Увс: Бөхмөрөн сумын ЕБС “Эцэг эхийн өрөө” байгуулж, 6 настануудын асуудлыг шийдвэрлэжээ
Жендэрийн үндэсний хороо нь 2018 оноос эхлэн жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар орон нутагт сайн туршлага бий болгох, улмаар үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхээр зорин ажиллаж байгаа билээ. Тус аймгийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар хэрэгжүүлж буй ажлын явц, үр дүнтэй танилцах зорилгоор Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр 2019 оны 12 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд, Аймгийн удирдлага Салбар дундын хамтын төлөөллийг хамруулан Увс аймгийн Улаангом сум болон Бөхмөрөн суманд ажиллаа. Увс аймгийн хувьд “Залуу малчин өрхийн бага насны хүүхдийн боловсролыг жендэрийн мэдрэмжтэй арга зүйгээр дэмжих” үйл ажиллагааг нэвтрүүлэн ажиллаж байна.
Д.Батсайхан: Хүүхдээ сургуульд сургана гээд гэр бүл гэдэг нийгмийн
хамгийн үнэтэй зүйлийг хохироож болохгүй
/Увс аймгийн Засаг дарга/
Манай аймагт “Хүүхэд хамгааллын хөтөлбөр” хэрэгждэг. Энэ хүрээнд хийгдсэн шинэ туршлага буюу Бөхмөрөн сумын Дунд сургуулийн дотуур байранд нээгдсэн “Эцэг эхийн өрөө” буюу 6 настай хүүхдийг сургуулийн орчинд дасгах ажлыг хийж байна. Энэ бол Монгол Улсын өнөөгийн нийгмийн нэг том тулгамдсан асуудлыг шийдэхээр оролдож, гарц зам хайж байгаа нь Бөхмөрөн сумын удирдлага, сургуулийн хамт олны зөв хандлагын илрэл юм. 6 настай хүүхдүүд сургуульд сурч эхэлсэнээс хойш нийгэмд олон сөрөг үр дагавар дагалдаж ирсэн. 6 настай хүүхдээ дагаад малчин өрхийн гишүүд 2 тусдаа амьдрах болж, үүнээс үүдэн гэр бүлийн маргаан гарна. Эхнэр сумын төвд гэр бариад ажилгүй, нөхөр нь хөдөө мал дээр ганцаараа. Цай хоолгүй өвдөж зовох, тусдаа хол байснаараа үүссэн маргааныг шийдэж чадахгүй гэр бүлүүд салах явдал мэр сэр гардаг. Энэ бол яах аргагүй хүүхдээ сургуульд сургах гэсэн гол зорилгоос үүдэн гэр бүл гэдэг нийгмийн хамгийн үнэтэй зүйлийг хохироогоод байгаа хэрэг юм. Тиймээс Монголын төр засаг энэ асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй.
Энэ бүхэн цаад утгаараа хөдөө мал маллах хүн олдохгүй болсон гэдэг нэг шалтгаан юм. Малчид байна гэдэг Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа гэж ярьдаг ч малчин өрх нь сум суурин луу нүүх шалтгаан болсон 6 настаны асуудлыг төрийн бодлогын хэмжээнд ярих ёстой. Гэр бүл хоёр тусдаа амьдарч нэг нь хүүхдээ сургах, нэг нь мал аж ахуйгаа авч явах гээд малчин хүний амьдралын чухал зүйлийг хоёр тусдаа байлгаад байна. Үүнийг манай Бөхмөрөн сумын дунд сургууль шийдэх гэж оролдсон байна. Эцэг эхийн өрөөтэй болсноор хэн нэг нь сумын төвд гэр бариад эсвэл байр түрээслээд тусдаа амьдрах шаардлагагүй болсон байна.
