Гадаад харилцааЯрилцлагаШинэ мэдээ

Д.Наранжаргал: Эмэгтэй Энхийг сахиулагчдын тоо нэмэгдэнэ

Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан Энхийг дэмжих цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн Энхийг дэмжих ажиллагааны төлөвлөлтийн мэргэжилтэн дэд хурандаа Д.Наранжаргалыг урьж, ярилцлаа.

-Юуны өмнө танд Олон улсын энхийг сахиулагчдын өдрийн баярын мэндийг хүргэе?

-Баярлалаа. Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд, тив дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа цэнхэр дуулгатнууддаа Энхийг сахиулагчдын баярын мэндийг дэвшүүлье.

-Манай улс энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Анх хэдэн оноос оролцож эхэлсэн талаар яриагаа эхлэх үү?

-Анх 1999 оны есдүгээр сарын 27-ны өдөр НҮБ-ын байнгын хүчний тогтолцоонд хувь нэмэр оруулах талаар Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч, НҮБ-аас Энхийг сахиулах асуудал эрхэлсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч нар АНУ-ын Нью-Йорк хотноо гарын үсэг зурснаар Монгол Улсын цэргийн алба хаагчдаас энхийг дэмжих ажиллагаанд оролцох олон улсын эрх зүйн үндэс тавигдсан юм.

Улмаар Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг оролцуулах төрийн бодлого тодорхойлогдож “Цэрэг, цагдаагийн алба хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” хууль 2002 онд батлагдан үүний дагуу Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад явагдаж буй НҮБ-ын MONUSCO энхийг дэмжих ажиллагаанд анхны хоёр цэргийн ажиглагч офицерыг илгээснээр Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаан дахь оролцоо эхэлсэн түүхтэй.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын болон олон улсын нийт 7 ажиллагаанд 1100 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Манай улсаас НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд мотобуудлагын батальон, цэргийн ажиглагч, штабын офицер, ахлагч нарыг, мөн олон улсын ажиллагаанд АНУ-ын болон ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран 2 цэргийн хамгаалалтын рот үүрэг гүйцэтгэж байна.

Тухайлбал, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь UNMISS энхийг дэмжих ажиллагаанд 850 хүний бүрэлдэхүүнтэй мотобуудлагын батальон, үүнээс гадна Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс дахь MONUSCO ажиллагаа, Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур муж дахь UNAMID ажиллагаа, Баруун Сахар дахь  MINURSO ажиллагаа,  Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс болон Бүгд Найрамдах Судан Улсын хоорондох хилийн маргаантай бүс болох Абией муж дахь UNISFA, Бүгд Найрамдах Йемен Улс дахь UNMHA зэрэг энхийн дэмжих ажиллагаануудад цэргийн ажиглагч, штабын офицер, ахлагчаар 30 гаруй цэргийн алба хаагч, ИБНАУ дахь Умард Атлантын гэрээний байгууллагын цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд 200 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

-Ажиллагааны газар оронд манай мотобуудлагын батальоны цэргийн алба хаагчид ямар үүрэгтэй оролцдог вэ?

– Мотобуудлагын батальон нь НҮБ-ын UNMISS энхийг дэмжих ажиллагааны мандатын дагуу энгийн иргэдийг хамгаалах, дүрвэгсдийн хуарангийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, хүмүүнлэгийн ажиллагаанд шаардлагатай тусламжийг үзүүлэх, хүний эрхийн зөрчлийг шалгах, түүнээс урьдчилан сэргийлэх, олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын үйл ажиллагаанд техникийн туслалцаа үзүүлэх, БНӨСУ-ын Засгийн газар, сөрөг хүчний хооронд байгуулсан “Энхийн хэлэлцээр”-ийг сэргээх, хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэхээс гадна тухайн ажиллагааны Хүчний штабаас ирүүлсэн үүрэг, хүч хэрэглэх дүрэм, тогтсон ажиллагааны журам зэргийг мөрдлөг болгон үүрэг гүйцэтгэдэг.

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь UNMISS ажиллагаа нь 6 сектортой. Манай мотобуудлагын батальон UNITY секторт үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Бэнтью суурин дахь хамгийн томд тооцогддог 120 мянга гаруй хүнтэй дотоодын дүрвэгсдийн хуарангийн иргэдийн аюулгүй байдал, харуул хамгаалалтыг  хариуцан  Өмнөд Судан Улсын аагим халууныг үл ажран хүнд,  хэцүү нөхцөлд үүргээ нэр, төртэй биелүүлсээр ирсэн. Хамгийн сүүлийн мэдээгээр Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын Бентью суурин дахь дотоодын дүрвэгсдийн хуарангийн “Зэвсэггүй бүс”-д олон улсын хүмүүнлэгийн ажилтныг зэвсэгт этгээдүүд хүч хэрэглэн хулгайлах гэсэн оролдлогыг таслан зогсоосон гээд үе үеийн мотобуудлагын батальонуудын байгуулсан гавьяаг дурдвал маш мэдээлэл бий.

