Хөрөнгө санхүүБоловсрол7 хоногЭдийн засаг

ЗГ: АШУҮИС-ын эмнэлгийг БСШУСЯ-ны харьяанд шилжүүлэв

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр болж, АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Японы эмнэлгийг БСШУСЯ-ны харьяанд шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Тус эмнэлгийн төслийг Монгол, Японы Засгийн газар хооронд 2014 онд гэрээ байгуулсны дүнд Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр 2015-2019 онд хэрэгжүүлж, барилгын ажлыг гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгсөн юм.

Монгол-Японы эмнэлэг нь АШУҮИС-ын  судалгаа, эрдэм, шинжилгээ, төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалтын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг юм. Жилд 7000 гаруй оюутан, 1000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэнд дэлхийн жишигт нийцсэн бодит эмнэлзүйн сургалтыг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлнэ.

Цаашид АШУҮИС-ыг төгсөн гарч буй эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх эрүүл мэндийн салбарын бодлого, эрэлт хэрэгцээнд нийцсэн хүний нөөцийг бэлтгэхэд чухал үүрэгтэй. Иймд тус сургалт, судалгааны эмнэлгийг чиг үүргийн хувиар БСШУСЯ-нд харьяалуулах нь зүйтэй хэмээн үзжээ.

Тус эмнэлгийн харьяаллын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэснээр үйл ажиллагааны санхүүжилт тасалдалгүй, удирдлагаар хангаж ажиллахад саад бэрхшээл учрахгүй болж байгаа юм.

Монгол-Японы эмнэлэг нь жилд дунджаар 11.000 хүнийг хэвтүүлэн эмчилж, үүнээс 5000 гаруй хүнд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлнэ. Амбулаторийн тусламж үйлчилгээнд жилд 192.000 хүнд үзлэг, оношилгоо, шинжилгээг орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан хийх аж.  Одоогоор шаардлагатай нэмэлт тоног төхөөрөмж суурилуулахад хэрэгтэй 14 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг Дэлхийн банкнаас хийхээр шийдвэрлэжээ. Ингэснээр үйл ажиллагаа нь жигдэрч  бүрэн хүчин чадлаар ажиллах боломжтой болох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Back to top button
Close