Хүүхэдтэйгээ хэд хоног амьдраад сурах нөхцөл бололцоог нь хангаж өгөөд буцах нь гэр бүлийн хоёрт ашигтай. Хамтдаа байж малаа маллаад явдаг энэ туршлагыг нэвтрүүлэх гэж 3 жилийн өмнөөс гарц хайж эхэлсэн байна. 6 настануудын аав ээж болох залуу малчид маань энэ санаачлагыг маш таатайгаар дэмжиж хүлээж авч байгаа. Гэр бүл хоёр тусдаа амьдрахгүй, хүүхэд нь янз бүрийн эрсдэлд орохгүй. Манай Бөхмөрөн сум маань 2018 онд Монгол Улсын тэргүүний сумаар шалгарсан. Баруун хойд хязгаарын ОХУ-тай хиллэдэг сум. Бөхмөрөн сумынхан ажилсаг, хөдөлмөрч хүмүүс байдаг. Санаачлагатай гэдгээ ч баталж чадлаа.
С.Дашням: Малчдын 6 настай хүүхдийг дотуур байранд дасан
зохицоход чиглэсэн ажил хийгдэж эхэллээ
/Увс аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга/
Манай Увс аймгийн 35 сургуульд 18 мянга орчим хүүхэд суралцаж байна. Эдгээр сургуулиудын дотуур байранд 3076 нь малчны хүүхэд амьдардаг. Олон улсын жишгээр 5-6 настай хүүхдийн ой тогтоолт хурдан, сэтгэхүйн хөгжил өндөр байдаг гэсэн судалгааг үндэслэн 2006 оноос манай улсын боловсролын салбарт өөрчлөлт хийгдэж, 6 настайгаас нь сургуульд сургах болсон. Гэхдээ 6 настай хүүхэд сургуульд явдаг болсон нь малчдын хувьд багагүй асуудал дагуулж ирсэн. 6 настай хүүхэд гэдэг аав ээжийнхээ өврөөс гараагүй, гэр орноосоо холдож үзээгүй учраас гэрээ санана. Айлд байлгахаар хувцсаа угааж чадахгүй, хичээлээ хийж чадахгүй, үсийг нь самнаж өгөх зэргээр халамж анхаарал шаардлагатай байдаг тул нөгөө айлын хүмүүст хүндрэлтэй. Аймаг, орон нутгийн удирдлагууд малчидтай уулзахад ярианы нэг гол сэдэв нь “6 настай хүүхдээ сургуульд сургах хэцүү байна” гэдэг.
Харин манай Бөхмөрөн сумын дунд сургуулийн хамт олны санаачлагаар малчдын 6 настай хүүхдийг дотуур байранд дасан зохицоход чиглэсэн ажлыг сүүлийн 3 жилээс хэрэгжүүлж ирсэн. Энэ хичээлийн жилд тэдний санаачлагыг олон нийтэд танилцуулахуйц болж чадсан байна. 6 настанууд дотуур байранд амьдрахад үүсдэг тодорхой бэрхшээлүүдийг шийдэх зорилгоор “Эцэг эхийн өрөө”-г байгуулсан байна. 6 настай малчны хүүхдийг сургуулийн орчинд дасан зохицуулах зорилготой тус өрөөг орон нутагт нь үйл ажиллагаа явуулдаг нүүрсний уурхайн компанитай холбогдож, нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулан 1 өрөөг бүрэн тохижуулж, айлын гэр шиг болгосон.
Энэ өрөөтэй болсноор 6 настай хүүхэдтэй малчин өрхийн хэн нэг нь сумын төвд нүүж ирэх шаардлагагүй болсон. Харин 6 настнуудын аав ээж нь ээлжлэн ирж, хүүхэдтэйгээ 7-10 хоног амьдарч, хичээлд нь явуулж, орой нь давтуулж, хувцас хунарыг нь угааж, сургуулийн орчинд дасан зохицоход нь тусалдаг болсон. Хүүхэд нь хичээлдээ явсан үед эцэг эхчүүд нь дотуур байрны “Ёс заншлын өргөө”-нд хичээлдээ яваагүй бусад хүүхдүүдэд монгол ёс заншил, ахуй амьдралын сургамжаас зааж өгнө. Мөн эцэг эхчүүдэд нь сумын эрүүл мэндийн төвийн эмч мэдээлэл өгч, хүүхдийн хүмүүжил, хоол тэжээлийн чанар, хүнсний ногоогоор хоол бэлтгэх зэрэг сургалтууд явуулдаг болсон нь маш үр дүнтэй ажил болж чадсан.
