УОК: БНСУ-аас ирэх, очих бүх нислэгийг III сарын 02 хүртэл цуцаллаа


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2020.02.24/ Улсын онцгой комисст БНСУ-тай хийж байгаа нислэгүүдэд яаралтай арга хэмжээ авах чиглэлийг өгсөн билээ. Түүнчлэн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан БНСУ-ын нислэгийг ирэх гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хугацаанд зогсоох, хязгаарлах саналыг Улсын онцгой комисст хүргүүлсэн юм.
УОК-ын өнөөдрийн хуралдаанаар БНСУ-аас Монгол Улс руу ирэх, явах Инчеон болон Бусаны бүх нислэгийг маргаашнаас эхлэн гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоохоор шийдвэрлэсэн тухай УОК-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэв.
БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол өнөөдөр 10.00 цагаас хойш 70-аар нэмэгдэж нийт 833-т хүрснийг БНСУ-ын Халдварт өвчин судлалын төв өнөөдөр орон нутгийн цагаар 17.00 цагт мэдэгдсэн. Иймд БНСУ-аас Монгол Улсад ирэх агаарын тээвэр эрсдэлтэй гэж үзсэн тул УОК хуралдаж дээрх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр, МИАТ, Asiana, Korean air компанийн долоо хоногийн 18 нислэг бүрэн цуцлагдав. Харин дамжин өнгөрөх тээврийг Инчеоны буудлаас зохицуулахаар болсон байна.
Нийт 3668 хүн тасалбар авснаас 2504 хүн Монгол Улсад ирэхээр захиалжээ. Эдгээр иргэдийн захиалсан тасалбарын төлбөрийг буцаан олгох аж. Харин тэдгээр иргэн хорио цээр тавигдсаны дараа зорчих боломжоор хангахыг авиа компаниудад даалгажээ.

Мөн Монгол Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэнтэй холбогдуулан төрийн албан хаагчдын ажилласан байдал, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцсэн байна. Монгол улсын хэмжээнд улс, хотын чанартай автозамын зорчих хөдөлгөөнийг өчигдөр буюу цагаан сарын баярын битүүний өдрөөс хааж хяналтад аваад байгаа юм. Улсын хэмжээнд 336 хяналтын цэг байгуулж 832 алба хаагч 526 тээврийн хэрэгсэл ажиллаж байна. Ард иргэд алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж, хот хоорондын зорчихгүй, баярын өдрүүдэд гэр бүл, эрүүл мэндээ хамгаалж, цахимаар золгож иргэний нийгмийн үүргээ гүйцэтгэхийг Улсын онцгой комиссоос уриаллаа.



