ХАА-н салбарЭдийн засагФото сурвалжлага

“Хариуцлагатай нүүдэлчид” цахим систем олон улсын зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлнэ

“Хариуцлагатай Нүүдэлчид”- Малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн мөшгих систем”-ийн оролцогч талуудын уулзалт өнөөдөр боллоо. Энэхүү уулзалт нь “Монгол малын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, брэнд хөгжүүлэлтийн түүхийг бүтээн баталгаажуулах” зорилготой юм. Уулзалтын эхэнд Ногоон Алт Малын эрүүл мэндийн төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан ШХА–ийн НАМЭМ төслийн талаар товч мэдээлэл өгсөн.

Тэрбээр хэлэхдээ “Ногоон алт малын эрүүл мэнд төсөл /НАМЭМ/ анх бид судалгааны жижиг төсөл хэрэгжүүлж эхэлсэн.  14 жилийн дараа гэхэд энэ ажил маань маш том төсөл болсон байна. Ногоон алт төслийн гол зорилго бэлчээр, байгалын экосистемийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилгоосоо хэзээ ч ухарч байгаагүй. Яагаад бэлчээрийг зөв зохистой ашиглах талаар анхаарлаа хандуулан ажиллаж байгаад малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо руу орчихов. Манай Монгол Улсын газар нутгийн 70 хувийг эзэлдэг мал аж ахуйн салбарын экосистемийн тогтвортой ашиглалт бүрэн бүтэн байдлыг хадгалах гэж хичээж ажиллах явцад бидний өнөөдөр хэрэгжүүлж байгаа энэ төслүүдийн санаануудыг олсон юм.

Бэлчээрийн мал аж ахуйн үндсэн суурь асуудал нь хаана байна вэ гэдэгт анхаарал хандуулсан энэ төслийг бид 2006 онд эхлүүлж байсан. Тэр үед Монгол Улсын мал аж ахуйн салбар, түүхий эдийн бэлтгэн нийлүүлтийн тогтолцоо алдагдсан байсан. Энэ бүх шалтгаанаас үүдэн малын тоо толгой эрс нэмэгдсэн. Энэ маань удаан хугацаагаар үргэлжилж бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашигласанаар бэлчээр доройтсон. Бэлчээр доройтсоноор нэг малаас авах ашиг шим буурч, малчдын орлого багассан тул малынхаа тоог өсгөх болсон. Энэхүү урт хугацааны үр нөлөөнөөс малчид малаа алдаж, ядууралд өртөж, манай улсын хүнсний аюулгүй байдал алдагдсан. Энэ тойрогт эргэлдсээр удсан.

2000 онд Ногоон алт төсөл  хэрэгжиж эхлэх үеэр 14 сая малыг нэг өвлийн зуднаар алдаж байсан. Олон зуун малчид ядуурсан. Тэр үеэс эхлэн хотыг чиглэсэн их нүүдэл эхэлсэн. Энэ түүхийг мартах ёсгүй. Энэ асууддлыг  шийдээгүй цагт хөдөөгийн хөгжил, бэлчээрийн доройтол, гадаад зах зээлд гарах талаар ярих боломжгүй. Тиймээс эдгээр шалтгаанууд Ногоон алт төслийг өргөжүүлэх хөшүүрэг болсон. Маш олон асуудлыг шийдвэрлэх зорилгоор НАМЭМ төслийн хүрээнд 15 орчим төслийг хэрэгжүүлж байна. Ирэх жил НАМЭМ төсөл дуусахад энэ бүх тогтолцоо Монгол улсад үлдэнэ” хэмээн онцолсон юм.

Уулзалтын үеэр Мөшгин системийн програм хөгжүүлэлт, бүтэц, зохион байгуулалт, мэдээллийн бааз, ажиллах горимын талаар Дижитал Медик Компаний Гүйцэтгэх Захирал М.Амартогтох, Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны системийн оператор Л.Ганцогт нар мэдээлэл өгсөн.