Д.Төмөр-Очир: Эхнэр сумын төвд, нөхөр хөдөө үлддэгээс болж
залуу малчид мал маллахаас татгалзах болсон
/Увс аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга/
Малчдын дунд тулгамдсан хэд хэдэн асуудал байдаг. Үүний нэг нь мэдээж 6 настай хүүхдийн асуудал. Хүүхдээ дагаж явсан эх, малаа дагаж үлдсэн эцэг. Хоёр тусдаа амьдарсан өрхийн орлого, залуу малчид мал маллахаас татгалзах, малчдын залгамж халааны бодлого алдагдах зэрэг асуудал аймаг сум бүрт байгаа. 6 настай хүүхдээ ээж нь голдуу дагаад явдаг. Ард нь ганц аав л үлддэг. Ганцаараа байна гэдэг хэцүү. Өглөө малдаа гараад орой гэртээ ирэхэд хоол ундгүй, хүйтэн гэр угтана. Тэрнээс болоод мал маллах сонирхол нь буурч байна.
Манай аймгийн хувьд 16-34 насны залуу малчин зонхилсон 4 сум байгаа. Малчдын зөвлөгөөнөөр 6 настай хүүхдийн асуудал нилээн хүчтэй яригдсан. Мэдээж малчны хүүхэд гэж ялгахгүй 6 наснаасаа сургуульд сурах нь зөв. Үүнийг өөрчлөх шаардлагагүй. Харин цаашид зөв зохицуулалтаар үргэлжлүүлэх ямар боломж байна, Засгийн газрын түвшинд юу хийвэл болох талаар санал солилцож зөвлөлдсөн. Бөхмөрөн сумын туршлага үнэхээр хэрэгжүүлж болохуйц туршлага. Сумын төвд хэн нэгэн нь нүүж ирж, өрх тусгаарлах шаардлагагүй. аав ээж нь дотуур байранд хэд хоног ирээд хүүхдээ халамжлаад буцна.
Олон жил яригдаж байгаа 6 настнуудын энэ асуудлыг зөв шийдчихвэал манай малчдын амьдрал ахуйд маш чухал, үр дүнтэй ажил болно. Тэр дундаа хөдөө аж ахуйн салбарт буюу мал аж ахуйн салбарт сайн үр дүн авчирна. Манай аймгийн хувьд гэхэд мал аж ахуй зонхилсон. Отор нүүдлийг 300 км-т хийдэг. Малчид маань үнэхээр тэсвэр тэвчээртэйгээр энэ хөдөлмөрийг эрхэлдэг. Хүн хүч их хэрэгтэй байдаг. Гэр бүлийн хоёр хүн хоёулаа хамтдаа байж, малаа малаад явбал тэдний ахуй амьдралд ч тустай. Мөн уламжлалт өв соёл маань ч хадгалагдаж, мал аж ахуйн салбарын хөгжил дэвшилд нөлөөлөхүйц, маш том үр дүнг авчирсан ажил болно гэж харж байна.
