“Хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээ 2020-2021” баримт бичигт гарын үсэг зурав
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нар Монгол Улсын Засгийн Газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, түншлэлийн баримт бичиг болох “Хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээ 2020-2021”-д гарын үсэг зурав.
Тус хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хоорондын түншлэлийн 2020-2021 онуудад хэрэгжүүлэх техникийн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон юм. Энэхүү баримт бичиг нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-д тусгасан тэргүүлэх үндсэн чиглэл, хөгжлийн зорилтууд дээр үндэслэн хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны үндсэн таван чиглэлийг тусгасан. Тухайлбал,
1) өрх бүр боломжийн үнэтэй, тэжээллэг эрүүл хүнс хэрэглэх боломжийг нь сайжруулах;
2) газар тариалан болон мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бүтээмжийг тогтвортойгоор сайжруулах;
3) хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг сайжруулах, идэвхжүүлэх;
4) байгалийн нөөцийг зохистой, тогтвортой менежментэр ашиглах;
5) тогтвортой хөдөө аж ахуйн системийг бий болгох зэрэг юм.
“Хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээ 2020-2021” түншлэлийн баримт бичигт гарын үсэг зурснаар Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь уг баримт бичигт тусгагдсан зорилтод хүрэхийн тулд урт хугацааны хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэн ажиллахаа баталгаажуулж байгаа юм.