Үргэлжлүүлэн ЧайнПойнт Компанийн бизнес хөгжлийн мэргэжилтэн Александр Эллебрехт  “Хариуцлагатай нүүдэлчид” системийг хэрхэн олон улсын худалдааны платформтой холбож байгаа тухай, худалдан авалт хийх горим, үйл ажиллагаа, ашиглалтын талаар мэдээлэл өгсөн.

Түүнчлэн Жинст Мөрөн Компанийн Гүйцэтгэх Захирал Г.Амарболд энэхүү системийг ашиглан түүхий эдийг ашиглан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож буй үйлдвэрлэгчид ямар үр дүн гарч байгаа талаар, Завхан аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал С.Гүррагчаа Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын “Алтан авдар” хоршооноос нийлүүлсэн хонины махны мөшгих системийг үйлдвэрлэгчид нийлүүлж байгаа туршлагын талаар, ВитаФит Сүү Компанийн Гүйцэтгэх Захирал Т. Сайнбилэг Төв аймгийн Борнуур сумаас нийлүүлсэн үнээний сүүний мөшгих систем хөгжүүлэлтийн талаарх мэдээлэл хуваалцсан юм.

Энэ үеэр уулзалтад оролцогчдын сэтгэгдлийг сонслоо.

Бенуа Mейэр-Биш: Энэ системийг тогтвортой хөгжүүлэхэд хувийн компаниудын оролцоо их чухал үүрэгтэй

/ШХА-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын орлогч захирал/

ШХА-ийн НАМЭМ төслийг 15 гаруй жил хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд 30 сая орчим ам.доллар зарцуулсан. Төслийн маань гол зорилго бол бэлчээрийн зөв зохистой ашиглалтыг дэмжих, малын гаралтай түүхий эдийг дэлхийн зах зээлд гаргахад дэмжих, малын эрүүл мэндийг дэмжих гэсэн гурван  үндсэн чиглэлээр хэрэгжиж буй. Мэдээж  Монголын  хувьд бэлчээрийн мал аж ахуй болон бэлчээрийн асуудал нь нийт газар нутгийн 70 гаруй хувийг эзэлдэг маш чухал салбар. Энэ салбарт 200 мянган гаруй малчин өрх ажиллаж амьдарч байгаа. Цаашид малчин өрхийн амьдралын баталгаа, орлогын асуудал чухлаар тавигдана.

Бид бэлчээрийн зүй зохистой ашиглалтыг нэмэгдүүлэх чиглэлээр маш олон ажил хийлээ. Малын эрүүл мэндийг сайжруулах, малын эрүүл мэндийн мөшгих системийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаа. Энэ хоёр дүнг нэгтгээд дэлхийн зах зээл дээр Монголын малын гаралтай бүтээгдэхүүний чанар үнэлэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр “Хариуцлагатай  нүүдэлчид” гэсэн цахим системийг бий болгож байна. Энэхүү малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлтийн цахим системийг хөгжүүлэх ажил 2 дахь жилдээ хэрэгжээд явж байна. Мэдээж энэ ажлуудыг бид санаачилсан ч гэлээ үүнийг авч яваа хүмүүс нь Монголын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд. Тухайлбал, ХХААХҮЯ,  ГХГЗЗГ, УЦУОШГ, Байгаль орчны хяналтын алба, МБАНХ, үйлдвэрлэчид.

Бидний энэ эхлүүлсэн ажлыг тогтвортой авч явснаар дэлхийн зах зээл дээр Монгол Улсын малын гаралтай бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээн борлуулах боломжтой болно. Тэр хэмжээгээр Монгол Улсын нийгэм эдийн засагт оруулах хувь нэмэр, үр ашиг нэмэгдэнэ. Малчдын орлого, үйлдвэрт ажиллагсадын цалин хөлс нэмэгдэх зэрэг маш олон давхар үр дүнг авчирах төсөл юм. Ийм төслийг санхүүжүүлсэндээ үнэхээр их баяртай байна. Монгол талын байгууллалагуудын оролцоо энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг дахин хэлмээр байна.