С.Батцэнгэл: 6 настануудад илүү их анхаарал халамж хэрэгтэй байдаг
/Увс аймгийн Бөхмөрөн сумын дунд сургуулийн захирал/
Боловсролын тогтолцооны шинэчлэлийн хүрээнд 6 настай хүүхдийг ЕБС-д сургаж эхэлсэн цагаас эхлэн эцэг эхчүүдтэй нь холбоотой асуудал яригдаж, хэрхэн шийдэж болох талаар бодож явсан. Манай сургуулийн дотуур байранд 100 гаруй хүүхэд амьдардаг. Ихэнх нь малчдын хүүхэд. Тэр дундаа залуу малчны 6-10 насны 54 хүүхэд амьдардаг. Сургуулийн дотуур байрыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр засварлаж, дотроо ариун цэврийн өрөө, угаалгын өрөөтэй болгож, хүүхдүүдийн ая тухтай байх нөхцлийг бүрдүүлж өгсөн. Харин 6 настай хүүхдийн хувьд илүү анхаарал халамж хэрэгтэй байдаг ч асрагч багш дутагддаг. Хувцсаа сайн өмсөж чадахгүй, үсээ самнаж чадахгүй, угааж арчиж чадахгүй нэг ёсондоо ээж аавынхаа өврөөс гараагүй шахам хүүхдүүд ирдэг. Тиймээс сумын Засаг даргын захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулан энэхүү дотуур байрны дэргэдэх “Эцэг эхийн өрөө”-г тохижуулсан.
Өмнө нь багш ажилчдын байр байсан байшинг засварлаж, “Номын өргөө” болгосон юм. Уг байрандаа энэхүү өрөөг бий болгон тохижуулж янзалсан. Бүрэн тохижуулсан нэг өрөөнд 6 настанууд ээж аавтайгаа хэд хоног амьдардаг. Дэргэд нь дахин нэг өрөөг тохижуулж байгаа. Энд дотуур байранд 2-3 хүүхэд нь амьдардаг айлын ээж аав ирж гэр бүлээрээ хэд хонох боломжийг бүрдүүлэх юм. “Эцэг эхийн өрөө”-г тохижуулснаар хүүхдүүд ялангуяа 6 настанууд гэрээ санаж, сурлагын хоцрогдол үүсдэг асуудал эрс багассан.
Гэр бүлийн гишүүд тусдаа амьдарснаар өрхийн эдийн засаг, хоорондын харилцаа зэрэгт сөргөөр нөлөөлдөг асуудлаас урьдчилан сэргийлэх, арилгах үүднээс энэ санаачлагыг сургууль дээрээ хэрэгжүүлэн ажиллаж байна. “Эцэг эхийн өрөө”-г сургуулийн дотуур байрны орчинд бий болгосноор тодорхой үр дүнгүүд гарч байна. Тухайлбал, багш нар эцэг эхчүүдэд хүүхдийнх нь сурлагын талаар танилцуулж, юунд анхаарах талаар нь хэлж өгснөөр хэд хоног хамт байхдаа хэлж яриад асуудлыг шийдэж болж байна. Мөн Увс аймгийн бүх сургуулийн дотуур байранд байгуулсан “Ёс заншлийн өргөө”-нд эцэг эхчүүд хүүхдүүдийг амьдрах ухаанд сургаж, монгол арга ухаанаас зааж байна. Залуу малчин өрхүүдэд чиглэсэн нийгмийн олон талт үйл ажиллагаа буюу эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ажлууд хийгдэж байна. Ээж аав нь ирээд 5-6 хоноод буцахад хүүхдийн сурлагын чанар дээшилж, ахиц гарч байна.
Эцэг эхчүүд ирэхдээ хүнсээ аваад ирнэ. Хэд хоног байрлахдаа хөргөгчиндөө хадгалаад, хоол ундаа хийж идээд, хүүхдийнхээ хичээл номыг нь хийлгэж, хувцсыг нь угааж цэвэрлээд, халамжлаад явж байна. Ер нь малчин хүний ажил гэдэг хамтын хөдөлмөр байдаг. Ганцаараа байх аргагүй. Залуу малчин өрх хүн бүл цөөтэй, гэтэл эхнэр нь сумын төвд ирнэ, магадгүй нөхөр нь хардаж элдэв асуудал үүснэ. Эсвэл малаа зараад сумын төвд хамтдаа амьдарч, ажилгүй хүмүүсийн тоог нэмдэг асуудлыг бага гэлтгүй шийдэе л гэсэн санаачлага юм даа.
