
ДЭМБ-аас 2020 оны нэгдүгээр сарын 3-наас БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин бүртгэгдсэнийг мэдээлж, 9-ний өдөр уушгины хатгалгаа өвчний үүсгэгч нь шинэ төрлийн коронавирус болохыг зарласан юм. Энэ өдрөөс эхлэн манай улс урьдчилан сэргийлэх зорилгоор ЭМЯ-наас албан ёсны эх сурвалжийн мэдээллийг түгээж ирсэн бөгөөд ДЭМБ-ын эрсдлийн үнэлгээгээр Монгол Улс ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ хэмээх дүгнэлт гарч, төрийн байгууллагууд шаардлагатай арга хэмжээг авч байсан юм.
Тэгвэл Улсын Онцгой Комиссоос өнөөдөр Дорноговь аймагт тусгаарлагдаад байсан Франц Улсын иргэний шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарч, COVID 19 халдвараар өвчилсөн болохыг зарлалаа. Тодруулбал, “Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас 70 км-т орших “Бадрах Энержи” ХХК-ийн “Зөөгч-Овоо” ажилчдын байранд ирсэн Франц улсын 57 настай эрэгтэй халуурсан” гэх 3-р сарын 08-ны өдрийн дуудлагын дагуу орон нутгийн шуурхай албаныхан газар дээр нь ажиллаж, шинжилгээг ХӨСҮТ-рүү илгээсэн. Шинжилгээний хариу өнгөрсөн шөнө 02:00 цагт коронавирус илэрч, аймгийн Онцгой комиссоос яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна.
Тус иргэн 2020 оны 03-р сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод “Буянт-Ухаа” олон улсын онгоцны буудалд бууж, 3-р сарын 07-ны өглөө Сайншанд суманд галт тэргээр ирж, Улаанбадрах суманд байрлах “Зөөгч-Овоо” ажилчдын байр руу шууд явсан маршруттай байгаа бөгөөд ажилчдын байранд нь тусгаарласан аж. Дорноговь аймгийн Онцгой комиссын зүгээс коронавирусний халдвар илэрсэн иргэнтэй 1-р зэрэглэлийн хавьтагч иргэдийг тусгаарлаж, 2, 3-р зэргийн хавьтагчдыг илрүүлж, тусгаарлаж байна.
Мөн тус аймгаас орох, гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах, спорт зал, фитнесс, клубуудыг тодорхойгүй хугацаагаар хаах, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж өндөржүүлсэн бэлэн байдлыг эрчимжүүлэх, Улаанбадрах суманд байрлах “Зөөгч овоо” ажилчдын байранд пост нэмж, шаардлагатай хүнс, ахуйн хэрэглэлийн нөөцөөр хангах, аймгийн хүнсний нөөцийг судалгааг яаралтай хийж, хүнсний хомстлоос урьдчилан сэргийлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтэн нэгдсэн удирдлагаар хангуулахаар ХӨСҮТ-ийн нарийн мэргэжилтэн татан ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
Харин ард иргэд шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй байх, гарын болон ахуйн ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийх, амны хаалтыг хэрэглэх, үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа нэмэгдүүлэх, өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэний үүргээ биелүүлэхийг нийт ард иргэдэд анхаарууллаа. Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын үед улсын болон аймгийн Онцгой комиссоос гаргаж буй шийдвэр, онцгой байдлын дэглэмийг зөрчсөн ажилтан албан хаагч, иргэдэд хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болгоод байна.
Мөн Улсын Онцгой комиссоос COVID19 вирусээр халдварласан франц иргэний Монгол Улсад III дугаар сарын 2ны өдрөөс хойш явсан замын маршрутыг гаргасныг хүргэж байна. Уг маршрут дахь газарт тухайн цагт байсан иргэд өөрсдийн эрүүл мэндэд анхаарал хандуулж, Эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөө зөвлөмжийг дагахыг холбогдох албаныхан санууллаа.