Системийн суурь мэдээллийн бааз маань олон жилийн туршид хөгжиж, арвижиж ирсэн. Одоогийн байдлаар энэ системийн хүрээнд хэд хэдэн  бүтээгдэхүүн дээр туршиж үзсэн. Үүнээс харахад хувийн байгууллагууд энэ системийг ашиглаад явах бүрэн боломжтой.  Малчдын түвшинд бэлчээр эрүүл байх ад анхаарах ёстой. Бэлчээр эрүүл бол мал нь эрүүл. Эрүүл малаас авах ашиг шим өндөр байна. Тэр утгаараа  орон нутгийн түвшинд бэлчээрийн менежментийг зөв зохистой зохион байгуулж, малчдыг хамруулах, малын эрүүл мэндийн  тогтолцоог сайжруулах чиглэлээр нилээдгүй ажил хийгдсэн.

Тодорхой ажлууд цаашид бие даан хөгжих боломжтой. Зарим нэг системийн бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхой хэмжээнд дэмжих, туслалцаа үзүүлэх, орон нутгийн байгуулагуудын чадавхийг сайжруулах ажлууд хийгдээд явж байна. Дүгнээд хэлэхэд, энэ системийг тогтвортой хөгжүүлэхэд хувийн компаниудын оролцоо их чухал үүрэгтэй. Хувийн байгууллагууд энэхүү гарал үүсэл нь баталгаажсан системийг ашиглан  эрүүл аюулгүй, байгаль орчинд ээлтэй түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлэх боломжтой болж байна. Нөгөө талаар нийтийн эрх ашгийг хамгаалах, бэлчээрийг талхлахгүй байх, мал нь эрүүл байх зэрэгт төрийн үүрэг оролцоо чухал. Тиймээс төр, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хэн нь ямар үүрэг хариуцлага хүлээх зэрэг тодорхой асуудлуудыг шийдэх ажил хийгдэж байна.

Мэдээж энэ системийг цаашид тогтвортой үргэлжлэхийн тулд бүх оролцогч талуудын  хамтын ажиллагаа, үүрэг хариуцлагаа хувааж авах зэрэг ажил шийдвэрлэгдэнэ. Энэ системийг тогтвортой байлгахын тулд Швейцарын хөгжлийн агентлагийн НАМЭМ төсөл дахин нэг жил ажиллах хугацаа байна. Жилийн дараа энэ асуудлууд илүү тодорхой шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.ъ

Марсель Верстаппен: Бидний туршилт амжилттай болсон учраас энэ жил илүү нарийвчлан ажиллаж байна

/ЧайнПойнт компанийн ахлах зөвлөх, Програм хөгжүүлэлтийн инженер/

ЧайнПойнт /ChainPoint/ компани маань 20 орчим жилийн түүхтэй. Анх Ногоон алт төслөөс тавьсан саналыг хүлээн авч энэ төслйиг эхлэхдээ олон улсын түвшинд ажилладаг бүх байгууллагуудтай холбогдож мэдээлэлтэй болсноор хамтран ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн жилийн 6 сард бид ирээд жижигхэн туршилт хийгээд төслийг эхлүүлээд явсан. Бидний туршилт амжилттай болсон учраас энэ жил түүнийгээ өргөжүүлэх, ямар тоон мэдээллийг яаж харуулах гэдэг дээр илүү нарийвчлан ажиллаж байна. Энэ бүх ажлыг шийдвэрлэхдээ Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Ногоон алт малын эрүүл мэнд төсөлтэй нягт уялдаатай ажиллаж байна. Цаашид бид энэ системийг ямар байдлаар олон улсын худалдан авагчдад харуулах вэ, ямар тоон мэдээллүүд гарч ирэх вэ,   түүнийгээ баталгаажуулах зэрэг тал дээр анхаарч, хамтран ажиллах болно.

