Монгол Улсад COVID-19 халдварын 15 дахь тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр хоёр оронд халдвар бүртгэгдэж нийт 211 улсад халдвар гарлаа. Нийт 1,272,000 хүн халдвар авч 69,000 хүн нас бараад байна. АНУ, Итали, Франц, Их Британи, Турк улсуудад халдвар эрчимтэй тархаж байгаа. Азийн орнуудаас Японд халдвар эрчимтэй нэмэгдэж 4,700 гаруй халдвар бүртгэдэн тус улсын 47 мужаас гуравт нь л халдвар бүртгэгдээгүй байна. Сингапур улсад гадаадын ажилчид байдаг хоёр дотуур байранд 100 халдвар бүртгэдсэний улсмаас 2,000 гаруй хүн хөл хорионд оржээ.
Манай улсын хувьд лабораторийн шинжилгээр батлагдсан 14 тохиолдол байгаагийн хоёр нь эдгэрч сувилалд ажиглалтад байгаа, 12 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар 2,075 хүн ажиглалтад байгаа бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа. Тэдний дундаас 21 хоногтой нэг хүүхэд халуурч эмнэлгийн тусламж авсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна” гэлээ.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: “Өнгөрсөн Ням гарагт Франц, Итали, Испани улсуудад нас баралтын тоо буурчээ. Тухайлбал, Францад 357, Италид 525, Испанид 674 нас баралт бүртгэгдсэн нь сүүлийн өдрүүдийн хамгийн бага үзүүлэлт болсон байна.
Итали улсын Иргэний хамгаалах газрын мэдээлснээр 525 нас баралт бүртгэгдсэн нь гуравдугаар сарын 19-ний өдрөөс хойших хамгийн цөөн нас баралт болсон гэжээ. Түүнчлэн эрчимт эмчилгээнд орох өвчтөнүүдийн тоо сүүлийн хоёр өдөр дараалан бага зэрэг буурч байна гэж мэдээлжээ.
Испани улсын хувьд шинэ халдварын тоо 4.8 хувиар нэмэгдэж, нийт халдварын тохиолдол 130 мянга гаруй болсон байна.
ОХУ-д өнгөрсөн хоногт шинэ халдварын тохиолдол 658-аар нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 5,389 болжээ. Нийт халдвар авсан өвчтөнүүдийн талаас илүү хувийг 45-аас доош насныхан эзэлж байна. Мөн тус улсын Буриад болон Эрхүү муж улсад шинэ халдварын тохиолдол бүртгэгдээд байна.
Харин Япон улсын Токио хотод өнгөрсөн Ням гарагт 143 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн хоёр өдөр тус улсад халдвар авсан иргэдийн тоо 100-г даваад байна. Үүнтэй холбоотойгоор Токио хотын захиргаанаас “ Мягмар гарагаас эхлэн хөнгөн өвчтөнүүдийг зочид буудалд шилжүүлэх замаар эмнэлгийн ор болон хүний нөөцийг зөвхөн хүнд өвчтөнүүдэд төвлөрүүлэн ашиглах төлөвлөгөөтэй байна” гэж танилцуулжээ.
Одоогийн байдлаар тус хотод 1,000 орыг COVID-19 халдвартай хүнийг хүлээн авахаар бэлдээд байна. Сүүлийн өдрүүдэд тархвар зүйн хувьд зам мөрийг нь тодорхойлох боломжгүй халдварууд нэмэгдсээр байгаа учир тус хотын 13 сая гаруй оршин суугчдыг зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг хотын захиргаанаас анхааруулсаар байна.
АНУ-ын хэмжээнд нийт 324 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас 9,200 гаруй хүн нас бараад байна. АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс америкчуудын дунд COVID-19 халдварын эсрэг биетийг илрүүлэх шинжилгээ хийж эхлэх шийдвэр гаргасан. Халдвар авсан хүний биед эсрэг биет үүссэн байх учиртай. Иймд уг шинжилгээ хийснээр халдвар авсан хэрнээ өвчлөөгүй тохиолдлууд хэр их байгаа болон үндэсний хэмжээнд халдварын тархалтыг зогсоох ач холбогдолтой юм. Мөн тус төвөөс гэрийн нөхцөлд амны хаалт хэрхэн хийх талаар зааварчилгааг гаргаж, иргэдийнхээ анхааралд хүргүүлжээ.
Харин Шинэ Зеланд улсын Ерөнхий сайд иргэддээ хандаж мэдээлэл хийхдээ “Зайнаас харилцах болон олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх нь үр дүнгээ өгч эхэлж байна. Хөгжлийн болоод эрүүл мэндийн тогтолцооны хувьд ижил төстэй бусад улсуудаас Шинэ Зеланд улс өвчлөл, нас баралтаараа бага хэмжээнд байгаа нь хилээ эрт хааж, хязгаарлалтын арга хэмжээ авсны үр дүн” гэдгийг онцолсон байна. Тус улсад COVID-19 халдварын улмаас нэг хүн нас барсан бол халдварын тохиолдол 1,000 гаруй бүртгэгдээд байгаа юм” гэлээ.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: Тэрбээр “2020 оны дөрөвдүгээр сарын 5-нд ХӨСҮТ-д болон улс орон даяар сэжигтэй тохиолдол илрээгүй. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан байсан гурван иргэний шинжилгээнд коронавирус илрээгүй.
Харин ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 13 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.
Токио-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирж, ажиглалтад байгаа 184 хүнээс шинжилгээ авахаар төлөвлөсөн. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 248 хүн байна” гэсэн
Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн тавьсан асуултад ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар хариуллаа.
– 15 дахь батлагдсан тохиолдлын хавьтлууд шинжилгээнд хамрагдсан уу?
А.Амбасэлмаа: -15 дахь батлагдсан тохиолдол бол өмнөх хоёр турк иргэний хавьтал. Бид өдөр бүр шинжилгээ аваад хянаад явж байсан. Өчигдрийн шинжилгээгээр коронавирус илэрлээ. Шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн Туркийн гурван иргэнд эмчилгээ хийж байна. Тэдний хавьтал 12 хүнд шинжилгээ хийсэн. Халдвар илрээгүй.
– Өчигдөр олон нийтийн сүлжээгээр гэртээ тусгаарлагдах ёстой байсан иргэн хаягаа буруу мэдээлээд тусгаарлах үүргээ биелүүлээгүй байна гэх мэдээлэл гарсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?
Д.Нарангэрэл: -Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэдээлэл яваад байсан. Ер нь бол Зөрчлийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Гамшгийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна. Мөн худал мэдээлэл тараах, төрийн албан хаагчийг доромжлох тохиолдлуудад арга хэмжээ тооцуулахаар цагдаагийн байгууллагад хандсан.
– Тусгаарлалтад ажиллаж байгаа эмч нар ээлжээ сольж байгаа юу?
Д.Нарангэрэл: -ХӨСҮТ-д н.Чинбаяр эмчээр ахлуулсан долоон хүнтэй баг ажиллаж байгаа. Бусад тусгаарлах байр болон орон нутагт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын тухайд тусгаарлагдсан хүмүүстэйгээ хамтдаа тусгаарлалтаас гарна.



