ЯрилцлагаХууль эрх зүйОнцлохШинэ мэдээ

Д.Бат-Эрдэнэ: Уран бүтээлчид С.Жавхлангаас сургамж аваасай

Монголын ард түмний тэр тусмаа увсчуудын сонголт Гавьяат жүжигчин С.Жавхланг урлагийн салбарт эргүүлэн авчирсан. 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон, төр түшсэн тэрбээр энэ удаагийн сонгуульд өвдөг шороодсондоо ихэд гомдож буйгаа удаа дараа илэрхийлэхдээ. Увсынханд нэлээд хатуу үг чулуудан, төрсөн нутагтаа дахин очихгүйгээ амласан. Тэр ч бүү хэл цахим хуудсаараа дамжуулан бичлэг хийснийхээ дараа “Оюуны өмчийн хуулиар миний дууг Увсад сонсохыг хориглолоо” гэж мэдэгдсэн.

Төрсөн нутагтаа очих эсэх нь хувь хүний асуудал. Харин уран бүтээлч тэр тусмаа Гавьяат жүжигчин цолтой эрхэм нутгийнхандаа ингэж “агсам тавьсан” нь яавч зохистой үйлдэл биш. Зарим хүн “Төрсөн нутаг уснаасаа илүү төрд сонгогдохыг чухалчиллаа” гэж шүүмжилж буй. Үүний сацуу С.Жавхлан амласандаа хүрч, дуугаа Увсад хориглох, төрөлх нутгийнхандаа сонсгохгүй гэвэл яах вэ. Тэгэх боломж түүнд бий юү. Цаашид өөр нэгэн уран бүтээлч дуу, киногоо иргэдэд эсвэл нутгийнхандаа үзүүлэхгүй, сонсгохгүй гэвэл хэрхэх вэ. Оюуны өмчийн хуулиар ийм асуудлыг хэрхэн зохилдуулдаг бол. Энэ талаар Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнээс тодрууллаа.

АШИГ ОЛОХ ЗОРИЛГООР АШИГЛАЖ БУЙ ГАЗРУУДАД УРАН БҮТЭЭЛЭЭ ХОРИГЛОХ БОЛОМЖТОЙ

УИХын гишүүн асан, Гавьяат жүжигчин С.Жавхлан уран бүтээлээ Увс аймагт хориглож буйгаа мэдэгдсэн. Тэгэхдээ “Оюуны өмчийн хуулиар” гэж тодотгосон. С.Жавхлан дуугаа төрсөн нутагтаа хориглох, сонсгохгүй байх боломжтой юу?

-Энэ асуудлыг Оюуны өмчийн хуулиар хэрхэн зохицуулах талаар эл ярилцлагаараа дамжуулан С.Жавхланд төдийгүй уран бүтээлчдэд тодорхой мэдээлэл, мэдлэг өгөхийг хүсэж буйгаа тодотгоё. С.Жавхлан тодорхой түвшинд хориглох боломж бий. Увс аймгийн телевиз, FM, радио, караокегоор дуугаа явуулахгүй, хориглох эрхтэй. “Увсад миний дууг тавихыг хориглолоо” гэх эрх нь С.Жавхланд нээлттэй. С.Жавхлан бүх уран бүтээлээ 100 хувь эзэмшдэг. Яруу найрагч, хөгжмийн зохиолчоосоо эрхийг нь 100 хувь худалдаад авчихсан гэсэн үг. Тодорхой ашиг олох зорилгоор ашиглаж, түгээдэг газруудад дуугаа хориглох боломжтой. Харин Увсад гэлтгүй хаана ч тодорхой газар нутаг, аймгийн иргэдийг онцлон дуугаа дуулуулахгүй, сонсгохгүй байх ямар ч боломжгүй. Хэн ямар уран бүтээлийг хэзээ, хаана сонсох нь хувь хүний эрх. Үүнийг хэн ч хориглож, хязгаарлах учиргүй.

Өнөөдөр Увсын нэг иргэн С.Жавхлангийн дууг утсан дээрээ татаж аваад сонслоо, гэртээ дууллаа. Тэр бол тухайн хүний эрх. CD дээр хуулаад худалдах, үйлчилгээний газартаа дууг нь тавихыг оюуны өмчийн хуулиар хориглох, зохицуулах боломжтой. Харин тухайн иргэн дууг нь сонсохыг, дуулах, CD-г худалдаж авахыг хориглох ямар хууль эрх зүйн үндэслэл байхгүй. С.Жавхлангийн дууг сонсох, дуулах эсэх Увс аймгийн хүн, Увс аймагт амьдарч буй хүнээс үл шалтгаална. Хэн ч, хаанаас ч түүний уран бүтээлийг ашиг олохоос бусад зорилгоор ашиглан, сонсож, дуулах эрхтэй. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд “Зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгүй тохиолдлууд”-ыг тодорхой тусгасан байдаг. Амин хувийн хэрэгцээнд, ашиг олох зорилгогүйгээр (сургалт, лекц, дипомын ажил гэх мэт) ашиглах эрх нээлттэй.