Г.Амарболд: Малын гаралтай түүхий эд ямар хөдөлмөрөөр бүтээгдэхүүн болдог гэдгийг батлах боломж олдлоо

/“Жинстмөрөн” ХХК-ын захирал/

Манай  компани Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг.  Бид ШХА-ийн НАМЭМ төслийн хүрээнд орон нутгийнхаа түвшинд RMTS системийг нэвтрүүлэн ажиллаж байна.  Тодруулбал, малчны хотоос хэрэглэгч хүртэлх QR код буюу гарал үүсэл нь тодорхой бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн системийг зах зээлд нэвтрүүлж байна. Малчны хотноос гарсан малын гаралтай түүхий эд ямар шат дамжлагаар дамжаад эцсийн хэрэглэгч хүртэл ямар шударга хөдөлмөрөөр бүтээгдэхүүн болж байна вэ гэдгийг батлан харуулах боломж олгож байна.

Энэ системийн хүрээнд хэрэглэгчдэд ойлгомжтой байдлаар гарал үүсэл нь баталгаажсан  сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж эхэлсэн. Мэдээж системийг нэвтрүүлэхэд эхэндээ ойлгохгүй зүйлс байсан ч программ дээр ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, малчдад энэ систем ямар ашигтай вэ гэдгийг илүү сайн ойлгуулах чиглэлийн ажлууд хийгдсэн. Мөн боловсруулах  үйлдвэрт ямар ашигтай вэ, ямар нэгдсэн гарцаар  дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлэгдэх зэргийг илүү тодорхой ойлгомжтой болгосон учраас харилцан ашигтай байж чадсан.

С.Гүррагчаа: “Хариуцлагатай нүүдэлчид” цахим системд манай аймгийн малчдын мэдээлэл орох боломж бий болсон

/Завхан аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн/

2017-2018 онд манай Завхан аймгийн дөрвөн суманд загвар болгон Малын эрүүл мэндийн мөшгих тогтолцоо хэрэгжиж эхэлсэн. Энэ ажлын үр дүнд 2019 оны Завхан аймгийн нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлд мөшгих тогтолцоог аймгийн хэмжээнд хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар Завхан аймгийн хэмжээнд цахим системээр нийт 2666 малчин өрх бүртгэгдсэн. Эдгээр малчид энэ системийг ашиглан малын түүхий эдээ зах зээлд гаргасан байна. Энэхүү хэрэглэгч болон үйлдвэрлэгчдэд зориулсан цахим системийг ашиглан зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах,  боломж нээгдсэнд үнэхээр баяртай байна. Түүнчлэн мөшгих тогтолцооны нэг гол үзүүлэлт болох “Хариуцлагатай нүүдэлчид” цахим системд манай аймгийн малчдын мэдээлэл орох том боломж бий болсон.

В.Болормаа: “Хариуцлагатай  нүүдэлчидцахим систем бол маш эрэлт хэрэгцээтэй, зөв зүйтэй ажлын эхлэл

/ХХААХҮЯ-ны Хөнгөн үйүлдвэрийн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн В.Болормаа/

Монгол орон бол мал аж ахуйг түшиглэн хөгжсөн. Тиймээс малын гаралтай нөхөн сэргээгддэг үнэт түүхий эд болсон ноос ноолуур, арьс шир, мах, сүү зэргийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг түүхий эдээр хангах, ард иргэдийн хүнсний хэрэгцээг хангах зэрэг өргөн хүрээний ажлуудтай ХХААХҮЯ -ны  бодлого уялдаж ажиллаж ирсэн. Монгол Улсын хэмжээнд 9,5 мянган тонн ямааны ноолуур, 35 мянган хонины ноос, 1,7 мянган тонн тэмээ торомны ноос, 300 тонн сарлагийн хөөвөрийн нөөц байгаа.

