 100 хувь албадмал буюу олон шатны агаарын шүүлтүүр, агаар халаагч, агаар хөргөгч зэрэг өндөр хүчин чадалтай техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан;
  • Эмнэлгийн өрөөнүүд нь стандартын шаардлагад бүрэн нийцсэн;
  • Эмнэлгийн гадна эко ногоон байгууламжтай, 350 автомашины зогсоолтой хангалттай,гадна таатай орчин бүрдсэн;
  • Эмнэлгийн орчинд албан хэрэгцээний автомашин, эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдийг зөөвөрлөх тэргэнцэр, каталкны зам, цахилгаан шаттай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээнийзам, талбайтай. Эмнэлгийн цэвэр бохир багаж, хэрэгсэл зөөвөрлөх, хүлээн авах, эмнэлгийн ажилчдын зоогийн газар, эмчлүүлэгчдийн хоолны заал болон хүнс зөөвөрлөх зориулалт бүхий нийт 19 цахилгаан шаттай;
  • Эрчимт эмчилгээ, яаралтай тусламж шаардлагатай эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдэд тусламж үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий эрчимт эмчилгээний нэгжтэй;
  • Мэс заслын нэгдсэн тасаг нь агаар сэлгэлтийн иж бүрэн вакуум системтэй, онлайнаар мэс засал удирдах боломж бүхий цахим тоног, төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон;
  • Эмнэлгийн хэмжээнд өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглах дуудлагын нэгдсэн систем, гамшигийн үед яаралтай мэдээлэл солилцох шугамын радио, интернет, телефон  зэрэг холбооны бүхий л хэрэгслээр тоноглогдсон.
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close