Фронт С.Цэгмид Ахмад дайчин боллоо

Эх орны дайны ялалтын 75 жилийн ойг угтан БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир, “Ахмад дайчдын холбоо”-ны тэргүүн, бэлтгэл хурандаа Г.Лүндэн нар Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд суугаа буй “Фронт Цэгмид” хэмээн ард түмэндээ хүндлэгдэн ирсэн С.Цэгмид гуайнд очин хүндэтгэл үзүүлсэн юм.
Дэлхийн 2-р дайн эхэлсэн эхний өдрөөс л Монголын ард түмэн ЗХУ-д “Бүхнийг фронтод” нэртэй тусламжийн цувааг хэд хэдэн удаа илгээж байсан агаад уг бэлгийн цувааны нэгийг ард түмнээ төлөөлөн хүргэж өгөх бүрэлдэхүүнд Сүрэнхорын Цэгмид гэх 19 настай малчин бүсгүй багтаж, төр түмнийхээ чин сэтгэлийн илгээмжийг хүргэж өгч байжээ.

С.Цэгмид гуайн үр хүүхдүүд ээжийгээ ахмад дайчнаар бүртгүүлэх хүсэлт тавьж байсан бөгөөд улмаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тушаал гаргаж, хувьсгалт Монгол Танкийн цуваа болон Монголын Ард түмний чин сэтгэлийн бэлгийн цувааг хүргэж өгснийг үнэлэн Ахмад дайчны үнэмлэх, Батлан хамгаалах салбарын “Эх орны төлөө-1” медаль, нэг удаагийн мөнгөн урамшуулал олгов.

Мөн энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар “Улс түмний найрамдлын одон”-гоор шагнах болсныг түүнд дуулгасан байна.