-Хүмүүнлэгийн үйл ажиллагааг манай улсын цэргийн баг идэвхтэй дэмждэг гэж сонссон?

-Манай мотобуудлагын батальонууд нь Бентью дахь дотоодын дүрвэгсдийн хуаран, Эко тэргүүний бааз, Жамжанг суурин дахь дүрвэгсдийн хуаранд энгийн иргэд, НҮБ болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын аюулгүй байдлыг хамгаалах үүргээ хэрхэн биелүүлж байгаа тухай UNMISS ажиллагааны удирдлага болон Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь ажиллагааг хариуцсан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч David Shaerer-ээс удаа дараа энгийн иргэдийг хамгаалах үүргийг амжилттай хэрэгжүүлж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад энх тайвныг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа манай цэргийн багуудын үйл ажиллагааг бахдан сайшаасан талархлын захидлуудыг ирүүлсэн. Энэ нь орон нутгийн иргэдэд чиглэсэн Иргэн-цэргийн харилцааны болон сайн үйлсийн хүмүүнлэгийн, тэр дундаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эрүүл ахуйн орчныг сайжруулах, сурч боловсрох нөхцөл байдлыг бүрдүүлэх, барилга байгууламжийг сэргээн засварлах зэрэг олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдагтай холбоотой.

Үүний нэг жишээ нь Бүгд Найрамдах Судан Улсын Абиемном суурин дахь хүн эмнэлэгийн байрыг иж бүрэн засварлаж тохижуулсан, мөн Парианг суурин дахь сургуулийн барилгыг засварлаж орон нутгийн хүүхдүүдийн сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлсэн зэрэг томоохон ажлыг дурдаж болно.

-Энхийг дэмжих ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчид хэзээнээс үүрэг гүйцэтгэж эхэлсэн бэ, эмэгтэйчүүдийн оролцооны талаар тодруулбал?

-Монгол Улсаас НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд 2006 онд анхны эмэгтэй офицерыг Баруун Сахар дахь MINURSO ажиллагаанд цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгүүлж эхэлсэн. Ингээд эмэгтэй цэргийн алба хаагчдыг энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх боломжтой гэдэг ойлголтыг баталж үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирснээс хойш өнөөдрийг хүртэл нийт энхийг дэмжих ажиллагаанд 700 гаруй эмэгтэйчүүд оролцсон нь нийт бүрэлдэхүүний 4 хувийг, мотобуудлагын батальоны 7 хувь нь, олон улсын ажиллагаанд оролцож буй цэргийн хамгаалалтын ротын 5 хувь нь эмэгтэйчүүд цаашлаад цэргийн ажиглагч болон штабын офицероор 50 гаруй эмэгтэй офицер үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ тоо цаашид ч өсөх болно.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1325 дугаар бүхий “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд НҮБ-ын Энхийн ажиллагааны газар (DPO)-аас 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог 15 хувьд хүргэх тухай” албан даалгаврыг цэрэг илгээгч нийт улс орнуудад ирүүлсэн болно. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж буй цөөн хэдэн улсын нэг нь манай Монгол Улс байгаа. Учир нь яг өнөөдрийн байдлаар НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд эмэгтэй цэрэг илгээсэн 112 улсаас 17 дугаарт бичигдэж байна.

 НҮБ-аас мөн 1325 тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд тусгайлан “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх холбооны эмэгтэй офицер”, “НҮБ-ын цэргийн эмэгтэй офицер” зэрэг дамжааг НҮБ-ын гишүүн орнуудад сүүлийн жилүүдэд удаа дараа зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс сүүлийн 2 жилд 5 эмэгтэй цэргийн алба хаагчдыг хамруулаад байна. Энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэхэд хүчин зүтгэл гаргаад зогсохгүй, цаашид тэдгээр эмэгтэй цэргийн алба хаагчид НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд цэргийн ажиглагч, штабын офицер болон тэр тусмаа цэргийн холбооны мэргэжлийн офицероор үүрэг гүйцэтгэх боломж бүрдэж байна.

-Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлснээс хойш нийт хэдэн цэргийн алба хаагчийг илгээсэн бэ?

-Монгол Улсын Зэвсэгт хүчин нь анх 2002 онд 2 цэргийн ажиглагч офицерыг илгээснээс хойш өнгөрсөн 18 жилийн хугацаанд 13 улс, мужид явагдсан 17 ажиллагаанд  давхардсан тоогоор 18 мянга гаруй цэргийн алба хаагч энхийг дэмжих болон олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн. Бас нэг сонирхолтой тоо баримт дурдвал, өнөөдрийн байдлаар НҮБ-ын 13 энхийг дэмжих ажиллагааны цэрэг, цагдаагийн алба хаагч илгээгч орнуудын жагсаалтад 119 орноос Монгол Улс 24 дүгээр байрт жагсаж байгаа нь хүн ам, Зэвсэгт хүчний боломж, хүний нөөцийн чадавхитай харьцуулахад томоохон үзүүлэлт юм.