Харин ашиг олох зорилгоор ашиглаж буй тохиолдолд л уран бүтээлчид хориглох боломжтой. Уран бүтээлийг нь үйлчилгээний газар, шөнийн цэнгээний газар ашиглавал, CD дээр хуулан тараавал хориглож болно. С.Жавхлангийн олон уран бүтээл “Hitone”, “Unimusic” дээр эгшиглэдэг. Хаана амьдардаг, хаана төрснөөсөө үл шалтгаалан хэний ч уран бүтээлийг дуудлаган дээрээ тавих боломжтой. Мэдээж С.Жавхлан уран бүтээлээ Увсынхны дуудлаган дээр явуулмааргүй байна гэвэл үүрэн телефоны оператор компаниудтай гэрээгээ цуцлах шаардлагатай болно. Тэглээ ч хэн нэгэн дуудлаган дээрээ дуу татахад хаана төрснөөр нь ялгах боломжгүй шүү дээ. С.Жавхлан тоглолт хийлээ гэхэд Увсын харьяат, Увсаас ирсэн иргэн үзэж болохгүй юу гэдэг асуудал мөн үүснэ.

Зах, худалдааны төвүүд С.Жавхлангийн дууг түлхүү тавьдаг. Үүнийг хориглоё гэвэл хэрхэх вэ?

-Үйлчилгээ эрхлэгчид яагаад дуу тавьдаг вэ, бусдын уран бүтээлийг ашигладаг вэ. Үйлчлүүлэгчдэд сайхан санагдуулах, өөртөө татахын тулд шүү дээ. Тэгэхээр ашиг олохын тулд тухайн уран бүтээлийг ашиглаж байна гэсэн үг. Тиймээс зах, худалдааны төв, үйлчилгээний газруудад дуугаа явуулахыг хориглох боломжтой. Саяхан БНСУ-д нийтийн хоолны газар ямар нэгэн дуу явуулахдаа эзэмшдэг уран бүтээлчээс заавал зөвшөөрөл авдаг, төлбөр төлдөг болсон. Яг үүнтэй адил.

ТОДОРХОЙ НУТАГ ДЭВСГЭР ЗААН ИНГЭЖ ХОРИГЛОЖ БАЙГАА НЬ АНХНЫХ

Ер нь уран бүтээлчид өмнө нь яг ийм шийдвэр гарган, тодорхой нутаг дэвсгэр, иргэдэд хандан уран бүтээлээ хориглосон удаа бий юү?

-Манай байгууллага 2017 онд 147, өнгөрсөн жил 141 өргөдөл, гомдол хүлээж авсан. Эдгээрийн 30 гаруй хувийг зохиогчийн эрхийн зөрчил эзэлдэг. Ялангуя, дуу, кинотой холбоотой зөрчил. Ихэвчлэн дуучид “Надаас зөвшөөрөл аваагүй караоке миний дууг ашиглаж байна. Уран бүтээлээ тэр караокед хориглолоо” гэх гомдол түлхүү ирдэг. Гэхдээ ингэж газар нутаг, тодорхой нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдийг онцлоод хориглосон тохиолдол үгүй. Би Оюуны өмчийн газар 20 гаруй жил ажиллахдаа ийм зүйл үзээгүй. Монголд байтугай дэлхийд ийм тохиолдол өмнө нь болж байсан эсэхийг би лав санахгүй байна.

С.Жавхлангийн дууг ашиглаж буй зах, үйлчилгээний бүх газар түүнээс зөвшөөрөл авсан уу?

-Ер нь олонх нь зөвшөөрөлтэй. Яг тэд нь зөвшөөрөл авсан гээд нарийн тоо хэлэх боломж одоохондоо алга. С.Жавхлан, Т.Баясгалан хоёр 2015 онд бүх дуугаа 100 хувь өөрсдийн нэр дээр бүртгүүлсэн. Оюуны өмчийн тухай хууль дотроо хоёр том салбарт хуваагддаг. Нэг нь зохиогчийн эрх, нөгөө нь аж үйлдвэрийн салбар. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулиар зохиогчийн эрхийн асуудлыг зохицуулдаг.

УРАН БҮТЭЭЛЧИД С.ЖАВХЛАНГААС СУРГАМЖ АВААСАЙ

Цаашид Гавьяат хэлсэндээ хүрэхээр танайд хандвал яах вэ?

-Мэдээж тэгэхээсээ өмнө тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй. Увс аймгийн телевиз, FM, зах, худалдааны төвүүд зэрэг уран бүтээлийг нь ашиг олох зорилгоор ашиглаж буй байгууллагуудад дуугаа хориглож буй албан бичиг хүргүүлэн, гэрээгээ цуцлах хэрэгтэй. Тэгснийхээ дараа манай байгууллагад хандах нь зөв. Түүнээс биш фэйсбүүктээ нэг лайв хийн, бичлэг нийтлээд энэ асуудлыг шийдэх боломжгүй.

С.Жавхлан уран бүтээлч, гавьяат жүжигчин цолтой, олны хүндлэлийг хүлээсэн дуучин. Ийм мэдэгдэл гаргасан нь ёс зүйн хувьд зохисгүй үйлдэл. Одоо өөр нэгэн уран бүтээлч гомдож, туньсандаа түүн шиг ингэвэл яах вэ. Ийм болчимгүй үйлдэл дахин давтагдах вий. Уран бүтээлчид С.Жавхлангаас сургамж аваасай.

Эх сурвалж: Оюуны өмчийн газар

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close