Тэгвэл сүүлийн жилүүдэд байгаль орчинд ээлтэй, гарал үүсэл нь тодорхой түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүсдэг болсонтой холбоотойгоор “Хариуцлагатай нүүдэлчид”  төслийг ШХА-ийн НАМЭМ төслөөс хэрэгжүүлж байна. “Хариуцлагатай  нүүдэлчид” цахим систем бол маш эрэлт хэрэгцээтэй, зөв зүйтэй ажлын эхлэл гэж харж байна. Өнөөдөр бэлчээрийн доройтол болсон, дэлхийн дулаарал нөлөөлж байгааг эрдэмтэн судлаачид хэлж байна. Тиймээс малын тоо толгойг зохистой хэмжээнд барих, түүхий эдийг аль болох өртөг шингээн зах зээлд гаргах бодлогыг салбарын яамнаас авч хэрэгжүүлж байна.

Түүхий эдийнхээ 70-80 хувийг зөвхөн угаагаад экспортолдог байсан бол 2018 оноос “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр түүхий эдийн бүрэн боловсруулалтыг 60 хувь хүртэл нэмэгдүүлэх томоохон зорилго тавин ажиллаж байна. Учир нь түүхий эдийг ямар нэгэн өртөг шингээхгүй, экспортын татвар авахгүй гаргаж байгаа нь эргээд улс орны нийгэм эдийн засаг, бэлчээр нутгаа нөхөн сэргээх зарцуулах мөнгө хүрэлцэхгүй байгаатай холбогдож байна. Тиймээс аль болох нэмүү өртөг шингээх чиглэлд анхаарснаар бэлчээрийг нөхөн сэргээх ажлыг хийж  хэрэгжүүлэх боломж нэмэгдэнэ.

Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнээр малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлтийн системийн нэгдсэн  тогтолцоо алдагдсан байсан. Тэгвэл ШХА-ийн  НАМЭМ төсөл хэрэгжиж байгаа аймаг сумдууд, Бэлчээр ашиглагчдын хэсэг бүлэг, МБАНХ  болон түүн дээр суурилсан түүхий эд бэлтгэлийн хоршоод, цахим бүртгэлийн энэхүү систем маш чухал  үүрэг гүйцэтгэнэ. Яг одоогоор малын гаралтай түүхий эд болох ноос ноолуур, хөөвөр бэлтгэлийн цахим систем 5 аймгийн 28 суманд нэвтрээд байна. Үүнийг улсын хэмжээнд бүрэн хамруулах шаардлагатай. Ингэснээр түүхий эдийн гарал үүсэл  баталгаажиж, эрүүл бэлчээрт идээшилсэн эрүүл малыг хэн гэдэг малчны хотоос бэлтгэн нийлүүлсэн гэдгийг харах боломжтой болж, улсын хэмжээнд түүхий эд бэлтгэлийн цахим систем нэвтрэх юм.

Уулзалтын төгсгөлд “Хариуцлагатай Нүүдэлчид”- Малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн мөшгих систем”-ийн оролцогч талуудын санал зөвлөмжийг тусгах зорилгоор системд хэрхэн бүртгүүлэх, ашиглалт, системийн менежмент, тогвортой байдал зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.

Мөн Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх төв, ВитаФит Сүү ХХК, Төв аймгийн Мал эмнэлгийн газар, Сүмбэр сумын Засаг дарга нар Сүүний мөшгих системийг Төв аймгийн Сүмбэр суманд өргөжүүлэх хэрэгжүүлэх төсөлд гарын үсэг зурах ёслол болж, үйлдвэрлэгчдын бүтээгдэхүүний дээжээс танилцуулсан үзэсгэлэн дэлгэгдсэн.

Түүнчлэн энэхүү уулзалтын үеэр Хариуцлагатай нүүдэлчид цахим системийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлж, цахим системийн үйл ажиллагаанд зориулсан төхөөрөмжийг Мах маркет компанид гардуулан өгсөн юм.

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close