“Архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүй” сэдвээр сургалт зохион байгуулав

Архивын тухай хуулийн 11.1.5 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 86 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Архивын ерөнхий газраас төрийн архив, тэдгээрт хөмрөг үүсгэгч байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтныг сургах, мэргэшүүлэх, мэргэжлийн ур чадвар, дадлыг эзэмшүүлэх зорилгоор архив, албан хэрэг хөтлөлтийн анхан шатны сургалтыг жилд 6-8 удаа, мэргэшүүлэх сургалтыг 8-9 удаа, захиалгат сургалтыг 3-4 удаа зохион байгуулж ирсэн.
2020 онд “Архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүй” сэдэвт анхан шатны сургалтад төрийн болон байгууллагын архивын 531, мэргэшүүлэх сургалтад 981 ажилтан, хувийн хүсэлтээр 47 иргэн тус тус хамрагдах захиалга ирүүлсэн.
Монгол Улсад коронавируст халдвар тархахаас урьдчилан сэргийлэхтэй холбогдуулан гаргасан Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 01 дүгээр сарын 22-ноос эхэлсэн сургалтын үйл ажиллагааг 01 дүгээр сарын 27-ны өдрөөс зогсоосон.

Дээрх сургалтад хамрагдаж байсан иргэдээс удаа дараа ирүүлсэн хүсэлтийг харгалзан сургалтыг цөөн хүнтэйгээр зохион байгуулах хүсэлтийг Улсын онцгой комисст 2020 оны 04 дүгээр сарын 30-ны 02/278 дугаартай албан бичгээр хүргүүлж, зөвшөөрөл авснаар 05 дугаар сарын 04-ний өдрөөс сургалтын үйл ажиллагааг эхлүүлж, суралцагчдыг 3 хэсэгт хуваан хичээллүүлж, 45 иргэнд мэргэжлийн үнэмлэх олголоо.
Архивын ерөнхий газрын зүгээс Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллах журам, Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын заавар, дэглэмийг баримтлан сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Дараагийн сургалт өнөөдрөөс //2020.06.02/ эхэлж байгаа ба энэ сургалтад 2020 оны сургалтын төлөвлөгөөний 1.2 дахь хэсэг буюу 03 дугаар сард зохион байгуулах анхан шатны сургалтад суралцах захиалга ирүүлсэн байгууллага, иргэн хамрагдах юм.
2020 оны 2 дугаар улиралд суралцах захиалга ирүүлсэн байгууллага, иргэдийн хувьд 9, 10, 11 дүгээр сард зохион байгуулах сургалтад хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.