-Олон улсын болон НАТО-гийн ажиллагаанд хэзээнээс эхэлж үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар аль улсад, ямар ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газраас “Олон улсын ажиллагаанд цэргийн баг оролцуулах тухай” тогтоолыг батлан гаргасны дагуу 2003 онд 8 дугаар сард Монгол Улсын цэргийн баг “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд Польш улсын тэргүүлсэн Олон үндэстний Өмнөд-Төв дивизийн бүрэлдэхүүнд багтан “ЭКО” болон “ЧАРЛИ” баазын аюулгүй байдлыг хангах үүргийг гүйцэтгэхээр эх орноосоо мордож байсан.

Өнөөдрийн байдлаар Исламын Бүгд Найрамдах АФганистан Улс дахь “Умард Атлантын гэрээний байгууллага” /НАТО/-ын цэргийн хүчний тэргүүлсэн Афганистаны аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах хүчний анги, салбаруудыг сургах, дэмжих, зөвлөгөө өгөх зорилго бүхий “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчин, ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх 2 цэргийн хамгаалалтын рот үүрэг гүйцэтгэж байна.

-НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаа, олон улсын буюу НАТО-гийн ажиллагаа хоёрын ялгаа?

Энхийг дэмжих ажиллагаа нь анх улс хоорондын мөргөлдөөнийг хянах, шийдвэрлэх зорилгоор хэд хэдэн орон цэргээ НҮБ-ын удирдлага дор илгээх байдлаар үүссэн. Харин өнөөдөр энхийг дэмжих ажиллагааг улс орны дотоодод гарсан зэвсэгт мөргөлдөөн, иргэний дайныг намжаах зорилгоор явуулах болсон.

НҮБ-ын энхийг сахиулагчид болох цэргийн хүчин, иргэний цагдаа болон иргэний бусад бие бүрэлдэхүүний чиг үүрэг нь дайсагнагч талуудын хоорондох мөргөлдөөнийг зогсоохоос эхлээд энх тайвнаар хамтран ажиллахад нь туслах хүртэл өргөн хүрээг хамарч байна. Тухайлбал энхийн хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, гал зогсоох гэрээний хэрэгжилтийг хянах, бүсүүд байгуулах, түүнчлэн улс төрийн институциудыг бий болгох, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдийн бүлгүүдтэй хамтран ажиллах замаар яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, зэвсэг хураах, дайчилгааг зогсоох, сэргээн нийгэмшүүлэх, газрын мина устгах, сонгууль зохион байгуулах, тогтвортой хөгжлийг дэмжих зэрэг үүргүүд багтах болсон. 

 Товчоор хэлбэл, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаа нь дэлхийн энх тайван, аюулгүй байдалд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт бөгөөд энхийг сахиулагчид нь энгийн иргэдийг хамгаалах, зэвсэгт мөргөлдөөний эсрэг тэмцэх, хүчирхийллийг бууруулж, аюулгүй байдлыг бэхжүүлэх, үндэсний эрх баригчдад эдгээр үүрэг хариуцлагыг хүлээх боломжийг олгодог.

 Олон улсын ажиллагаа нь тухайн улс оронд сөргөлдөгч талуудын үйл ажиллагааг таслан зогсоох, Засгийн газрын эрхийг эрх баригчдад олгох, энх тайван, аюулгүй байдлыг тогтоох, дайны дараах эмх замбараагүй байдалд эвслийн цэргийн хүчээр богино хугацаанд дэглэм тогтоон тогтворжуулах, сэргээн босголт, хүмүүнлэгийн болон энхийг дэмжих чиглэлийн үүргийг хэрэгжүүлэх ба шаардлагатай тохиолдолд шууд зэвсэг, хүч хэрэглэх эрхтэй явагддаг. 

-Цаашид Монгол Улсаас энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ юу байна вэ?

-Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багуудыг НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгүүлэх, Энхийг дэмжих ажиллагааны чадавхи, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Түргэн байрлах хүчний рот, Инженерийн рот, Цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлэгийг оролцуулахаар НҮБ-аас тавигдаж буй шаардлагын дагуу энхийг дэмжих ажиллагааны чадавхийн бэлэн байдлын систем /PCRS/-ийн нэгдүгээр түвшинд бүртгүүлээд байна.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

-Баярлалаа, Танд ажлын амжилт хүсье.

ИРГЭН-ЦЭРГИЙН ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close