Сургуулийн захирал ийнхүү өөрсдийн хийж байгаа ажлаа танилцуулсаны дараа “Эцэг эхийн өрөө”-нд биднийг очиход гурван хүүхэд хичээлээ давтаж “Ма-ра-л, сэ-рэ-х, хэ-рэ-м” гэх зэргээр үсэглэн уншиж дулаахан өрөөндөө хацар нь улаа бутаран сууцгааж байв.
“Хүүхдээ дагаад ээж нь сумын төвд амьдрах шаардлагагүй боллоо”
Энэ үеэр Увс аймгийн Бөхмөрөн сумын III багийн малчин Б. Тунгалаг хэлэхдээ “Миний нөхрийг Пүрэвдорж гэдэг. Ам бүл 6, 3 хүү нэг охинтой. Сургуульд 3 хүүхэд маань явж байгаа. Хамгийн том нь 7 дугаар анги, дараагийнх 4 дүгээр анги, дараагийнх нь 1дүгээр анги 6 настай. Бүгд л дотуур байранд амьдарч байна. 2 том хүүхдээ 1 дүгээр ангид сурч байхад дотуур байранд оруулаад , хүүхдийнхээ хувцсыг нь таньдаг айлын хүнийг гуйж угаалгадаг байсан тул заримдаа дургүйцнэ. Боломжгүй бол гэрлүүгээ хиртэй хувцасыг нь авч яваад хэсэг хугацааны дараа эргэж ирэхдээ авчирдаг байсан. Харин одоо өөрсдөө ирээд угааж цэвэрлэж өгчихөж байна. “Эцэг эхийн өрөө”-тэй болсонд үнэхээр баяртай байна. Хүүхдүүдээ эргэж, хамтдаа хооллож, бага хүүхдийнхээ хичээлийг давтуулж хэд хоноод л гэртээ харина. Энэ өрөө их сайхан тохь тухтай юм.
Зөвхөн өөрийнхөө хүүхдийг гэхгүй найз нөхдийг нь авчирч хамт тоглож, хичээлээ давтахад нь тусалж байна. Хүүхэддээ, хичээлд нь санаа зовдог байсан бол одоо санаа зовохгүй малаа тайван маллаж, эцэг эхчүүд бид ээлжилж ирээд хүүхдээ харж хандах боломжтой боллоо. Хүүхэд маань ээж аав нь ирээд байхаар гэрээ санахаа больсон байна. Өмнө нь хүүхдүүд маань “Аав, ээж нь хэзээ ирэх вэ. Гэрээ санаж байна” гэж утсаар байнга хэлдэг байсан. Одоо бол тэгж хэлэхгүй байна. Хөдөөгийн аль ч суманд энэ ажлыг хэрэгжүүлнэ гэвэл ээж аавууд дэмжинэ гэдэгт итгэж байна. Хүүхдээ дагаад ээж нь сумын төвд амьдрах шаардлагагүй боллоо. Нөгөө талаар гэртээ үлдсэн нөхөр өдөржин малд явж ирдэг, эхнэр нь байхгүй хоол цай ч үгүй, эрүүл мэндээрээ хохирч байгаа шүү дээ. Энэ ажлыг эхлүүлж, хүүхэдтэйгээ аятай сайхан хэд хонох боломжийг бүрдүүлж өгсөн бүх хүмүүст маш их баярлалаа.
Энэ үеэр хүүхдүүдээс цөөн асуултад хариулт авсан юм.
Б.Батбаатар: Багш нь гоё, багшийн хичээл заах гоё
-Миний дүүгийн нэрийг хэн гэдэг вэ. Өөрийгөө танилцуулж болох уу?
-Намайг Б.Батбаатар гэдэг. Миний аавыг Баянбат, ээжийг Оюунтуяа гэдэг. Би Увс аймгийн Бөхмөрөн сумын сургуулийн 1 дүгээр ангид сурдаг. Манай ангийн багшийг Ганзаяа гэдэг.
-Сургуульд сурах ямар байна. Гэрээ санаж байна уу?
-Гэрээ санахгүй байгаа. Сургууль гоё, хичээл нь гоё. Багш нь гоё, багшийн хичээл заах гоё.
–Том болоод ямар мэргэжилтэй хүн болох вэ?
-Эмч болно. Эмч хүн өвдсөн хүнийг эмчилдэг. Өвчтэй хүмүүсийг эрүүл болгоно.
-Гэртээ байхдаа хийх дуртай зүйл?
– Миний морийг шарга даага гэдэг. Уралдааны морь унаж, наадамд уралдах гоё. Гэртээ хонь хариулж, морио унаад явах гоё.
Э.Баялаг: Ээж маань уулзаж, хамт хонодог болохоор гоё
Намайг Баялаг гэдэг. Би 6 настай. Миний аавыг Эрдэнэчулуун гэдэг. Сургуульд сурах гоё, хичээл хийдэг. Анх сургуульд ирээд үзэг бариад юм бичих гоё байсан. “Мэргэн Монгол Ухаан” шүлэгнээс уншиж өгье.
… Хар ус самардаггүй
Хаалга алдалж зогсдоггүй
Хайч ангайлгаж тавьдаггүй
Хайлган Монгол ухаан
Сав хоосон буцаадаггүй
Санаснаа биелсэнд тооцдоггүй
Сар өдрийг товлодоггүй
Саруул Монгол ухаан
Уурган дээгүүр алхдаггүй
Усанд ам гардаггүй
Утас зангидаж өгдөггүй
Уужим Монгол ухаан…
Энэ шүлгийг сургуульд ирээд сурсан. Би сургуулийн Бүжгийн аварга шалгаруулах тэмцээнд орж, бий биелгээ, задгай цагаан бүжиг хийж шагнал авсан. Гэрээ санахгүй байгаа. Ээж маань ирж, хамт хонодог болохоор гоё. Ээж бид хоёр ном уншсан, ээж хичээл давтуулдаг, аав хөдөө мал хариулж байгаа. би аавдаа хайртай. Удахгүй сургууль амрахаар гэртээ очино.
Т.Төртогтох: Бусад аймаг сумдууд Бөхмөрөн сумын энэ
туршлагыг нэвтрүүлэх бүрэн боломжтой
/Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг дарга/
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах ажлын хүрээнд Увс аймгийн Бөхмөрөн суманд малчин өрхийн 6 настай хүүхдэд бага боловсрол олгоход үүсч байгаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр 2016-2019 оны Засаг даргын мөрийн хөтөлбөртөө хийх ажлуудыг тусгасан. Энэ хөтөлбөр маань өнөөдөр биелэлээ олж, сургуулийн дотуур байрыг түшиглэсэн “Эцэг эхийн өрөө”-тэй боллоо. Хөтөлбөрийн үр дүн болж Бөхмөрөн сум маань 2017-2018 оны ажлаараа “Увс аймгийн тэргүүн”, 2018-2019 оны ажлаараа “Улсын тэргүүний сум” боллоо.
2018 онд Азийн хөгжлийн банкны 490 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургуулийн дотуур байрыг засаж, 75 хүүхдийн дотуур байр маань 100 хүүхэд хүлээн авах чадалтай болсон. Манай ЕБС-ын захирал, багш ажилчдын санаачилсан 6 настай хүүхдийг сургуулийн орчинд дасгах ажил нь үр дүнгээ өгч байгааг харж байна. “Эцэг эхийн өрөө” байгуулах ажил маань яах аргагүй нийгмийн шаардлага байсан. Малчин хүний малаа маллаж байгаад ирэхэд халуун дулаан орчин, хоол ундтай гэр бүлийн хүн нь хүлээж байвал хичнээн сайхан. Гэтэл эхнэр нь хүүхдээ дагаад суманд суурьшиж байгаа асуудал бол үнэхээр байж боломгүй зүйл. Учир нь малчин хүн хамтын хөдөлмөрийн үр шимийг хүртэж амьдардаг ч 6 настай хүүхдүүдээ дагаад сумын төвд гэрээрээ нүүж малаа маллахаа больж байна. Энэ санаачлага маань Жендерийн үндэсний хорооны зүгээс сайн туршлагаар сонгогдон Засгийн газрын түвшинд танилцуулагдах болсонд үнэхээр баяртай байна. Бусад аймаг сумдууд Бөхмөрөн сумын энэ туршлагыг нэвтрүүлэх бүрэн боломжтой.
М.Давааням: Малчдын нийгмийн асуудлыг шийдсэнээр мал аж ахуйн
үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг дэмжсэн ажил боллоо
/Увс аймгийн Хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн/
Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын хүрээнд манай аймаг “Малчин дэд хөтөлбөр” боловсруулан ажиллахдаа “Малчдын зөвлөгөөн 2019” арга хэмжээг зохион байгуулсан. Энэ үеэр малчдаас 6 настай хүүхдийг сургуульд хамруулах, малчин өрхийн гэр бүлийн хамтын хөдөлмөр, жендерийн харилцааны асуудлыг хэлж байсан. 6 настай хүүхдийг сургуульд ороход нэг нь төв суурин явж, нөгөө нь нутагтаа үлдсэнээр малчин өрхийн жендэрийн харьцаа алдагдаж, үүнийгээ дагаад эдийн засгийн алдагдалд ордог гэдгийг онцолж байсан. Малчин өрхийн гишүүд хоёр тусдаа амьдарч байгаа нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, гэр бүлийн бат бөх байдалд нөлөөлж байсан. Энэ туршлагыг бүх орон даяар туршлага болгон түгээвэл малчдын нийгмийн асуудлыг шийдэж нөгөө талаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг дэмжсэн чухал ажил боллоо. Увс аймгийн Бөхмөрөн сумын дунд сургуулиас санаачлан хүүхдийн дасан зохицох өрөөг бий болгосон нь маш том ажлын эхлэлийг тавьж байна. Хүүхдийг эцэг эхтэй нь 5-7 хоног хамт байлгаж, сургуульд дасгах байрыг бий болгосон нь улс орон даяар нэвтрүүлэхүйц сайн туршлага болж чадна.
Б.Алтантуяа: Хүүхдээ сургуульд ороход манайх гэрээрээ суманд очиж
нэг жил амьдардаг байлаа
/С.Бургиагийн гэргий/
Манай 4 хүүхэд дотуур байранд сурч байна. Өмнөх 3 хүүхдээ сургуульд ороход малаа айлд үлдээгээд гэрээрээ нүүдэг байсан бол одоо ажил амьдралаа хэвийн үргэлжлүүлж 4-5 хоногоор л хүүхэд дээрээ очоод ирж байна. Бага хүүхэд 6 настай. Энэ жил дотуур байранд амьдарч эхэлсэн. Дотуур байрны “Эцэг эхийн өрөө” их гоё санагдсан. Хүүхэд маань үнэхээр сайн сургуульдаа дасаж байна. Хүүхдээ аваад хоноход их тухтай байдаг.
Саяхан очиж хэд хоносон, дулаахан сайхан байр болсон байна лээ. Хэрвээ тэр байр байгаагүй бол нэг нь мал дээрээ үлдэх, нөгөөх нь хүүхдээ аваад сум орох байсан. Ар амьдрал хаягдах байлаа. Харин одоо малчин бидэнд ач тусаа өгсөн маш сайхан ажил болоод байна. Заавал тусдаа явах эсвэл гэрээрээ нүүхээргүй боллоо. Нүүж очих боломжгүй бол айлд гуйж үлдээдэг араас нь санаа зовоод байж сууж чадахгүй их л хэцүү санагдах байсан. Хөдөөгийн сумын сургуулийн дотуур байранд “Эцэг эхийн өрөө” байгуулчихвал маш олон малчдад тус дэмтэй ажил болно.
П.Нарандэлгэр